Хог тээвэрлэлт, шуудай, бээлий, маск авах зардалд 27,9 сая төгрөг зарцуулсан
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас бүх нийтийн их цэвэрлэгээний талаар тодруулга авлаа.
-Дүүргийн хэмжээнд зохион байгуулсан их цэвэрлэгээнийхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэл, дүүргээс жил бүр хаврын улиралд зохион байгуулдаг цэвэрлэгээний ажил эхэлсэн. Уг ажлын үрээнд Сүхбаатар дүүрэг нутаг дэвсгэрийнхээ хүрээнд энэ сарын 4, 5-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулаад байна. Их цэвэрлэгээний ажилд 1860 аж ахуйн нэгж, 16 их, дээд сургуулийн 2100 гаруй оюутан залуус, 600 орчим ажилгүй иргэд хамрагдаж нийтийн эзэмшлийн гудамж талбай, Сэлбэ голын ай сав, далан, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн.
-Цэвэрлэгээний ажилд оролцсон хүмүүсийг урамшуулсан уу. Ер нь аль хэр их хог хаягдал гарсан бэ?
-Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж гарган хавсралтаар оюутан, залуус, ажилгүй
иргэдийн цэвэрлэх гудамж талбайг хуваарилсан. Хамрагдсан хүмүүст цэвэрлэгээний материал шуудай, бээлий, маск зэргийг дүүргээс тараасан. Хөделмөрийн хэлтсээс ажилгүй 600 иргэдийг түр ажлын байраар ханган өдрийн 22000 төгрөгийн урамшуулал олгосон байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд гадна орчныхоо 50 м газрын цэвэрлэгээг хийсэн. Цэвэрлэгээний үеэр хог тээвэрлэгч байгууллагуудын 46 машин, 3 ковш, хог тээвэрлэлтэнд явж 180 машин буюу 630 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт асгасан.
-Цэвэрлэгээний ажилд аль хэр хөрөнгө зарлагадсан бол?
-Энэ хоёр өдрийн цэвэрлэгээнд 600 иргэний урамшуулал 13,8 сая / Хөдөлмөрийн хэлтсээс/, хог тээвэрлэлт, шуудай, бээлий, маск авах зардалд 27,9 сая төгрөг /ЗДТГ-аас/ зарцуулсан. Дүүрэг, хороо, хог тээвэрлэгч байгууллагуудын зүгээс айл өрхийн хог хаягдлыг сар бүр, зарим хороодод сард 2 удаа тээвэрлэх хуваарь гарган хуваарийн дагуу тээвэрлэлт хийж байгаа. Өмнөх жилүүдийг бодвол хог тээвэрлэлт эрс сайжирсан ч иргэдийн ухамсаргүй үйлдэл гарч байна. Тухайлбал, хашаа, гэр маань хоггүй бол бусад нь хамаагүй гэсэн байдлаас шалтгаалан Сэлбэ голын ай сав, үерийн далан, жалганд хог хаягдлаа хууль бусаар ихээр хаядагаас орчин, хөрсийг ихээр бохирдуулж байгаа. Тиймээс иргэдийг хог хаягдлаа хууль бусаар хаялгүй хог тээврийн машинд ачуулах болон зориулалтын хогийн цэгт хаяж хэвшихийг уриалж байна. Иргэд маань ингэж хэвшвэл их хэмжээний хүн, хүч, хөрөнгийн зардлыг хэмнэх юм.
-Дараагийн их цэвэрлэгээ хэзээ вэ?
-Нийслэлийн Захирагчийн албанаас дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс 19-нийг хүртэл хаврын их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Тиймээс ирэх 19-ний өдөр Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажил болно. Аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэдийг ажиллаж, амьдрах орчноо илүү цэвэр, тохилог болгоход гар бие оролцон өргөнөөр хамрагдахыг уриалж-байна.
Ж.Энх
URL: