Ё.Лхагвасүрэн: УЛСЫН ТӨСВӨӨС ИЛҮҮ МӨНГӨ ГАРГАСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

31Цагдаагийн байгууллагын албан хаагчид өчигдрөөс шинэ дүрэмт хувцсаа өмсөн, үүргээ гүйцэтгэж эхэллээ. Өнгөрөгч 2013 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хувцасны шинэ загварыг баталсан. Үүний дагуу энэ сараас цагдаагийн албан хаагчдад шинэ загварын хувцсыг нь өгч эхэлсэн ба эхний ээлжинд хувцсаа хүлээж авсан Замын цагдаагийн болон Хэв журмын албан хаагчид шинэ хувцастайгаа үүргээ гүйцэтгэж байна. Шинэ дүрэмт хувцсыг Турк улсад үйлдвэрлүүлсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгүй, бодлогогүй алхам болсон, Монголдоо үйлдвэрлэчих юмыг их хэмжээний мөнгө зарж гадаадад хийлгэлээ гэсэн шүүмжлэлийг мөн дагуулж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Цагдаагийн албан хаагчид шинэ дүрэмт хувцастай үүргээ гүйцэтгэж байна. Гадуур янз бүрийн сөрөг мэдээллүүд нэлээд яригдаж байна?
-2007 оноос хойш Цагдаагийн байгууллага шинээр хувцас хийгээгүй. Хуучин хийж байсан хувцасныхаа нөөцийг энэ он хүртэл шавхаж дуусаад цагдаагийн албан хаагчид Төрийн тусгай үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хувцас тусгай хэрэглэлээр хангах журмын дагуу шинэ хувцастай болж байна. Үүнийг хийлгэх мөнгө төгрөг нь ч уг хангалтад байдаг. Их хэмжээний мөнгөөр хийлээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй гэж яригдаж байна. Улсын төсвөөс илүү мөнгө гаргасан зүйл байхгүй. 2000 онд цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын китель хувцас нэг бүр нь 97000 төгрөгөөр үйлдвэрлэгдээд гарч байсан одоогийн зах зээлийн үнээр бол нэг хүрэмний үнэ хүрэхгүй. Энэ шинэ хувцас 107 мянган төгрөгийн өртөгтэйгээр үйлдвэрлэгдсэн. Материал чанарын хувьд урьд хэрэглэж байсан хувцаснаас хамаагүй сайжирсан. Өнгө, үзэмж, загварын хувьд дэлхийн стандартад жишиж очсон, дэлхийн хууль сахиулах байгууллагуудын загвартай эн тэнцүү хувцас байгаа.

-Монголд үйлдвэрлэж болоогүй юм уу. Ямар нэгэн асуудал байсан юм уу?
-Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж 7000 хувцсыг хийлгэх санал тавьсан. Гэтэл нэг бүрийг нь 150 мянган төгрөгөөр оёно. Ирэх долдугаар сарын 10-ны өдөр эхний компани нь үйлдвэрлэсэн хувцсаа нийлүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр нь Турк руу хандаж, нэг хувцсыг гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал зэргийг оруулаад 107 мянган төгрөгт багтаан хийлгүүлж, хугацаандаа буюу энэ сард хүлээж авахаар тохиролцсон. Гэхдээ бид өмнө нь үндэсний компаниудаар хувцсаа хийлгэж байсан. Жишээлбэл, гутал нь гадаадаас авч буйтай ижил үнэтэй атлаа эдэлгээ муутай, өмсөөд гүйх нь битгий хэл алхахад хүнд байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих