Сайд даргад таалагдсан ч цагдаад таалагдаагүй шинэ гоёл

14Уулзвар дээр замын цагдаа зогсоов.
-Амрыг эръе. Яагаад улаанаар ороод байна аа?
-Өө харсангүй
-Юугаа харж явсан юм бэ?
-Та нар чинь юугаа өмсчихсөн юм бэ?…
Өчигдөр  олон нийтийн сүлжээгээр хамгийн их хэрүүл хэлэлцүүлэг дагуулсан сэдэв нь Монголын цагдаагийн шинэ гоёл байв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зарлиг үзэглүүлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт нарын тушаалаар өөрчилж шинэчилсэн цагдаагийн дүрэмт хувцас шийдвэр гаргасан дарга нартаа л таалагдаж байгаа.

Тус бүрийг нь 107 мянган төгрөгөөр туркүүд оёж өгсөн гэх шинэ гоёлыг Хууль зүйн сайд хамгаалж твиттерт баахан жиргэв. “Цагдаагийн хувцсыг шүүмжилж буй хүмүүст шинэ, хуучин хувцсыг нь өмсгөөд дөрвөн цаг үүрэг гүйцэтгүүлээд үзэхэд шалтгааныг нь ойлгох байх даа”, “Хууль сахиулагчдад гоё харагдах хувцаснаас аюулгүй ажиллах хувцас чухал. Гоё харагдах ёслолын хувцас нь тусдаа байгаа”, “Байнгын нартай байдаг Монгол шиг газар бүхэл өдөржин гадаа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс өөрсдөө ийм малгайтай байх шаардлагатай гэж үзсэн дээ” гэхчилэн хар үүрээс эхлэн жиргэсэн. Хариуд нь хүмүүс таалагдахгүй байгаагаа чамгүй тодоор илэрхийлсэн байна билээ.

Тэр ч бүү хэл шинэ гоёлтой цагдаа нарт хүмүүс “Загасчин”, “Үл мэдэх Цэцэгхэн хотхонд” гэхчилэн элдэв нэр хоч өгч байгаа. Хүмүүсийн хамгийн ихээр бухимдаж буй нь манай цагдаа нарыг улам бүр сүр сүлдгүй харагдуулж байгаа хар бараан өнгө, хачин дэргэр бүрх малгай нь юм. Улсын сүр цэрэгтэй гэдэгтэй адил Улаанбаатарт ирсэн хэн бүхэнд замын голд хөдөлгөөн зохицуулж буй цагдаа хамгийн түрүүнд нүдэнд тусдаг. Гэтэл Эрээний зах дээгүүр элбэг таардагтай даавуун бүрхтэй адил малгай толгой дээрээ духдуулчихсан монгол цагдаа хэр гоё харагдах бол. Гоё сайхан нь хамаагүй, биед эвтэй байх нь чухал хэмээсэн эрхэм сайдын үг энэ гоёлыг эдэлж хэрэглэх цагдаа нарт ч таалагдахгүй байгаа гэвэл та үнэмших үү. Тушаалаар ажилладаг цэргийн хүмүүс зохихгүй байна, таалагдахгүй байна хэмээн хэлэх боломжгүй учраас сайдын хэлснээр өмсөхөөс өөр яах билээ. Тиймээс үүнийг батлах зорилгоор бид цагдаагийн зарим алба хаагчтай уулзаж шинэ гоёл нь ажил үүрэг гүйцэтгэхэд хэр тохиромжтой, биед хэр таатай байгааг тодруулсан юм. Тэд шинэ дүрэмт хувцасны талаарх өөрийн боддоо илэрхийлэхийг зөшөөрсөн ч зургаа авахуулах битгий хэл, нэр, аль дүүргийн цагдаад ажилладгаа ч хэлэхээс татгалзсан юм.

ХАР ӨНГӨТЭЙГӨӨС ГАДНА МАЛГАЙ НЬ ҮНЭХЭЭР БИШ ЭЭ
-Шинэ хувцас сэтгэлд үнэхээр хүрэхгүй байгаа. Зун 20-30 градусын халуунд хав хар хувцастай бүхэл өдөржин гадаа зогсоно гээд төсөөл дөө. Уг нь хүйтэнд дулаахан, халуунд сэрүүхэн хувцас л бидэнд хэрэгтэй шүү дээ. Ажлаа хийгээд явж байхад иргэд ирээд юу өмсчихсөн юм бэ, ядаж цагаан малгайгаа өмсч болдоггүй юм уу гэж асуугаад байгаа. Бид өөрсдөө мэддэг бол хуучин хувцсаа л өмсмөөр байна. Уг нь аливаа зүйлийг сайжруулах гэж л өөрчилдөг болохоос бүр долоон дор болгох гэж шинэчилдэггүй баймаар. Хар өнгөтэйгөөс гадна малгай нь үнэхээр биш ээ. Цагдаагийн сүр хүч, хийморьлог байдал бүрэн утгаараа алдагдсан. Аяллаар яваа хүн шиг л харагдаж байна гэж иргэд хэлж шоолж байна шүү дээ, биднийг.

ДАРГА НАРЫН МӨНГӨ УНАГААХ АЖИЛД БИД ХОХИРЧ БАЙНА
-Өмсөхөд эвтэйхэн ч хувцасны өнгө, малгай, гутал таалагдахгүй байгаа. Болдог бол хуучин орос цагаан малгайгаа өмсмөөр байна. Тэгвэл ядаж цагдаа шиг харагдах байх. Дээр нь энэ гуталтай одоо халууцаж байгаа. Тэгэхээр зун яах юм. Дарга нар өөрсдөө халуун, хүйтэн ямар ч үед гадаа ажиллахгүй болохоор ийм хувцас хийлгэсэн юм байлгүй. Ер нь тэдэнд бидний ямар хувцас өмсч, ямар нөхцөлд ажиллах нь хамаагүй байх. Дарга нарын мөнгө унагаах ажлын золиос болж байх шиг байна. Иймэрхүү ажил зохион байгуулах нь эрх мэдэлтнүүдэд ашигтай байж болно. Гэхдээ ядаж байнга өмсөх хүмүүсийн хэрэгцээ, шаардлага, сэтгэлд нийцсэн байх хэрэгтэй шүү дээ. Өнгөлөг, хөнгөн, нимгэн байсан бол бид юу гэж шүүмжлэх билээ дээ.

ТЭД ӨӨРСДӨӨ ЭНЭ ХУВЦСАА ӨМСӨӨД ЗУНЫ ХАЛУУНД ӨДӨРЖИН ГАДАА АЖИЛЛААД ҮЗЭЭСЭЙ
-Бидэнд өнгөрсөн оны аравдугаар сард дүрэмт хувцас шинэчлэгдэж байгаа гэж хэлсэн. Хүн болгон л дор бүрнээ шинэ хувцсаа хүлээж байсан байх. “Их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг шиг удаан хүлээсэн хувцсаа хартал ёстой инээдтэй. Манай хэлтсийн цагдаа нараас нэгнийх нь ч сэтгэлд нийцээгүй. Өнгөрсөн баасан гаригт хувцсаа авснаас хойш ажил дээр ганц хувцасны тухай л яриа болж байна. Яагаад ийм загвар гаргасныг ёстой ойлгохгүй юм. Дарга нар санаачилж байгаа ч тэд биш бид өмсөнө шүү дээ. Зун өөрсдөө энэ хувцас, гутлаа өмсөөд бүхэл өдөржин гадаа ажиллаад үзвэл биднийг яагаад ийм сэтгэл дундуур байгааг ойлгох байх. Түүнээс дүрэм журам, судалгаа шинжилгээ яриад хэзээ ч ойлгохгүй шүү дээ.

МАЛГАЙ ДЭЭРХ СОЁМБО ХУВАНЦАР ШҮҮ ДЭЭ
-Өмнө нь зун цагаан цамц, малгай өмсдөг байсан. Энэ жилээс тас хар хувцастай л зогсох боллоо. Би өнөөдрөөс л өмсч байна. Гэтэл хэдэн ч хүн ирж юм хэлэв. Бид өөрсдийн дураар ийм хувцас , хийгээд өмсчихсөн аятай л иргэд хандаж байна. Хар өнгөтэй, хүнд, халуун гуталтай байж болох ч энэ малгай ёстой инээдтэй. Малгай дээрх соёмбо хуванцар шүү дээ. Өмнө нь цул төмөр байсан юм. Ямар ч сүргүй, хачин болгосон. Хувцсаа өмсөхөөр сэтгэл сэргээд, өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг байсан бол одоо санаа зовж байна. Хүүхдүүд цагдаа болно гэж ярьдаг нь сүрлэг, хийморьлог хувцастай нь холбоотой байж гэсэн бодол төрөөд байгаа. Одоо лав том болоод цагдаа болно гэж мөрөөдөх хүүхэд цөөхөн болох байх.

Б.БААТАРХҮҮ:ШИНЭ ДҮРЭМТ ХУВЦСЫГ АЛБА ХААГЧДЫН САНАЛ ДЭЭР ҮНДЭСЛЭН ХИЙСЭН
Шинэ дурэтт хувцасны талаар ЦЕГ-ын Хэвлэл тэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Шинэ дүрэмт хувцасны загварыг ямар хүн гаргаж, хаана үйлдвэрлүүлсэн бэ?
-Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, эрх зүй, бүтэц зохион байгуулалтын нэлээдгүй шинэчлэл хийж байгаа. Шинэчлэлийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын дурэмт хувцсыг иж бүрнээр нь сольсон. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд хэв журмыхан, замын цагдаа нарт шинэ хувцсыг нь тараасан. Өдөр тутам үүрэг гүйцэтгэх, ажлын байранд, баяр ёслолын үед, цас, бороотойд өмсөх гээд бүх хувцас шинэчлэгдсэн. Өмнө нь өмсч байсан хувцас шороо тоос их татдаг, амархан урагддаг, хөдөлгөөн хязгаарлсан, өвлийн хувцас нь хүнд, гутал нь чийг татдаг, тусгай хэрэгсэл зүүхэд хүндрэлтэй гэхчилэн алба хаагчдын санал хүсэлт их байсан. Үүний дагуу дүрэмт хувцасны талаар албадаар хэлэлцүүлэг ч явсан. Тэгээд хэрхэн сайжруулах, хөгжилтэй орнууд цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцсанд ямар стандарт тавьдаг талаар судалгаа хийсэн.

Өөрөөр хэлбэл, шинэ хувцасны загварыг гаргахдаа цагдаа нарын санал, хүсэлт, судалгаан дээр тулгуурлан, ШУТИС-ийн Дизайны сургуулийн багш нарын мэргэжлийн баг ажиллаж загварыг нь гаргаад, Турк улсад үйлдвэрлүүлсэн. Энэ хувцас олон улсын цагдаа, хүчний байгууллагуудын хамгийн сүүлийн үед өмсч, хэрэглэж байгаа хувцасны материалаар хийгдсэн, хөдөлгөөн хязгаарлахгүй, шороо тоос татахгүй, биед эвтэйхэн, хөнгөнөөс гадна гутал нь ус нэвтэрдэггүй. Олон нийт малгайг нь их шүүмжилж байгаа. Дугуй хар малгайнаас гадна саравчтай, ёслолын малгай бий. Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн утгаараа тухайн алба хаагчийн мэдээллийг энгэр дээр нь байршуулсан. Цагдаагийн алба хаагчдын нэр, хувийн дугаар, цусны бүлэг гэсэн мэдээллийг хувцсан дээрээс нь мэдэх боломжтой.

-Алба хаагчдыт хэзээ шинэ дүрэмт хувцасаар хангаж дуусах вэ?
-Хувцас бүгд ирсэн. Гэхдээ долоон найман мянган хүнд нэг зэрэг тараах боломжгүй учраас эхний ээлжинд онцгой үүрэг гүйцэтгэдэг газруудад өгсөн. Энэ сарын 30-н гэхэд ,шинэ хувцасыг бүрэн тарааж дуусгана гэсэн төлөвлөөгөөтэй байна.

-Өвлийн хувцас бас шинэчлэгдсэн үү?
-Өвлийн хувцсыг ч гэсэн шинэчилнэ. Гэхдээ үүнээс хойш Монголдоо хувцсаа үйлдвэрлүүлхээр тендер зарласан. Материалаа Туркээс авчраад, энэ загвараараа үндэснийхээ компаниар хийлгэнэ. Өвлийн хувцсыг ч Монголын компаниар хийлгэнэ.

-Нэг цагдаагийн иж бүрэн хувцсыг өөрчлөхөд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Иж бүрэн хувцасны төсөв хараахан гараагүй байна. Бид өмнө ч хувцсаа мөнгөөр хийлгэдэг байсан. Ганцхан загварыг нь л өөрчилсөн. Энэ хувцсыг Турк улсад үйлдвэрлүүлсэн ч Монголд хийлгэхээс хямд өртгөөр гарсан. Үзэмж чухал ч гэсэн хамгийн гол нь албан үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй, биед эвтэйхэн байх ёстой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

 

Л.ОДОНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих