С.Оюун сайдаар хамгаалуулсан Ч.Ганбилэгийг давраагаад л байх уу

Улс төржилт хэрээс хэтэрч, боловсрол, эрүүл мэндийн салбарт ч халдварлаж байгаад ард олон ихэд харамсч байгаа. Аливаа улс оронд улстөржилт байдаг ч манайх шиг ийнхүү боловсрол, эрүүл мэндийн салбартаа халдаад байдаггүй аж. Тэр тусмаа манай Ерөнхий боловсролын сургуулийн зарим захирлын хэрээс хэтэрсэн үйлдэл газар авч байна. Дийлэнх нь нөлөө бүхий эрхмүүдийн хамгаалалд орж, хууль ёсноос гадуур аашлах нь хэтэрсэн явдал болов. Бид урьд өмнө ч энэ тухай мэдээлэл дэлгэж байсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэгийн хэрээс хэтэрсэн үйлдлийг цуврал баримтаар дэлгэж байна. Тус сургуулийн захирал Ч.Ганбилэг нь юуны өмнө Герман улс руу аялахдаа төсвийн мөнгөнөөс 5.7 сая төгрөг гаргуулан авч хууль зөрчсөн. Тиймээс энэ мөнгөө нөхөж төлөхийн тулд 2013 оны арванхоёрдугаар сард бүх анги удирдсан багш нарын анги даалтын мөнгийг олгоогүй. Залуу багш нарын 2013 оны арванхоёрдугаар сард тусгай сургуулийн нэмэгдэл 30 хувийн цалинг олгоогүй, дунд ангийн багш нарын илүү цаг заасан хөлсийг мөн олголгүй хувьдаа завшсан мөнгөө нөхсөн аж. Эрх барьж буй улстөрийн хүчний нөмөр нөөлөгт ийнхүү дураар авирладаг захирлуудын нэг бол яах аргагүй Ч.Ганбилэг мөн гэдгийг багш ажилчид хэлж байгаа юм.

Уг нь Ч.Ганбилэг захирлын энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохоор багш нар нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Чулуунхүүд хандажээ. Гэтэл эрхэм захирал маань “Та нар юу дутсан гэж бичиг цаас болж гүйгээд байгаа юм. Үйлдвэрчний эвлэлээр яваад юу ч олж долоохгүй” хэмээн загнаж, 18 хүний гарын үсэгтэй баримтыг хурал дээр урсан байх юм. Тодотговол баримтыг устгаж, хууль ёсноос гадуур аашилсан аж. Ч.Ганбилэг захирал нь С.Оюун сайдаар хамгаалуулдаг учраас ийнхүү хууль бус үйлдэл хийж, түүндээ эрэмшиж явдаг нэгэн гэдгийг ч тэд нуугаагүй. Учир нь тэрээр С.Оюун сайдын хүүхдэд гэрээр хичээл заадаг, дотно танилууд учраас ийнхүү 55 дугаар сургуулийн захирлаар томилогдож, улмаар дураар аашилж суудаг бололтой юм. Төрийн сайдын хамгаалалтад байдаг учраас Ч.Ганбилэг захирал ёстой л “намайг хэн хэлж нохойг хэн саахав” хэмээн явдаг нэгэн аж. Хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын нэгэн сайдаар хамгаалуулсан хууль бус үйлдэл хэзээ болтол үргэлжлэх вэ. Үүнийг таслан зогсоохыг ч БШУ-ны сайдаас хүссэн алба хаагчдын буухиа зогсохгүй гэдгээ ч хэлсэн юм. Тиймээс эх сурвалжийн ирүүлсэн баримтуудыг дор дэлгэе.

1.Сонгон шалгаруулалтад оруулалгүй 13 хүнийг ажилд авсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл.

2..Бямбасүрэн, н.Батцэцэг нарын багшийг 2013 оны есдүгээр сард ажилд авсан байтал наймдугаар сарын 15-ны өдрөөр тушаалыг нь гаргаж хууль зөрчсөн.

3.БШУЯ-наас хэрэгжүүлсэн 150 сая төгрөгийн 15 саяыг хувьдаа завшсан учраас нэр бүхий дөрвөн багш үүнийг нь дэлгэсэн учраас архи уусан нэрийдлээр ажлаас нь халсан. Гэтэл ҮЭХ-ны дарга Х.Чулуунхүү нь дээрх халагдсан багш нарын эрх ашгийг хамгаалах ёстой атал захиралтайгаа үгсэн хуйвалдсан.

4. 2013 хоёрдугаар сард багш нарын баяраар өөрийгөө шагнуулах гэж Нийгмийн хамгааллын яамны ажилчдыг түрээсийн орлого болох 700 мянган төгрөгөөр дайлсан.

5. Мөн ажилд шинээр томилогдсон даруй албан өрөөг дөрвөн сая төгрөгөөр тохижуулсан. Мөн төсвийн гурван сая төгрөгийг өөрийнхөө хүүгийн компани руу шилжүүлж, эд зүйлс авсан.

6.Хүүхэд хөгжүүлэхээс бусад үйл ажиллагаанд ашиглахгүй хэмээсэн БШУ-ны сайдын тушаал зөрчиж, сургуулийнхаа биеийн тамирын заалыг хувийн ашиг сонирхлын үүднээс түрээслэж хувьдаа завшдаг.

7.Тусгай сургуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт орж туслах багш ажиллуулах заалт орсон. Энэ хууль нь 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч мөнгө хүрэлцэхгүй хэмээн багш нарын цалинг хассан. Тэгсэн хэрнээ хууль зөрчиж, хоёр багшийг ажилд авсан.

8.Ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нэг жилийн хугацаатай байгуулж хууль зөрчсөн.

9. Өөрийг нь хүрээлдэг, гар хөл нь болж, хошуу амаа худалдаж явдаг бүлэг нөхдөд цалингийн урамшууллаас эхлээд олон зүйл дээр хувийн эрх ашгийн үүднээс хамтарч ажилладаг. Өөрийг нь шүүмжилсэн, дутагдлыг нь хэлсэн хүнийг дарамталдаг. Ажиллах нөхцлөөр боомилдог гээд дурдаад барахгүй олон зөрчил энэ захиралд бий. Тиймээс тус сургуулийн хэсэг алба хаагчид, багш нар дээрх зөрчлүүдийг нь шалгаж холбогдох арга хэмжээ авахыг хүссэн АТГ-т хандаад байгаа аж. Ч.Ганбилэг захирал нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багшийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гээд Ч.Ганбилэг захирлыг шалгаж холбогдох арга хэмжээ авч өгөх хангалттай зөрчил байгааг ч хэлсэн билээ.

А.Гал

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих