Я.Төмөрбаатар: МАН Европ дахь гол түншийн харилцаагаа сэргээлээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид саяхан Фридрих-Эбертийн сангийн урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, намын нарийн бичгийн дарга О.Содбилэг, “Стратеги” академийн захирал Я.Төмөрбаатар, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат, МАХН-ын сургалт хариуцсан нарийн бичгийн дарга З.Батбаяр, Фридрих-Эбэртийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл нар багтсан. Ингээд айлчлалын талаар “Стратеги” академийн захирал, доктор (Ph.D) Я.Төмөрбаатартай ярилцлаа.
-ХБНГУ-д хийсэн долоон өдрийн айчлал ямархуу болж өндөрлөв. Зорьсон ажил бүтэмжтэй юу. “Монголчууд явсан хүнээс үг сонс гэдэг” энэ үгээр ярилцлагаа эхлье?
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн урилгаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Ерөнхийдөө нэлээн шахуу хөтөлбөртэй байлаа. Мэдээж зорьсон ажил хэрэг бүтэмжтэй. Бид эхний гурван өдөр ХБНГУ-ын хуучин нийслэл Бонн хотод ажилласан. Энд хоёр чухал хүнтэй уулзсан. Эхлээд ФЭС-гийн Нийгмийн ардчиллын хүрээлэн буюу Социалдемократ академийн захирал доктор Кристиан Креллтэй уулзаж, Герман улсад нийгмийн ардчиллын академийн бүтэц, үүрэг роль ямар байдаг, ямар ажлууд зохион байгуулдаг талаар ярилцсан. Энэ үеэр Нийгмийн ардчиллын академиас гаргаж байгаа цуврал сурах бичгүүдтэй танилцахын зэрэгцээ сурах бичиг зохиосон хүмүүстэй уулзлаа. Мөн Герман улсын 150 жилийн түүхтэй Нийгмийн ардчиллын архивийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ архив Германдаа хамгийн томд тооцогддог юм билээ.
-Герман улс сүүлийн хэдэн жил залуусдаа илүү анхаарах болсон талаар ярьдаг л даа. Тиймээс ч залуустаа улс төрийн боловсрол олгох бодлогыг түлхүү баримталдаг болов уу. Энэ байдал хэр ажиглагдаж байх юм?
-Таны хэлдэг зөв л дөө. Герман улс хүн амын хувьд хөгширч байгаа орон. Дэлхийд Японы дараа ордог.Тиймээс сүүлийн жилүүдэд залуус руугаа хандсан бодлого түлхүү явуулж байгаа юм. Үүнийг ч бид нэлээн сонирхож судалсан. Холбогдох албаны хүмүүстэй мөн уулзаж, залуучуудад улс төрийн боловсролыг хэрхэн яаж олгодог, тэр ч бүү хэл ЕБС-ийн хүүхдүүдэд ямар хэмжээний боловсрол олгох ёстой юм гэдгийг судаллаа. Мөн манай бүрэлдэхүүн Нийгмийн ардчиллын гол онолч доктор Томас Майер-тэй уулзсан. Энэ хүн бол зүүний төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудад зөвлөгөө өгдөг онолч хүн. Мөн дээрээс нь Герман улсын Социалдемократ намын үнэт зүйлсийн хорооны орлогч даргаар ажилладаг. Томас Майер-тэй уулзаж Социалдемократ үзэл баримтлалтай намууд болоод тэдний бодлогод тулгарч байгаа гол бэрхшээлийн талаар санал солилцохын зэрэгцээ түүнээс гарах арга замын талаар санал солилцсон.
-Ер нь ХБНГУ-ын ФЭС Монголд хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ. Цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярьвал?
-1993 оноос хойш ФЭС Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хоёр жилийн өмнөөс Монгол дахь суурин төлөөлөгчийн газар ХБНГУ-д байрлах төвтэйгээ шууд харилцдаг болсон. Түүнчлэн манай “Стратеги” академи 2014 оноос ФЭС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн айлчлал ч мөн ялгаагүй тэрхүү гэрээний дагуу хийгдэж байгаа юм. Ер нь Германы Социалдемократ нам бол МАН-ын Европ дахь түшиц хамтран ажилладаг гол нам нь л даа. Энэ үүднээс бид ФЭС-гийн Ази номхон далайн бүс нутаг хариуцсан газрын даргатай уулзаж “Стратеги” академи ФЭС-гийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар ярилцсан. Үүнтэй холбоотой ирэх тавдугаар сард Монголд “Хаврын академи” зохион байгуулахаар боллоо. Монголд социал демократ үзэл баримтлалтай зургаан улс төрийн нам байдаг. Эдгээр намуудтай хамтарч эдийн засгийн форм зохион байгуулъя гэж төлөвлөж ярилцсан. Мөн Германы Социалдемократ намын олон улсын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Франц Даннертай уулзсан. Энэ хүнтэй уулзаж МАН болон Германы Социалдемократ намын хамтын ажиллагааны талаар ярилцаж туршлага судаллаа. Тиймээс Социалдемократ намууд сонгуульд хэрхэн оролцдогыг намаас хүмүүс явуулж судлуулах, нөгөө талаар ажиглагчаар ажиллуулах чиглэлийн ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ хүн яг одоо Европарламентийн даргын сонгуульд Европын Социалдемократ намуудаас нэр дэвшсэн Мартин Шульцийн сонгуулийн штабыг удирдаж байгаа юм байна лээ.
-Та бүхний айлчлалын хөтөлбөрийг харлаа. ХБНГУ-ын Бундеста-д олон ажил суусан, Хууль зүйн сайдын албыг мөн л олон жил хашсан туршлагатай хүнтэй уулзжээ. Хамгийн гол нь тэр хүн Монгол Улсад олон удаа ирж, үе үеийн Засгийн газартай хамтарч ажиллаж байсан гэдэг нь анхаарал татаж байна?
-ХБНГУ-ын Хууль зүйн сайд болон парламентын гишүүнээр маш олон жил ажилласан туршлагатай хатагтай Херта Доёблер-Гмелинтэй уулзсан. Херта Доёблер-Гмелин бол Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Ингэхдээ авлигатай хэрхэн яаж тэмцэх, монголын иргэний нийгмийн байгууллагуудыг хэрхэн хөгжүүлэх талаар заавар зөвлөгөө өгч, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хатагтай Херта Доёблер-Гмелин монголын нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Түүнтэй Монголд ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж байна уу, үгүй юу гэдэг асуудлаар ярилцсан. Тэрбээр Монголд хууль эрх зүйн орчинд хийгдэж байгаа шинэчлэлд эргэлзээтэй хандаж байна лээ. Тодруулбал, Монгол орныг хэт нэг орны жишээгээр яваад байна уу даа гэж харж байгаагаа илэрхийлсэн. Бид ч Монгол дахь нөхцөл байдлын талаар тайлбарласан. Ерөнхийдөө хууль, шүүхийн байгууллага эрх баригчдын гарт орсон, шударга үнэн гэж байхаа болсон, Монгол ардчиллын үлгэр жишээ орон гэхээсээ илүү ардчилал яаж завхарч, дампуурч байгаа орны жишээ боллоо гэдэг асуудлаар санал солилцсон. Түүнээс гадна сонгуулийн саналаа яагаад автомат машинаар тоолдог юм гэж гайхаж асууж байна лээ. Ардчилал өндөр хөгжсөн, мэдээллийн технологийн тэргүүлэх орнууд сонгуулиа гараар тоолж буйг онцолсон.
Манай улс төрийн намууд зөвшилцөх гэдэг асуудлыг ярьдаг боловч хэрэгжүүлдэггүй. Харин Германы улс төрийн намуудын зөвшилцөх туршлагыг судалж үзсэн биз дээ?
-Германы Социалдемократ нам бол зөвшилцлийг их чухалчилдаг юм байна. Сая гэхэд л Социалдемократ нам Бундестагын сонгуульд ялагдсан. Харин Германы Христосын Ардчилсан нам хамгийн олон суудал авсан хэрнээ олонх болж чадаагүй юм байна. Тиймээс олон суудал авсан нам нь хоёр дахь том санал авсан Социалдемократ намд Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд Германы Социалдемократ нам нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулахад олонх нь хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Хамгийн гол нь Германы Социалдемократ нам өөрийнхөө сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдээс ийм зүйлүүдийг хэрэгжүүлнэ гэж асуудал ярьж, Засгийн газарт хамтарсан. Тиймээс ч нийгмийн чиглэлийн гол, гол яамдуудаа авсан. Ер нь Германы Социалдемократ нам Европын холбоо дотроо маш нэр хүндтэй, Европарламент болон Үндэсний хэмжээнд олон суудал авдаг нам л даа.
-Германы Социалдемократ нам гэлтгүй бусад улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзах боломж гарсан уу?
-Айлчлалын хүрээнд Германы бусад улс төрийн намуудын зарим төлөөлөлтэй уулзсан. Бундестагын гишүүн Германы Социалдемократ намаас салж гарсан Зүүний нам гишүүн болох Халина Вавциниак болон “Оюуны үүр” иргэний нийгмийн байгуулагын тэргүүн Ангела Маркуа нартай уулзсан. Тэд нийгэм, эдийн засгийн зарим санал нэгдэж буй тодорхой асуудлууд дээр хамтарч ажилладаг юм билээ. Би дээр хэлсэн зөвшилцлийн дагуу л ажлаа хийдэг гэсэн үг. Үүнтэй адил манай айлчлалын бүрэлдэхүүнд МАХН, ИЗНН-ын төлөөлөл багтсан. Цаашид МАХН, ИЗНН болон бусад улс төрийн намууд санал нэгдэж байгаа асуудлаараа хамтран ажиллах нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Олон хүмүүстэй уулзаж, туршлага солилцжээ. Хамгийн гол нь Монголынхоо хөрсөнд буулгах ямар шинэ ажил, санал санаачлагыг Герман улсаас авчирсан бэ?
-Ер нь ганзага дүүрэн олз омогтой л ирлээ шүү дээ. Сөрөг хүчин яаж ажилладаг, тэр тусмаа Социалдемократ үзэл баримтлалтай, засагт ороогүй сөрөг хүчин юу хийх ёстой зэрэг чухал асуудлын талаар туршлага судаллаа. Тэгэхээр эндээс нэг л гол гаргалгаа гарч байгаа юм. Тэр нь бидний мэддэг, ярьдаг нөгөө улс төрийн зөвшилцөл. Ерөөсөө л улс төрийн намуудтайгаа байнга уулзаж, санал солилцож, зөвшилцөж байх ёстой юм билээ. Сөрөг хүчин шүүмжлэнэ, ингэхдээ асуудлаас гарах арга замыг илүү зааж өгч, зөвлөдөг байх ёстой. Ингээд бодохоор МАН сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж ирсэн байгаа юм. Даанч эрх баригчдад зөвшилцөх, сөрөг хүчний дуу хоолойгоо сонсох гэдэг ардчиллын соёлын асуудал огтхон ч байхгүй. Ер нь сөрөг хүчин бол намын гишүүд, ард түмнийхээ санал бодолд тулгуурлаж иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаатай байж дараа дараагийн сонгуульд амжилт гаргадаг. Тиймээс МАН цаашид иргэний нийгмийн байгууллагатайгаа улам ойртож ажиллах ёстой. Түүнчлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн шийдвэрлэж буй бодлого арга барилын талаар Бундеста-гийн гишүүнтэй уулзаж санал солилцсон.
-Та монголын улс төрийн намуудыг төлөвшөөгүй гэж хэлэх гээд байна уу?
-Манай улс төрийн намууд бүрэн хэмжээнд төлөвшиж чадаагүй гэдэг нь хэд хэдэн зүйлээр илэрхийлэгддэг. Тухайлбал, намууд тодорхой үзэл баримтлалтай хэрнээ өөр үзэл баримтлалтай бодлого явуулж байна. Либерал хэрнээ хэт коммунист бодлого явуулдаг нам ч байна шүү дээ. Мөн зарим нэг нам нь эвслийн Засгийн газарт орсон хэрнээ өөрсдийнхөө зөвшилцөж тохирсон бодлогыг явуулахгүй жишээ байна. Мөн төлөвшөөгүй байгаагийн бас нэг жишээ бол улс төрийн намууд нэгнийгээ улс төрийн тогтворгүй байдал руу турхирч байна. Улс төрийн намуудын хуулийн хэлэлцүүлэг эхлэх гэж байхад нэгнийхээ орон байрыг шүүхийн шийдвэрээр далайлган булаан авч байх жишээний. Үүнээс харахад Монгол дахь улс төрийн намуудын төлөвшил болоогүй байна.
-Та бүхэн Германы Бундеста-гийн гишүүд нэр хүндтэй олон хүмүүстэй уулзсан гэлээ. Тэд Монгол Улсын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ямар мэдээлэл байх юм. Манайхыг их сонирхож байгаа болов уу?
-Монголын талаар маш сайн мэдээлэлтэй байдаг юм байна. Бидний уулзсан хүмүүсийн ихэнх нь Монголд олон удаа ирж байсан, монголын улс төрийн намуудтай ажиллаж байсан юм билээ. Тийм болохоор монголын асуудлыг маш сайн ойлгодог. Ер нь манай эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн ардчилал буруу яваад байна гэдгийг анзаарч байгаа юм шиг байна лээ. Биднээс “яг юу болоод байна вэ” гэж асуух жишээний. Цаашлаад монголд нөхцөл байдал хурцдах юм бол Арабын хувьсгал шиг зүйл болох вий гэдгийг бидэнд сануулсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ардчиллыг гажуудуулах хууль, эрх зүйн бодлогогүй үйл ажиллагаа явуулаад ирвэл нийгмийн дунд эгдүүцэл, бухимдал их төрнө. Тиймээс улс төрийн намууд зөвшилцөж, ойлголцох нь чухал шүү гэж байсан. Ер нь Германы Социалдемократ нам болон Германы бусад зүүны намууд Монголд болж буй үйл явдалд маш их анхаарал хандуулж байна лээ. Ерөнхийдөө айлчлалын тухайд гэвэл МАН Европын холбооны улс төрийн намуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх талд энэ удаагийн айлчлал ач холбогдолтой боллоо. Яагаад гэвэл Германы Социалдемократ нам Европдоо нөлөө бүхий голлох нам. Тиймээс эх орондоо улс төрийн боловсролыг зөв зүйтэй явуулах арга барилд суралцаад ирлээ. Ер нь Германы Социалдемократ намынхантай очиж уулзаж, санал солилцсон явдал бол МАН-ын хувьд Европ дахь гол түншлэлийн харилцаагаа сэргээсэн маш чухал үйл явдал боллоо гэж дүгнэж байна.
Ярилцсанд баярлалаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Quentin Ne font pas bon mur.