Зэсийн баяжмалын экспорт эдийн засагт итгэл дагуулж байна

2,0Зэс гэдэг улбар металл хүн төрөлхтний амьдралд уух ус лугаа хэрэгтэй зүйл аж, Тийм ч учраас 10 мянган жилийн тэртээгээс амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн гэх. Бага температурт хайлдаг, цахилгаан, дулааныг дамжуулах гойд чанар нь энэ чиглэлийн үйлдвэрлэлийн үнэ цэнийг бүрдүүлдэг ажгуу. Физикийн шинж чанараасаа гадна  тэр биологийн идэвхт элемент гэдгээрээ ялгардаг. Дээд ургамал, амьтны хоол тэжээлийн нэг бүрдэл хэсэг болдог. Бас бактери устгах гойд чадварыг нь хүн төрөлхтөн эрт үеэс анзаарч мэджээ. Энэ мэт ид шидийг зэс агуулдаг.
Бусдад илүүчилж чадах зхийн арвин нөөцтэй орны нэг нь Монгол. Хэдийгээр үнэ ханш нь уруудаж байгаа гэх боловч ийм баялагтай нь бидний амны хишиг.

Шинэ, хуучин хоёр ч нийгэм, өнгөрсөн, одоо хоёр зуун дамжуулан Монголын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа ач тус, гавьяа хүндэтгэл энэ улбар металлд ногдох нь дамжиггүй. Ийм болохоор нь монголчууд түүнийг есөн эрдэнийн нэг хэмээн нэрлэдэг биз. 2014 онд Монгол Улсын төсөвт уул уурхайн салбараас 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний ноён нурууг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлэх учиртай. Тооцсоноор энэ жил 390 тэрбум орчим төгрөгийг зэсээс олохоор төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны төсөвт суулгасан төсөөллөөс нэлээд бууруулж тооцсон хэмжээ юм. Зэсийн баяжмалын нэг давуу тал бий. Ямар ч цаг үед борлохгүй байхын зовлонгүй, ганцхан зах зээлээс хамаараад байдаггүй, авдаг өгдөг нь бэлэн. Эдгээрийг бэлэн боломж гэхээс өөрөөр юу гэх билээ. Энэ боломж нь эргээд эдийн засагт ямагт гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс монголчуудын амьдралынхэмнэл, эдийн засгийн эрчим хамаардаг. Хэдийгээр үнийн хүлээлт санаснаар биш ч гэлээ эдийн засгийн гол тэжээгч судас нь болж байгааг онцлох учиртай байх. Тухайлбал, эхний хоёр сард зэсийн баяжмалын экспортоос 256 сая ам доллар эдийн засагт орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тэн хагас илүүгээр өссөн тоо баримт юм. Эдийн засгийн нааштай хандлагыг энэ жилийн тухайд зэс бүрдүүлэх магадлал байгааг үүнээс анзаарч болмоор. 2014 оны хүлээлт, чиг хандлага энэ байх биз ээ.

Сүүлийн өдрүүдийн ханшаар тооцвол Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ тонн нь 6620 ам.доллар хавьд хэлбэлзэж байна. Энэ бол тийм ч баярламаар үнэ биш. 2011 онд зэсийн зах зээлийн үнэ 8900 ам.доллар хүрч байсантай харьцуулахад дэндүү чамлалттай санагдаж байгаа байх. Гэхдээ үнийн үзүүр толгой  дээшээ чигтэй байгаа нь итгэл төрүүлэх нэг шалтгаан болно. Манайхан зэсийн үнийн төсөөллийг төсөвт суулгахдаа нэлээд даруухан байдлаар ханддаг болсон нь эрсдлийг багасгах нэг хүчин зүйл болж байгаа юм. Үнэ тогтвортой байх ганц нөхцөл бол эрэлт нь бас тогтвортой байх явдал. Эдийн засагчид хийгээд шинжээчид   2014 онд зэсийн эрэлт тогтвортой байх төдийгүй нэмэгдэнэ гэж оношилчихоод байгаа. Энэ бол сайн мэдээ.

Дэлхийн зэсийн хэрэглээний 40 хувь нь дангаараа БНХАУ-д ногддог. Тэгэхээр тэндэх зах зээлийн нөхцөл байдал улбар металлын индикатор болж харагдах гээд байдаг нь санамсаргүй хэрэг биш. Өмнөд хөршийн тухайд эдийн засгийн өөрчлөн байгуулалт эхлүүлээд байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 13 хувиар буюу 60 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Зөвхөн энэ хөрөнгө оруулалт гэхэд Хятадын зэсийн хэрэглээний 40 хувийг дангаараа залгина гэсэн тооцоог гаргажээ. Ингэхээр тэнд эрэлт нэмэгдэнэ гэж итгэхээс аргагүй.

Манайдаа урдаа барьдаг залуу эдийн засагчдын нэг “Мандал даатгал” компанийн захирал Ө.Ганзориг болон энэ компанийн шинжээчдийн тооцоолсноор энэ онд Чили, Индонези болон Австрали улсын зэсийн олборололт нийлүүлэлт буурах төлөв байгаа ажээ. Магадгүй, зах зээлийн араншин ингэж өөрчлөгдөж гэмээнэ Монголын хувьд боломж бололцоо гэсэн үг болно.

Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 60 гаруй хувийг Хятад, Америк, Япон бүрдүүлдэг бол 20 гаруй хувь нь Европын орнуудад ногддог. Тэгвэл зэсийн идэвхтэй хэрэглэгч АНУ, Японы эдийн засгийн эрчим нэмэгдэж өсөлт ажиглагдаж эхэлсэн. Энэ нь зэсийн хэрэглээ буурахгүй байх нэг шалтгаан гэж үзэж байна. Тэгээд ч сүүлийн жилүүдэд зэсийн нөөц нэлээдгүй хэмжээгээр багассан гэх мэдээлэл бий.

2014 оны нүүрсний салбар дахь итгэл хүлээлт үндсэндээ алдарч байх шиг. Энэ орон зайг зэсийн баяжмалын эрэлт нийлүүлэлт нөхөж чадвал Монголын эдийн засагт ангасан хүнд аяга ус өгсний дайтай дэм болно.

 
П.ЯДАМДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих