“Баялгийн сан” эдийн засгийг дэмжинэ
Дөрвөн жилийн өмнө валютын урсгалаа дийлэхгүй байсан Монгол Улс эдүгэ валют мөрөөдөж сууна. 2010 онд гаднаас орж ирсэн валютыг зах зээлд шингээхэд бэрх байсан ч энэ нь эдийн засгийг тогтворжуулах улмаар өсөлтийг бий болгоход чухал нөлөө үзүүлж байсныг Монголбанкныхан тодотгож байна.
Харин 2013 оноос манай эдийн засгийг бүрдүүлэгч гол хөшүүргүүд хумигдан валютын ханш өсч, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч буй нь нийгэмд сөрөг нөлөөллийг ихэсгэсэн. Энд, тэндгүй эдийн засаг доройтлоо, худалдан авах чадвар муудлаа, компаниуд хүмүүсээ цомхотголоо, ам.долларын зээл авсан иргэд төрөөс болж хохирлоо гэсэн яриа газар авч байна. Энэ бүхний буруу нь ам. долларын ханшийн өсөлт гэдэгт төвлөрөх болов. Төгрөгийн ханш суларснаар эдийн засаг эвгүйдлээ, 2008 оны хямрал руу дахин орох нь гэх үгс хүн бүрийн амнаас гарч байна.
2011 он бол монголчуудын хувьд түүхэнд байгаагүй эдийн засгийн өндөр үзүүлэлттэй үе байв. Уул уурхайн салбар буюу алт, зэсээс гол орлого төвлөрч байсан бол тухайн жил нүүрс нэмэгдэж, экспорт, гадаад валютын урсгал эрс өсч, баруун солгойгүй мөнгө урсгаж байлаа. Хүн бүрт 70 000 төгрөг тарааж байсанд тухайн үед иргэд халаглаж суусан. Энэ мөнгөөр хуримтлал үүсгэж хадгалсан бол өнөөдөр өгөөж нь гарах байж хэмээн өмнөх үйлдлийг буруутгагсад олширов. Одоо байгаа нөхцөл байдлаас гарахын тулд валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж орлого өсөх аж. Түүнчлэн гадаад зах зээлд найдлага тавихгүйгээр төлбөрийн тэнцлээ хэрхэн сайжруулах вэ гэдгээ бодох нь зөв гэдгийг эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл экспортоо сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, урт хугацааны зээлийг банкуудад татах хэрэгтэй аж. 2011 оных шиг уул уурхайн экспортын өсөлтгүй ч өнгөрсөн онд барилга, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийг үүрч гарсныг Монголбанкнаас онцлов. Тэдний үзэж буйгаар эдийн засгийн үзүүлэлт харьцангуй боломжийн гарсан гэдгийг тодотгож байв. Түүнчлэн Оюутолгой ажиллахгүй ч монголчууд амьдарч болж байна хэмээн үзэх хүмүүс бий.
Манай улсын экспорт суларч, орох орлого нь өмнөх онуудаас 800 сая ам.доллараар багасчээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд экспортоос 5 тэрбум ам. доллар, хөрөнгө оруулалтаас 5 тэрбум ам.доллар олж байж манай эдийн засаг боломжийн түвшинд очих юм байна. Тиймээс валютын урсгалыг монгол руу татах нь хамгийн оновчтой хувилбар болох нь. Түүнчлэн “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” дээр гэгчээр Бидний хөрш Хятад улс гэхэд 3.2 их наядаар тооцогдох валютын нөөцтэй гэнэ. Тус улсын эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь хятад хүн бүр үйлдвэрлэгч байх ёстой гэсэн үзэл суртал юм. Ингэснээр тэд экспортоо тэлж, эдийн засгийн чадамжаа богино хугацаанд өсгөж чадсан. Тиймээс Монгол Улс үйлдвэрлэгч болж импортоо хумих нь хамгийн том гарц гэдгийг энгийн жишээнээс харж болохоор байна. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн өсөлт нь дундаж болон амьжиргааны баталгаажих түвшин доогуур иргэдэд шууд нөлөөлж байгаа юм. Харин өндөр орлоготой буюу чинээлэг иргэдэд нөлөөлөхгүй гэдэг нь худалдан авах чадвараас харагдаж байна. Тодруулбал өндөр өртөгтэй чанартай гэгдэх хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт буураагүй бол өртөг багатай хүнснийх буурч байгааг статистик үзүүлэлт илэрхийлж буй юм. Аль ч улсын эдийн засгийг нуруундаа үүрдэг хүмүүс нь дундаж давхрага гэдэг. Гэтэл манай улсын дундаж давхрагад ордог хүмүүс дэлхийн түвшнээс доогуур байгааг гадныхан хэлсээр ирсэн. Түүнчлэн АХБ-наас Монгол Улс мөнгөний зөөлөн бодлогоо чангаруулахыг зөвлөж байгаа. Харин үүнд Монголбанкны зүгээс валютын ханшийг суллахад амархан ч гарах үр дагавар нь одоо байгаагаас илүү эрсдэл дагуулна хэмээн тайлбарлаж байна. Валютын ханшийн чангаралтаас болж худалдан авалт муудаж байгаа ч нөгөө талдаа импортыг агшааж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эерэг талтай аж. Нэг үгээр хэлбэл хүнсний бүтээгдэхүүнээс илүү гарахгүй худалдан авалт нь импортыг хумих юм байна. Тиймээс бүсээ чангалахаас өөрцгүй болох нь ээ. Ийнхүү эдийн засаг дэвэлзсэн өдрүүд үргэлжилж байна.
Энэ оны эдийн засгийн төлвийг одоогийн байгаа нөхцлөөр төсөөлөхөд имфляци 8 хувьд хүрэх, 20 орчим мянган хүн ажилгүй болох магадлалтай хэмээн эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Наад зах нь оны эхний улирлын байдлаар нүүрснээс олох орлого сайжрахгүй гэдэг нь тодорхой болсныг өгүүлж байгаа. Эдийн засаг ийм байгаа үед найдлага тавих гол салбар нь барилгажилт, моргейжийн зээл гэх хүн ч байна. Харин Төвбанкнаас эдийн засгийн сулрал улирлын чанартай байдгийг онцолж байв. Урин цаг ирж бизнес, бүтээн байгуулалт өрнөх энэ үед валютын урсгал нэмэгдэх талтай гэнэ. Түүнчлэн эхний улирлын эдийн засгийн байдлыг дүгнэхэд эрт байгааг тэд санууллаа.
Б.Заяа montsame
URL: