“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Үнст худагийн маргааныг 10 сая ам.доллараар “зохицуулжээ”

1448-2Б.ДАМДИН-ОЧИР

“Хүннү коал” гэж Австралийн хөрөнгө оруулалттай компани байлаа. Монголын нүүрсний нэлээдийг нь лиценз нэрээр эзэмшдэг. Эзэн австралиуд нь энэ компанийг Тайландын “Банпу” гэдэг компанид хоёр жилийн өмнө үнэ хүргэж худалдсан юм. Ингэхдээ түншийнхээ эзэмшлийн нөөц арвинтай Үнст худагийн ордыг эзэнд нь мэдэгдэлгүй “Банпу”-д шилжүүлсэн байдаг.

“Банпу” компани Монгол дахь салбараа “Хүннү ресурс” хэмээн нэрийдэж захирлаар нь Марк Д Умент гэдэг эрийг тавьжээ. Марк Д Умент бол Тайландад олон жил амьдарсан, ингэхдээ “Банпу” хавьцаа ажилласаар ирсэн гэдэг. Түүнийг энд ирэхэд угтсан нэг хэцүү асуудал бол Үнст худагийн ордоо луйвардуулсан ч гэж хэлж болохоор алдчихсан “Говь хурах” ХХК-ийнхан хэрүүл зарга хийгээд сүйд болж байж.

Монголын хэвлэлүүд “Баялаг яачихав…” гэж шуугиад л… Хэрэв энэ асуудал даамжирвал хохирол нь толгой компани болох “Банпу”-д нь хүндхэн тусахаар дүр зураг гараад ирж. Тиймээс “Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент “Говь хурах” ХХК-ийн захирал н.Шинэбаатартай “учраа олох” хэрэгтэй болсон байна. Сурсан юмыг сураар бооход хэцүү. Бас дархан мэх гэдэг даанч сайхан гэдэг үг бий. Марк Д Умент Тайландад сурсан аргаа энд хэрэгжүүлэв.

Хэл ам хийгээд байсан “Говь хурах” ХХК-ийн захирал н.Шинэбаатарт 10 сая ам.доллар өгч, амыг нь тагласан байна. Манай эрэн сурвалжлагчдын өгч байгаа мэдээллээр 13 сая ам.доллар өгсөн гэж байгаа. Асуудлын гол нь “Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент дээрх мөнгийг н.Шинэбаатарын хувийн дансанд шилжүүлсэн гэнэ. 10 сая, түүнээс илүү ам.доллар гэдэг маш их мөнгө. Энэ мөнгөний хөдөлгөөнд Монголын хуулийнхан хяналтаа тавьж, “Хүннү ресурс” ХХК үүргийнхээ дагуу Монголын төрд татвар төлөх учиртай. Гэвч энэ бүхнээс бултаж, ямар нэг татвар түрээсгүй далд аргаар Үнст худагийн маргааныг “зохицуулж” чадсан байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих