Залуучууд хуулийн төсөл боловсруулж, санал оруулахаар боллоо
Монголын хуульчдын холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулсан “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурал энэ 2-р сарын 25-аас 3-р сарын 25-ны хооронд зарлагдаж 4-р сарын 5-6-нд нэгдсэн хуралдаан шалгаруулалт боллоо. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар зохион байгуулагдсан уг Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 40 гаруй бүтээл ирсэн байна. Хуульчдаас I байр Н.Гантулга “Хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэлийн эрх зүйн орчины асуудал”, II байр Б.Ундрах “Хууль бус үйлдэл болох биеэ үнэлэх болон жижиг авлига өгөх үйлдлийг хууль ёсны болгох нь”, III байр С.Жавхлан “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүгацааг дагаж мѳрдѳх асуудал, практик хэрэгжилт” илтгэлүүд шалгарсан бол оюутнуудаас I байр Л.Отгондорж, Р.Пүрэвбаатар /МУИС, ХЗС/ “Дотоод мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаарх зарим санал”, II байрт Т.Нандинцэцэг /МУИС, ХЗС/ “Үр шилжүүлсэн суулгалт буюу тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгмийн шаардлага”, III байрт Т.Энхжаргал /МУИС, ХЗС/ “Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээг өргөтгөх асуудал” гэсэн илтгэлүүд шалгарсан юм. Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас тэргүүн байранд шалгарсан хуульч болон оюутныг хууль зүйн чиглэлээр гадаад оронд туршлага судлах бүх боломжоор нь хангах тухай мэдэгдлээ. Дээрх ЭШБХуралд оролцсон илтгэгчид өнөөдрийн манай нийгэмд ил байдаг ч боловч шийдэл нь тодорхойгүй эрхзүйн олон асуудлуудын талаар хөндөж чадсанаараа онцлог байлаа. Мөн хууль, эрх зүйн хүрээнд залуучуудын өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудад бодит дүн шинжилгээ хийж, судалж, санал бодлоо солилцон хуулийн төсөл боловсруулж, өргөн барих боломжийг нээж өгснөөрөө ач холбогдолтой байсан юм. “Үр шилжүүлсэн суулгалт буюу тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгмийн шаардлага”, “Хууль бус үйлдэл болох биеэ үнэлэх болон жижиг авлига өгөх үйлдлийг хууль ёсны болгох нь”, мөн унадаг дугуйг гаалийн татвараас чөлөөлөх, ШШГЕГ-тай хамтраад ял эдэлж буй хоригдлуудыг уншсан номын тоогоор ялын хугацаанаас нь хөнгөлөх зэрэг сонирхол татсан илтгэлүүд цөөнгүй байсныг шүүгчид оролцогчид онцолж байлаа. “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ийнхүү анхны жилдээ тун амжилттай явагдаж өнгөрсөн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.
URL: