Төмөр замын төсөлд тендергүйгээр шалгарсны цаана…
“Ройтерс”-ын мэдээ: Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд “Ройтерс” агентлаг бидэнтэй холбоотой нэгэн мэдээлэл цацсан нь Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын бэхэлгээг Германы алдарт “Вослох” компани хийхээр болсон тухай байлаа. Харин ийм шалгаруулалт болсон эсэх талаар Монголын хэвлэл мэдээллээр ямар ч мэдээлэл гарсангүй, бас мэргэжлийн байгууллагууд нь ч энэ талаар тайлбар хийсэнгүй. “Ройтерс”-ын мэдээлснээр бол “Вослох” компани энэ төмөр замын бэхэлгээг хийх гэрээг 27 сая доллараар үзэглэсэн байна. Одоогийн ханшаар 48.1 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ хөрөнгийг Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг C&T” компани гаргаж байгаа бөгөөд угтаа бол Чингис бондын л мөнгө. Учир нь, Засгийн газар Чингис бондын мөнгөөс 400 сая долларыг нь төмөр замын энэхүү төсөлд зарцуулахаар болж, “Самсунг C&T” рүү эхний хэсгийг шилжүүлээд байсан билээ. Мэргэжлийнхний хэлж байгаагаар нэг км төмөр замд 1840-2040 ширхэг бэхэлгээ ордог. Үүнийг дунджаар нэг км-т 2000 ширхэг бэхэлгээ орно гээд тооцвол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд 534 мянган ширхэг бэхэлгээ шаардлагатай. “Ройтерс”-ын мэдээ үнэн бол “Волсох” нэг бэхэлгээгээ 50.5 доллараар нийлүүлэх нь.
“Ган зам”-ын мэдээ
Өнгөрсөн гуравдугаар сард Зам тээврийн сайд А.Гансүх Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад айлчлав. Энэ айлчлалын талаар Төмөр замын харьяа “Ганзам” сонин дэлгэрэнгүй сурвалжлага нийтэлсэн байсан. Уг сурвалжлагад анхаарал татсан нэгэн зүйл байсан нь төмөр замын бэхэлгээний дэлхийн дундаж үнийн тухай байлаа. Айлчлалын үеэр мэдэгдсэнээр, “Ган зам”-ын мэдээлснээр төмөр замын нэг ширхэг бэхэлгээний дундаж үнэ нь 20.5 доллар байдаг ажээ. 20.5 доллар шүү! Энэ нь манай улсын их бүтээн байгуулалт 1800 км төмөр замын эхлэл Тавантолгой-Гашуунсухайтын замын бэхэлгээнд санал болгосон “Волсох”-ын үнээс 2.4 дахин бага байдаг байна шүү. Дэлхийн дундаж үнээр бэхэлгээг авсан бол 27 сая доллараар бус 11.2 сая доллараар л авах байж. Зөрүү нь 15.7 сая доллар буюу 28 тэрбум төгрөг байх нь. “Вослох”-д илүү төлж байгаа 28 тэрбум төгрөгөөр Буянт-Ухаа хорооллын жишгээр 600 айлын орон сууц барьж болох нь байна. Дэлхийн дундаж үнээс 2.4 дахин их үнээр бэхэлгээ төмөр авах гээд бийлэгжүү загнаад байгаа энэ хөрөнгө нь гэтэл бидний ирээдүйгээсээ зээлсэн мөнөөх л Чингис бондын мөнгө.
“Волсох” хийгээд “Суурь”
Чингис бондын мөнгөөс ийн авахаар болсон Германы “Волсох”-ын Монгол талын төлөөлөгч нь Монголын “Натуррэйл” ХХК. Энэ компанийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны хоёрдугаар сарын эхээр Б.Батболд байгуулж байжээ. Харин хориодхон хоногийн дараа “Натуррэйл” ХХК дөрвөн хувь нийлүүлэгчтэй болж өргөжжээ. Хувь нийлүүлэгчдийн нэг нь “Суурь”компанийн захирал Х.Чинболд агаад түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн худ хэмээдэг. Ерөнхийлөгчийн худын компани “Самсунг C&T”-ын зарцуулж байгаа Чингис бондын мөнгөөс ийн тендергүйгээр зарцуулах эрх дан ганцыг ч аваад зогсоогүй ажээ. “Суурь”-ийн охин компани болох “Монголын дэр” нь мөн л Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бетонон дэр нийлүүлэх эрхийг “Самсунг C&T” –аас авсан байдаг. Төлөвлөсөн ёсоор бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулах ёстой. Үнэхээр л энэ төлөвлөснийхөө дагуу явбал энэ сарын 1 гэхэд 70 мянган битонон дэр газар шорооны ажил нь явагдаж байгаа энэ замын хажууд байж байх байв. Харамсалтай нь “Суурь”-ийн охин компани “Монголын дэр” нь битонон дэрийг нийлүүлж эхлэх нь бүү хэл үйлдвэрээ ч байгуулаагүй аж. Үйлдвэр байхгүй компанийн юунд нь найдаж, итгэж битонон дэр нийлүүлэх эрхийг “Самсунг C&T”-ийнхэн олгосон юм гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй үүний цаана нэлээд нөлөө бүхий хүний эрх ашиг нуугдаж байж болох юм. Уг нь бол төмөр замын бетон гэдэг 600 маркийн, маш өндөр даралтыг даах хүчин чадалтай, мэргэжлийн өндөр шалгуур шаарддаг.Арматурыг нь гэхэд л татаж, сунгаж агшааж, нэг ёсондоо хүчитгэж хийдэг. Дотроо янз бүрийн урвалд орчих эрсдэлтэй тул бетон зуурах усанд нь хүртэл өндөр шалгуур тавьдаг бөгөөд элдэв янзын эрдэст усаар төмөр замын бетон зуурахыг хатуу хориглодог. Харин Тавантолгой-Гашуунсухайтын замыг барих “Монгол дэр” нь дээр хэлсэнчлэн үйлдвэр нь ашиглалтад ороогүй, үйлдвэр байгуулах газар нь Өмнөговьд гэсэн сураг л байдаг. Хэзээ ч ашиглалтад орох үйлдвэр юм, ашиглалтад орлоо гэхэд бетон зуурах усаа говийн хаанаас ч олох юм. Хэрвээ Чингис бондын мөнгөөс зарцуулж байгаа “Самсунг C&T”-ийнхэн энэ бүхэн дээрээ нээлттэй тендер зарлаад шалгаруулалт явуулсан бол дэлхийн жишгийн үнээр бэхэлгээг авах боломжтой байж, үйдвэртэй, стандартын дагуу үйлдвэрлээд нийлүүлэх бетонон дэрний компани ч шалгарах боломж байжээ. Тодруулбал, “Улаанбаатар БҮК” XK компани өчнөөн сая доллараар бетонон дэрний үйлдвэр барилаа л гэсэн. Төмөр замын төслийн шалгаруулалтад оролцож, б嬬тонон дэр нийлүүлэх хэтийн зорилгоо ч удирдлагууд нь ил далд мэдэгдэж байсан. Ерөнхийлөгчийн худын компани энэ бүхнийг тендергүйгээр авчихаагүйсэн бол энэ мэт үндэсний олон компанид их бүтээн байгуулалтад оролцох зам нь нээлттэй байлаа. Мөн л Ерөнхийлөгчийн худын Монгол талын төлөөлөгчөөр нь ажилладаг компани тендергүйгээр авчихаагүй бол төмөр замын бэхэлгээг 28 тэрбум төгрөгийн хямд өртгөөр, дэлхийн жишигт нийцсэн үнээр нийлүүлэх дэлхийн хэмжээний компаниуд олдох байлаа.
С.Ононтуул (Үндэсний шуудан сонин)
URL: