Австралид сургалтанд зуучилдаг “Нью Войс” луйвар хийдэг

Сүүлийн үед монголчууд Австралид хэлний сургалтанд олноороо явах болсон. Зуучилдаг компани ч олширсон. Гэсэн тэдгээрийн зарим нь нэлээд “но”-той аж. Иргэн Б гэдэг охин “Нью Войс” компаниар зуучлуулан Австралийн Сиднес хотод англи хэлний бэлтгэлд явах болж 25.7 сая төгрөг төлжээ.

Үүнээс 14410 доллар нь сургалтын төлбөр, айлд суулгах хөлс нь 1550 доллар гэх зэргээр төлснөөс гадна зуучлагч компанидаа 1500 доллар өгч. Эндээс явахад нь Сиднейн “Инглиш лангвиж” сургуульд сургана хэмээн танилцуулга хийсэн гэнэ. Гэтэл тэнд очоод “Стратфильд” гэдэг коллежид оруулж. Уг коллежийн төлбөрд 8260 австрали доллар төлөгдсөн байсанд иргэн Б илүү өгсөн 6150 доллароо буцаан өгөхийг шаардаж. Харин “Нью Войс” нь мянган доллар өгөөд л бусдыг бид суутган авсан тэр  нь манай ашиг ухааны юм ярьсан гэнэ.

Тус компани нь “Стратфильд” коллежтэй гэрээтэй ажилладаг агаад суралцагч зуучилж өгсөний урамшуулалд сургалтын төлбөрийн 30 хувийг бидэнд олгодог хэмээн хүлээж аваагүй гэнэ. Ингээд арга буюу шүүхэд ханджээ. “Нью Войс” анхнаасаа “Инглиш лангвиж”-д суралцуулна гэж гэрээ хийсэн атлаа шал өөр сургуульд оруулсан. Түүнээс гадна хоёр сургуулийн сургалтын чанар стандартын зөрүү мэдээж гарч.

Иргэн Б 14410 долларын хэмжээний сургалт, сурах орчин нөхцлөө нэхэх нь зүй ёсных атал “Нью Войс” нь 8260 долларын коллежийг тулгасан байж. Үүнийг нь хууран мэхэлсэн гэж үзэж ч болох юм. Тэгээд хүн илүү төлсөн бол буцаан олгох нь зүйн хэрэг. Шүүх “Нью Войс” ыг илүү авсан мөнгөө буцаан төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэ нь гадаадад англи хэл сурах гэж байгаа залуусд сургамжтай хэрэг болж. Анхнаасаа гэрээгээ сайн хийж тохирч явахгүй бол хүний нутагт очоод энэ мэтээр хохирч магадгүй болжээ.

 

WORD.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих