Бахархмаар амьдралтай хүмүүс

Ямар нэгэн шалтгаанаар тахир дутуу болсон хүмүүс хааяагүй л байдаг. Манай оронд бол тэдэнд анхаарал тавих нь тун ховор. Ер нь бид бүгдээрээ л эрэмдэг болсон хөөрхий нэгэнтэй тааралдвал бушуухан шиг л харцаа буруулан өнгөрдөг биз дээ! Энэ хүмүүс нийгмийн бүрэн эрхт гишүүн гэж хэний ч санаанд ордоггүй. Харин одооноос л байдал арай дээр болж байх шиг. Бага зүйлээс эхэлье л дээ. Тахир дутуу ч хүнээс дутахгүй сайхан амьдарч, бүр эрүүл саруул хүн ч атаархам амьдралыг бүтээн босгож чадсан зарим хүмүүсийн тухай уншиж, нүд буруулалгүй зургийг нь хараад, эргэцүүлж нэг бодоорой!

Ник Вуйчич

Ник Вуйчич удамшлын гаралтай, маш ховор тохиолддог Тетр-Амелийн синдромтой төржээ. Энэ нь эхийн хэвлийд байхад нь ургийн 4 мөчийг устгадаг аюулт өвчин юм байна. 10 настайдаа тэр амиа хорлохыг оролдсон удаатай. Одоо бол Ник дэлхийд алдартай уран илтгэгч бөгөөд сайхан эхнэр, хөөрхөн хүүтэйгээ амьдардаг. Нэг үгээр хэлбэл, өөр шигээ мянга мянган хүмүүст итгэл найдварын гэрэл бэлэглэсэн хүн юм.


Кэрри Браун

17 настай Кэрри Браун Дауны өвчтэй. Ойр дотныхон болон интернетийн дэмжлэгтэйгээр тэр америкийн залуучуудын хувцас үйлдвэрлэгч нэгэн компаний модель болжээ. Кэрри олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсанд зургаа Wet Seal фирмийн хувцастайгаар тавьдаг байсан нь олонд нэн таалагдаж, шуудангийн маркийн нүүр царай болох хүсэлт хүртэл иржээ.


Тейлор Моррис

Энэхүү жинхэнэ хайрын түүх жилийн өмнө интернетээр олныг шуугиулж байсан билээ. Афганистаны дайнд оролцогч тэсрэх бөмбөгөнд өртөж 4 мөчөө алдсан боловч золоор амьд үлджээ. Эрэмдэг болоод гэртээ ирэхэд 23 настай сүйт бүсгүй Келли нь хайртаасаа нүүр буруулсангүй. Харин ч бүх талаар дэмжин тусалж “ хөл дээр нь босгосон “ нь байна.


Джессика Лонг

Эрхүүгийн хүүхэд асрах газрын бяцхан охин Таня Кирилловад аз таарч 13 сартайдаа америк гэр бүлд үрчлэгджээ. Охин шилбэний жижиг яснууд болон хөлийн улны ясгүй эрэмдэг төрсөн байна. Одоо тэрээр Джессика Лонг нэртэй усан спортын алдарт тамирчин болсон бөгөөд паралимпийн 12 алтан медальтай, хөлгүй тамирчдын дэлхийн аварга бүсгүй юм байна.


Марк Инглис

2006 онд Эверестийн оргилд гарсан Шинэ Зеландийн тамирчин Марк Инглис үүнээс 20 жилийн өмнө хоёр хөлөө алдсан юм байж. Нэгэн аяллын үеэр хөлөө хөлдөөсөн Марк Эверестийн оройд гарах мөрөөдлөө огтхон ч орхиогүй байсаар хөлтэй хүн ч зүдэрч гардаг оргилийг байлдан дагуулсан нь энэ байжээ.


Татьяна Макфадден

Татьяна бол орос гаралтай америкийн тахир дутуу тамирчин бөгөөд тэргэнцэртэй уралдааны олон удаагийн аварга, 2013 оны Бостоны марафоны ялагч бүсгүй юм байна. Саяхан энэ эмэгтэй Сочийн паралимпийн наадамд оролцож мөнгөн медаль хүртжээ.


Лиззи Веласкес

Нэг өдөр Лиззи интернетээс « Ертөнцийн хамгийн аймшигтай эмэгтэй » нэртэйгээр тавигдаж, их олон хүн үзэж сэтгэгдэл бичсэн өөрийнхөө зургийг олоод үзчихжээ. Лиззи ховор тохиох өвчний  улмаас огт өөхөн давхаргагүй төрсөн юм байж. Лиззи эхлээд эдгээр доромжлогчдод тохирсон шанг нь хүртээхийг бодсон боловч сүүлдээ тайвширч ертөнцийг байлдан дагуулахын тулд заавал гоо үзэсгэлэнтэй байх албагүйг нотлон харуулж чаджээ. Тэр бол гайхалтай уран илтгэгч бөгөөд хоёр ч номоо хэвлүүлээд байгаа юм байна.

 

Дээр өгүүлсэн долоогоор энэ түүх дуусаж байгаа хэрэг биш юм шүү. Сэтгэлийн асар тэнхээтэй, амьдрах гойд ухаантай ийм хүмүүс маш олон байдаг. Гэхдээ л бидний эргэн тойронд өөрсдийгөө анзаарч хараасай, хараад бүү нүүр буруулаасай, биднээс битгий айж сэжиглээсэй, бидэнд тусалж дэмжээсэй гэж хүсэж байгаа нь хавьгүй олон бий шүү !


URL:

Сэтгэгдэл бичих