МАН Засгийн газарт хариуцлага тооцно

12УИХ дахь МАН-ын бүлэг Хаврын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааны талаарх мэдээллийг бүлгийн дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгөв. МАН энэ удаагийн хуралдаанаар гурван асуудлыг чухалчлан хэлэлцжээ.  Юуны түрүүнд Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч хэлэлцсэн байна.  Үүний дараа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ний хуулийн төслийн талаар хэлэлцсэн бол эцэст нь авлигажсан төсөв гэж нэрлэгдээд байгаа 2013 оны төсвийн талаар Үндэсний аудитын газрын мэдээлэлтэй танилцжээ.  МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулж, цаг алдахгүй арга хэмжээ авахыг шаардаж ирсэн. Гэвч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрээд байна. Эдийн засгийн энэхүү хямралыг Засгийн газрын алдаатай бодлого, ажлаа мэддэггүй давхар дээлтнүүдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд дүгнэв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгт МАН-ын бүлэг санал нэгджээ

Өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Харин ард иргэдийнхээ амьдралыг яаж сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг түлхүү ярих цаг болсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрээр “Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авч, эдийн засаг хямралт байдал руу шилжлээ” гэв. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгож, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.

“Давхар дээл”-тнүүд санал хураалтад оролцох ёсгүй

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг 2014 оноос хэлэлцэж эхэлсэн.  Гэтэл АН-ын бүлэг намрын чуулган завсарлахын өмнөхөн завсарлага авсан. Мөн УИХ-ын дарга намрын чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулсан.  Өөрөөр хэлбэл, олонхи сайд нарынхаа “давхар дээл”-ийг тайлуулахгүй байхын тулд чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулсан гэсэн үг.  Түүнчлэн хаврын чуулганы хамгийн түрүүнд “давхар дээл”-ний хуулийн төслийг хэлэлцэнэ хэмээн УИХ-ын З.Энхболд нэгдүгээр сарын 29-ны өдрийн чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Тиймээс хууль заасан хугацаандаа хэлэлцэгдэх ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ.  Үүнээс гадна хуулийн төслийн санал асуулгад 17 гишүүн,сайд оролцох ёсгүй гэж тэд үзсэн байна.  Тодруулбал, ашиг сонирхлын зөрчил байгааг онцолсон.  Нэг жишээ хэлэхэд УИХ-ын намрын чуулганаар Оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж байхад Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүнийг УИХ-ын дарга “ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээн  хуралдаанаас хөөж байсан.  Үүнтэй адил 17 сайдыг УИХ-ын танхимаас хөөж гаргах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн МАН-ын бүлэг дээрх 17 гишүүн, сайдад ухамсраараа санал хураалтад оролцохгүй байх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлэхээр болжээ.  Хэрвээ пүрэв гаригын УИХ-ын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулбал УИХ-ын дарга хууль зөрчсөн болох аж.

Төсөв авлигажсан эсэхийг аудит баталж чадсангүй

МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцлээ. Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулсан байна.  Тэрээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт “0″ дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрчээ.

Үндэсний аудитын газарт царцсан объект, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг удааширсан, нэмэгдсэн шалтгааныг тогтоох үүргийг УИХ-аас өгсөн. Гэтэл тус байгууллага тухайн объектуудыг ангилж, заримыг нь энэ жил, заримыг нь ирэх жил, заримыг нь битгий санхүүжүүл, зориулалтыг өөрчилж худалд гэх мэтээр хуулиар олгосон эрх мэдлээс нь хэтэрсэн дүгнэлт гаргах ёсгүй гэж гишүүд үзжээ. Хуульд заасны дагуу Засгийн газар энэ талаар саналаа оруулж ирсний дараа УИХ аль объектыг хойшлуулахаа мэдэх ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлэв. Тиймээс Үндэсний аудитын газар авлигажсан төсвийг илрүүлэх УИХ-аас даалгасан үүргийг бүрэн биелүүлж чадсангүй гэж МАН-ын бүлгийн гишүүд дүгнэв. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “авлигажсан төсөв” гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардлаа. 2014 төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсэг төсвийн тодотголыг хариуцан ажиллах юм.

Д.Анар

URL:

Сэтгэгдэл бичих