“White House”-ийн хөрөнгө оруулагчийг Интерполоор эрэн сурвалжилж байжээ

Цагдаагийн болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрынхан өнгөрсөн сарын

сүүлчээр БНСУ-ын иргэн Ким Пан Жаныг баривчилжээ. Түүнийг тавдугаар сарын 31-ны 00.20 цагт “Чингис хаан” нисэх буудлаас хөөрсөн КАЛ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцоор нутаг руу нь буцаасан аж. Нийслэлийн “Өнөр” хороололд байдаг “White Houseзочид буудлын хөрөнгө оруулагчийн нэг хэмээн яригддаг энэ солонгос эрийг БНСУ-ын цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ.

Түүнийг 120 шахам сая ам.доллар завшсан хэрэгт сэжиглэж байгаа бололтой юм. Тиймээс Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор дамжуулан олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан гэнэ. Тэрбээр 2009 оны арванхоёрдугаар сарын 03-нд Монголд ирсэн нь хилийн шалган нэвтрүүлэх албанд тэмдэглэгджээ. Түүнээс хойш дээрх зочид буудалд голчлон амьдарч байсан аж.

Ким Пан Жаныг манай цагдаагийнхан баривчилж, Интерполд мэдэгдсэнээр БНСУ-ын цагдаагийн ажилтнууд ирж авсан байна. Зарим эх сурвалж түүнийг Сүхбаатарын талбайн урд баригдаж буй “Bluе sky” цамхгийн солонгос захирлуудтай ихэд дотно харилцаатай байсан гэх юм. Ким Пан Жан нь Монголд амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа нутаг руугаа явж байснаас үзвэл түүнийг саяханаас эрэн сурвалжилж эхэлсэн байх магадлалтай.

Д.ГАЛТ

ӨНӨӨДӨР


URL:

Сэтгэгдэл бичих