Хэлбэрийн төдий шинэчлэлд чинь хүүхдүүд зүдэрч байна, Л.ГАНТӨМӨР САЙД АА

1,4Боловсролын салбарт цогц шинэчлэл хийж байна гээд сүйд. Сургалтын агуулга, багш боловсон хүчин бэлтгэх гээд олон зүйлийг шинээр хийж буйгаа Л.Гантөмөр сайд ярьдаг. Харамсалтай нь хоёр жил хийж буй салбарын шинэчлэлийнх нь талаар иргэд байтугай эрхэм гишүүд ч  мэдээлэл  муутай байгаа. Шинэчилж байна гэдэг нь их дээд сургууль тэр дундаа төрийн өмчийн хэдэн сургуулийн захирлуудыг хольж сольж, хэрэгтэй бас хэрэг болж мэдэх суудал бүрт өөрийнхнөө, танил талынхнаа суулгаснаас өөр чухам юу хийсэн бэ гэвэл тов тодорхой энэ гээд заачих зүйл Л.Гантөмөр сайдад хэр олон байгаа бол. Уг нь Л.Гантөмөрт боловсрол, шинжлэх ухаан гэж улс орны хөгжлийн хөтөч байх том салбарыг хариуцуулахдаа тун ч их найдсан байж таарна.

Арлын Японд сурсан мэдсэн бүгдийгээ ардын хүүхдүүдийн төлөө чимхийг ч үлдээхгүй зориулна хэмээн найдсан. Бас хүлээсэн. Харамсалтай нь Японд номын дуу сонссон гэх шалгуур энэ салбарт албан тушаал ахих нэг гишүүр төдий болсноос хэтэрсэнгүй.
Сургалтын агуулга яаж өөрчлөгдөж, сурах орчин яаж сайжирч,  багшийн  мэдлэг боловсрол яаж дээшлэв гэхэд тийм гээд хэлчихээр бодитой зүйлээр маруухан хэвээрээ.

Нэгдүгээр ангийн зургаан настнууд цүнхээ даахаа байлаа гэх шүүмжлэл өрнөдгөөрөө өрнөсөн янзаараа. Дээрээс нь жилийн турш даалгавраар балбуулаад хаврын сүүл гэхэд ядаргаанд орж улмаар эцэг эхчүүд “Зургаан настай хүүхдүүдийн ачаалал хэтэрхий их юм. Сургуульд ороод л сурах идэвхгүй болчихлоо” гэсэн халаглал нэмэгдэв. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд охин нь сурдаг танил эмэгтэй маань “Манай охин хэдэн өдөр халуурлаа. Ханиад хүрсэн юм байх гээд эмнэлэгт үзүүлтэл мэдрэлийн ядаргаанд орж гэх юм. Тэгэхээр зургаан настай сургуульд орох арай л ахдаад байх шиг” хэмээж байсан. Хамаатны маань хүү энэ жил гуравдугаар ангийн сурагч, гэтэл математикийн хичээлийн даалгавар хийх гэж амралтын өдрөөрөө гарч тоглох завгүй суудаг юм билээ. Сонгон суралцах энэ тэр гэсэн гүнзгийрүүлж үздэг анги биш, жирийн сургуулийн жирийн анги. Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэж гэр бүлээрээ хөдөлдөг гэнэ. Яг л нөгөө “Хэцүү даалгавар” нэртэй монгол кинонд гардаг шиг үйл явдал өрнөдөг гэж байсан.

Ээж нь ойлгохгүй болохоор зарим үед хажуу айлынхаа дунд ангнйн математнкийн багш эмэгтэйг гуйгаад ч даалгаврыг нь хийж хүчрэхгүй тохиолдол гардаг тухай соннн болгон ярьсан. Өвлийн урт амралт байтугай хаврын долоохон хоногийн амралтаар ч хүүхдүүд даалгавартаа дарагдаж гүйцсэн. Амарлаа хэмээн баярлаж агаар амьсгалуулж хотоос холхон аваад явъя гэтэл амралтын даалгавар хийхгүй очвол багш загнана гээд ач хүү нь хөдөлж өгөөгүй тухай ажлын маань хүн аргаа барж суусан. Иймэрхүү байдлаар шинэчлэл нэрийн доор хүүхдийг хичээлээр дарж, сурах идэвхийг нь “унтрааж” байна. Бас болоогүй хүүхэд бүрт идэвхийн оноо гэж тавьдаг нь зарим сурагчид бүр ч дарамт болсон аж. Гэтэл тэрхүү идэвхийн оноо гээч зүйлийг авахын тулд хүүхэд хичээлээсээ чөлөө авах цаашлаад өвдөх эрхгүй болдог юм билээ. Тэр нь бас хаанаас хэнээс хуулсан ч туршлага юм бүү мэд.

Манай улсын боловсролын систем хойд хөршөөс хуулбарласан чигээрээ ардчилалтай золгосон. Амьдралд хэзээ хэрэг болох нь мэдэхгүй баахан томьёо, хууль, теорем заадаг байлаа. Гэхдээ тэр үеийн багш нарын чанар чадвар сайн байсных уу, заалгасан олон томьёо теоремоос ядаж нэр нь үлдсэн байдаг. Харин одоо бол нэр байтугай дүрс ч үлдэхгүй. Тэгээд ч шинэчилсэн гээд байгаа дунд сургуулийн хөтөлбөр нь ердөө л бантан. Математик, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг улам хүндрүүлсэн төдийгүй ойлгомжгүй болгочихсон гэх шүүмжлэл нэлээд байдаг юм.

Тэгээд ч манайд сүүлийн үед салбар толгойлохоор болсон сайд бүр л сургалтын шинэчилсэн стандарт гэж боловсруулдаг. Дэлхийн жишиггэй хөл нийлүүлнэ хэмээн хөөрдөг. Тэгсэн хэрнээ өмнөх сайдынхаа эхлүүлсэн ажил бүрийг үндсээр нь үгүйсгэж, үр дүнг нь ч үзэлгүй унтрааж орхидог болсон. Тухайлбал, БСШУ-ы өмнөх сайд нар “Кембрижийн стандарт нэвтрүүлж байна. Жишиг сургууль байгууллаа” гээд л багагүй хөрөнгө зарж, хүүхдүүдээр ч чамгүй их тоглосон. Харин Л.Гантөмөр сайд энэ бүгдийг орхиж, оронд нь хэд хэдэн шинэ хөтөлбөр боловсруулж боловсролын салбарыг бүхлээр нь шинэчилнэ хэмээн ханцуй шамлан зүтгэж буй юм байх. Түүний санаачилсан “Ном”, “Авьяас”, “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” энэ тэр гэсэн гоё гоё нэртэй хөтөлбөрүүдийнх нь хөлд хүүхдүүд төдийгүй багш нар үрэгдэж буй.

Багш нар болоод судалгааны багийнхан толгой өндийх завгүй явдаг болсон. Хичээлд бэлтгэх цагаасаа илүү хөтөлбөрт зориулсан цаас үйлдвэрлэх гээд зүдэрч суугаагаа захын багш хэлэх юм билээ. Энд бяцхан тайлбар хийхэд “Ном” хөтөлбөр гэхээр мань мэт нь хүүхдээ олон ном уншуулах ёстой гэж ойлгосон ч тийм биш гэнэ. Хүүхдүүд өөрсдөө ном хийж уралдана гэж байгаа. Л.Гантөмөр сайдын хэлж буйгаар бол бараг хүүхэд бүр зохиолч болох юм байх. Цаашлаад бүгдээрээ “Авьяас” хөтөлбөрт хамрагдаж урлагийн тэнгэрт од шиг гялалзах учиртай гэнэ. Энэ мэтээр эрхэм сайд тэнгэрээр нисч мөрөөдөлдөө умбаад газар бууж ирдэггүй. Гэтэл бодит байдал дээр нэг ангид 40 хүүхэд чихэж суулгачихаад багшийг хүүхэд бүртэй тулж ажилла, хүүхэд бүрийг хөгжүүл гэсэн хуурай шаардлага тавьчихаад байгаа юм. Боловсролын салбар шинэчлэгдэх нь зөв ч эхлүүлээд хийгээд байгаа зүйл нь энэ мэтээр Монголын хөрсөнд буухгүй, ая эвээ олохгүй дандаа буруу тийшээ хазайгаад байгаа нь асуудал дагуулдаг.

Уг нь “Хүн бүр математикч болохгүй. Хүн бүр эцэг эх болдог”  гэсэн алдартай сурган хүмүүжүүлэгчийн үг бий. Хүүхдүүдийг хичээлээр бөмбөгдөж залхааж байхаар зөв хүмүүжүүл төлөвшүүлэхэд анхаарвал сургуулийн гавьяа тэр баймаар. Учир нь ерөнхий боловсролын гэх захын сургуульд ороход тэр дундаа ахлах, дунд ангийнхантай уулзаад жаахан хуучлахад л амьсгаа давхцаж, зүрх дэлсэнэ. “Тэр ангийн тэрний аав ээж нь баян. Тэрнийх бол ч мэдэхгүй. Манай ангийн багш гэж өмссөн зүүсэн нь үнэн доожоогүй” гэж ирээд л өмсч зүүсэн, барьсан, тавьсан үзсэн харснаараа ялгарч, ялгаварлаж харилцаж эхэлнэ. Ер нь тэгээд сүүлийн үед манайхан дээр дооргүй л гадаад гэвэл гайхамшигтай хэмээн шүтэн бишрэх болсон.

Тэгээд л суурийг нь ойлгоогүй хэрнээ шуудхан дуурайх гэж оролдох юм. Үнэхээр хуулмаар байгаа бол бүх орныхыг судалж үзээд Монголын хөрсөнд бууж, монгол хүүхдэд өгөөжөө өгөхөөрийг нь сонгож яагаад болдоггүй юм бол. Дуурайж дагах дуртай Америкт нь л гэхэд хүүхдүүдийг зургаан настайд нь сургуульд оруулдаг ч манайх шиг баахан ном чихсэн хүнд цүнх үүрүүлээд хүчээр баахан хичээл толгой руу нь чихэх гэж дарамтлаад байдаггүй л юм билээ. Цөөнгүй жил Америкт амьдраад ирсэн хүний яриагаар бол хүүхдийн эрхийг хамгийн ихээр дээдэлдэг. Бага ангид голдуу хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хүнтэй хэрхэн зөв харилцах талаар сургадаг гэж байсан. Ингэхдээ хичээл бол залхаалт биш харин сэтгэл зүрхээ өгч хандах сонирхолтой тоглоом байдаг гэх юм билээ.

Хүүхэд ийм аргаар багаасаа хүмүүжүүжиж төлөвшөөд дунд, ахлах ангид дэвшихээрээ жинхэнэ утгаар нь шинжлэх ухаанд суралцаж цэгцтэй мэдлэг олж авахад анхаардаг. Ингэхдээ хүүхдийн хүсэл сонирхлыг илүүтэй харах бөгөөд тэр дургүй хичээлдээ суухгүй байсан ч болно. Гэтэл манайхан шинэчилж байна гэж зургаан настай сургуульд орууллаа, 12 жилээр төгсгөж дэлхийн жишигт нийцүүллээ хэмээн хэлбэр хөөн хөөрцөглөх хэрнээ агуулгыг нь хаячихаад байгаад л хамаг учир бий юм. Ном хийлгэж сургана. Бүх хүүхдийн авьяасыг нээнэ гээд л амьсгаа авах чөлөө өгөхгүй нь хүүхдэд дарам болж буйг эрхэм сайдын сонорт дуулгая. Хэлбэрийн төдий шинэчлэлийн тань хөлд хүүхдүүд үрэгдэж эмнэлгийн мэдрэлийн тасаг ядаргаанд орсон бага ангийн сурагчдаар дүүрэх нь эрхэм сайд аа.

 

Б.ГАНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих