МАН-ынхан ерөнхий АУДИТОР А.Зангадыг байцаажээ

,30УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн чухал асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг тус бүлгээс эрх баригчдад удаа дараа сануулсан. Гэвч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрээд байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлж байв.

Эдийн засгийн энэхүү хямралыг Засгийн газрын алдаатай боддого, ажлаа мэддэггүй “давхар дээлтэн”-үүдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд дүгнэв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нуүрлэсэн гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж.

Өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Харин тус намын бүлэг эдийн засгийг эрчимжүүлэх бус, ард иргэдийнхээ амьдралыг яаж сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг түлхүү ярих цаг болсон гэж үзэж байгаа аж. Бүлгийн дарга С.Бямбацогт “Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын түвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авч, эдийн засаг хямралт байдал руу шилжлээ” гэв.

Мөн намрын  чуулганы төгсгөлд завсарлагаагаар орхигдсон “Давхар дээл”-ийн төслийг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0″ дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцжээ.  Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулсан байна. Тэрбээр “2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ” гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт “0″ дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад өчигдөр хүлээн зөвшөөрсөн гэнэ.

 

Б.СЭЛЭНГЭ


URL:

Сэтгэгдэл бичих