ГССҮТ-ийн ерөнхий захирал асан Ц.Энхбаяр эмчтэй уулзлаа. Тэрбээр 2013 оны есдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн захирлаар зургаан сар ажилласан. Энэ албанд томилогдоод ажлаа хүлээж аваагүй байхад нь гэмтлийн эмч нар эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн. Улмаар ажил хаялт зарлаж 150 хүн ажлаасаа халагдах хүсэлт гаргасан. Нөхцөл байдал ийн ширүүсч Н.Удвал сайд ГССҮТ эмнэлэг дээр сайдын зөвлөлөө хуралдуулж эмнэлгийн ажилчин, албан хаагчидтай уулзсан. Ингээд ГССҮТ-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах болж шийдвэр гартал Ц.Энхбаяр эмч захирлаар ажиллах болсон. Эсэргүүцэл, ажил хаялт, өргөдөл гомдол болон өөртэй нь холбогдолтой янз бүрийн сөрөг мэдээлэл дунд албан үүргээ гүйцэтгэж явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаагүй нь шуугианыг гал дээр тос нэмэх мэт дэврээж байв. Харин энэ удаа түүнтэй дэлгэрэнгүй ярилцсан юм.
-Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэйг, сайжруулах боломж байгааг харсан-
-Таны ажлын дадлага туршлагаас яриагаа эхэлье?
-Би 1992 онд АУИС-ийг төгсөөд гуравдугаар эмнэлэгт ирсэн. Тэнд мэдрэлийн мэс заслын эмчээр 17 жил ажилласан. Дараа нь “Ачтан” эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг шинээр байгуулж ажилласан. Тэр үед улсын эмнэлгийн тоног төхөөрөмж тааруу учраас олон хүн Бээжин, Хөх хот руу их явж эмчлүүлж байлаа. Хүний нутгийг амь тэнсэн зорьж, зардал чирэгдэл ихтэй, ард иргэдэд маань хэцүү бэрхшээлтэй байсан. 2006 он шүү дээ. Тэгээд бидний хэдэн эмч бизнэсмэнүүдтэй ярилцья, тэдэнд ойлгуулж, хэрэгцээтэй тоног төхөөрөмж, эм тариа зэргийг оруулж ирж хувийн эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг байгуулъя, гадаад урсгалыг зогсооё гэж ярилцсан. Үүнийгээ “Пума групп”-ийн ерөнхий захирал Н.Нацагдорж гэдэг хүнд хэлэхэд биднийг дэмжиж, асар өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг ХБНГУ-аас цоо шинээр нь авч суурилуулж өгсөн. Тэр хүн та нарын мэргэжлийг хүндлэж, дэмжиж, Монголынхоо ард түмний төлөө хийж байгаа юмаа, та нар сайн ажиллаарай гэж хэлж байсан. Ингээд Монголд байхгүй багаж хэрэгсэлтэй болж, гадаад руу явуулж байсан хагалгаануудаа дотооддоо хийж эхэлсэн. Үр дүн ч сайн гарч, Монголд эмчилгээгүй гэсэн олон хүн биднээр эмчлүүлж эдгэдэг болсон. Улсын болоод хувийн эмнэлэгт ажиллах явцдаа эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэйг, сайжруулах боломж байгааг харсан. Тийм учраас ЭМЯ-ны харьяа 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт зарлахад оролцсон.
-Гэхдээ та сайдын шууд томилгоогоор ГССҮТ-ийн захирлаар ирсэн?
-Тэгсэн. Өнгөрсөн оны 9 сард томилогдсон.
-Энэ хугацаанд маш олон асуудал үүсч бужигнасан. Тэр талаар?
-Гэмтлийн эмнэлгийн асуудал их ярвигтай байсан. Олон сар даргагүй явцгаасан, дотроо янз бүрийн ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон. Хэдхэн хүн бүхий л үйл ажиллагааг гартаа авчихсан, захиргаа нь ч дийлэхээ байчихсан ийм л байлаа. Ерөөсөө намайг ирэхээс өмнө түр хороо гэдэг юм байгуулчихсан, ажил хаялт суулт гэсэн юмнууд зарлаад эхэлсэн шүү дээ. Олон хүнийг шахаж дарамтлаж халагдах өргөдөл бичүүлж, турхирч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-ийн дагуу ажлаас халж өг, хөдөлмөрийн гэрээ цуцлаад аль, одоо тушаал гаргаж өг гэж шаардаж гаргуулчихаад дараа нь намайг халчихлаа гээд нийгэмд эсэргүүцэл зарлаад, шүүхдээд яваад байх жишээтэй. Үнэхээр ёс суртахууны хувьд асар доройтолд орсон байна. Хүнийг гүтгэсэн, доромжилсон сөрөг мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмнийг залхтал явуулсан даа. Эрүүл мэндийн салбарийн нэр хүндийг ч их унагалаа. Гэтэл салбарын яамны зүгээс энэ эмнэлэгт агаар оруулж, шинэчлэлт хийх гэж үзээд л байна шүү дээ. Энэ чинь хувийн эмнэлэг биш улсын эмнэлэг. Гэтэл төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцээд ганц намайг бүү хэл яамыг хүртэл хүнд байдалд оруулсан шүү дээ. Энэ асуудал 11 дүгээр сараас намжиж, шинэ удирдлагын баг бүрдэж, өөрчлөлт шинэчлэлт хийхийн төлөө нилээд ажиллалаа. Бас нилээн хүнд сорилтыг туулсан.
-Та ажлаа юунаас эхлэв?
-Дотоод дүрэм журмаа өөрчлөх шинэчлэхээс эхлээд байгууллагын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох, ажлын тайлан гаргах, төлөвлөгөө стратеги боловсруулах, эм эмнэлгийн хэрэгслийн тендерээ үнэн зөв явуулах гээд хийх ажил маш их байлаа. Мөн бүтцийн өөрчлөлт хийж, тасаг нэгжүүдийн удирдлагыг шинэчлэх өөрчлөх, үйлчилгээний соёлыг бий болгох, мэргэжлийн хэт монопол байдлыг арилгах, багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт гээд эргээд харахад чамлахааргүй юмыг бид хийжээ. Одоо манай гэмтлийн эмнэлгийн маань байдал ер нь их аятайхан болчихсон шүү.
-Ирэх сургаар нь эсэргүүцэл илэрхийлээд элдэв янзын мэдээлэл тархсан. Ингэж дарга болох ямар хэрэгтэй юм бэ гэж бодогдсон?
-Олон хүн ингэж бодсон. Гэвч яагаад өнөөдрийг хүртэл энд зогссон бэ гэдэг л гол шалтгаан. Улс нь юмаа мэдээд яамны сайд нь бүрэн эрхийнхээ хүрээнд томилгоо хийгээд энэ хүн өөрчлөлт оруулж чадна гэж сонгосон байх. Тийм учраас улс юмаа мэдэх ёстой, тангараг өргөсөн эмч хүн үүрэгт ажлаа хийх ёстой гээд л тэсч байлаа. Тэгэхээс биш албан тушаалд дуртайдаа биш юм шүү дээ. Хэн ч гэсэн ийм бугшсан асуудалтай газар ажиллахыг хүсэхгүй.
- Тэр хүнд үед наад ажлаа боль, өг гэж хэлэх хүмүүс байсан биз?
-Олон хүн ингэж хэлж байсан. Болиход амархан шүү дээ. Хамгийн амархан зүйл бол ухрах няцах. Энэ бол улсын эмнэлэг, төрийн үйлчилгээний байгууллага. Ер нь төр засгийн тушаал шийдвэр хэрэгждэг байх ёстой, нэг хэсэг хүн эсэргүүцэхээр л гаргасан шийдвэр тушаалаа буцаадаг байж болохгүй биз дээ. Ер нь нэг ийм жишиг тогтчихоод байна шүү дээ. Энэ төр засаг нь дийлэхгүй бол тэгээд хэн нь дийлж, хэн нь улс орноо авч явах юм бэ. Ялангуяа хүний амь насыг хариуцдаг эрүүл мэндийн энэ эмзэг салбарт бүх зүйл хууль ёсны дагуу явдаг байгаасай гэж би боддог. Тэгээд энэ ажлыг хэн хийх вэ. Яам тодорхой хугацаагаар байр сууриа хадгалсан. Сайд ч хэлсэн, би ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр ч удаа санаа бодлоо хэлсэн. Байдлыг тайлбарлах гэж оролдсон. Мөн энэ үеэр нийгэмд намайг муухай болгож харагдуулах гэсэн маш их сөрөг, худлаа мэдээллүүд цацагдсан. Тэр болгонд тайлбар няцаалт хийх боломж, цаг зав надад байсангүй. Эцсийн дүндээ юмыг зөв талаас нь олж харж чаддаг хүмүүс Энхбаярыг ойлгосон гэж боддог. Бүгд зуун хувь ойлгох албагүй шүү дээ.
-Үнэхээр тэнд ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон-
-Тэнд юуны төлөөх ашиг сонирхол байна вэ?
-Үүнийг би шууд хэлнэ. Үнэхээр тэнд ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон. Үүнийг оношлогоо эмчилгээний чиглэлээр гэж салгаж яривал ойлгомжтой байх болов уу. Оношлогооны чиглэлээр гэхэд эмнэлгийн эргэн тойрон хувийн эмнэлгээ байрлуулчихсан, ирсэн хүмүүсийг манай компьютер муу тийшээ яв гээд явуулдаг, тэгээд эмч нартаа хувь өгдөг. Өдөрт гэмтлийн эмнэлэгт 200-300 хүн ирдэг. Гэтэл цаана нь сайн муу хоёр ч СТ улсын эмнэлэг дотор ажиллаж байна. Хувийнх руугаа явуулахын тулд улсын СТ-г гацаах, эвдэх, горимыг нь алдагдуулах зэрэг зүй бус үйлдлүүд гаргадаг тухай зарим эмч нар нь ярьж байх жишээтэй. Тэр сүлжээгээ таслуулчих вий гэхээс айсан. Эмчилгээний чиглэлээр гэхэд хугарч гэмтсэн ясыг эвлүүлж хаддаг, барьж боодог тэр түгжээт хадаас, имплант, нуруу нугасны бэхэлгээ, хиймэл үе зэрэг нь мөн сүлжээнд орчихсон. Мөнгийг зүгээр л чөлөөтэй авдаг. Амандаа орсон тоогоо хэлдэг. Саяхны жишээ ярихад шууных нь нэг яс хугарсан ядарсан өвгөнд зургаан сая төгрөгөөр хагалгаа хийнэ гэнэ. Нөгөө муу өвгөн чинь ах дүү нартайгаа нийлж цуглуулаад арай гэж 5 сая болгосон, одоо сая төгрөг яаж олноо гээд шаналаад байж байх жишээтэй. Уг нь бол үнэгүй хийчих хагалгаа. Шаардлагатай хадаас болон бусад хэрэгцээтэй зүйлсийг улсаас тодорхой хэмжээгээр, тендерээр хангаж байгаа ш дээ. Тэгэхэд л ингэж байна. Манай улсын ард иргэдийн амьдралын түвшин ямар билээ, эмч хүн бас энэ тал дээр хүнлэг, ухаалаг хандах хэрэгтэй шүү дээ. Юм л бол тогтолцоо буруу гээд байх биш, болгож болох, зохицуулж болох арга замууд байнаа. Гэмтэж бэртсэн хүмүүс тэдгээрийн ар гэрийг эдийн засгийн болоод сэтгэл санааны дарамтад оруулахгүйгээр эмнэлэгт тэр тусмаа эмч эмнэлгийн ажилчдад цаашлаад улсад ч ашигтай байдлаар энэ сүлжээ завхралыг арилгаж, цаашид зөв гольдролд нь оруулах боломжтой гэж бид үзэж байгаа.
-Аваар осол, гэмтэл бэртэл чинь гэнэт л болдог болохоор хүмүүс айж цочирдоод хэлсэн мөнгийг нь бушуухан өгч хүнээ аврахыг л бодно?
- Тийм ээ. Хүмүүсийн энэ сэтгэл зүй дээр тоглож болохгүй л дээ. Манай иргэдэд ч бас учир дутагдал бий. Аманд нь ордог. Ах дүү нарынхаа хүчээр эмчилгээ үйлчилгээ авч чадсан хүмүүс байгаа ч тэгж чадахгүй нь үүнээсээ олон. Иргэд байдалд ул суурьтай хандаж, ядаж захиргааны хүмүүстэй нь уулзаж, асууж тодруулж байх хэрэгтэй. Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас бас ч гэж овоо мөнгө төсөвлөгддөг. 2014 онд гэхэд зөвхөн хадаас имплант авахад зориулж зургаан зуу гаруй сая төгрөг гаргаж өгсөн шүү дээ. Үүнийг хэрэглэхэд иргэд үнэ төлөх ёсгүй.
- Таныг өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн гэж сонслоо?
- Тэгсэн.
- Хэнд ажлаа өгөв?
-Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмчид өглөө. Тэр дараагийн сонгон шалгаруулалт хүртэл хавсран гүйцэтгэгчээр ажиллана.
- А.Мөнхтайван гэдэг хүн ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцлээ гээд байсан. Тэр хүн яагаад больчихов?
-Ар гэрийн гачигдлаар гээд өргөдлөө өгсөн гэсэн.
-Одоо дахиад сонгон шалгаруулалт зарлагдах уу?
-Тэгнэ гэсэн.
-Ганцхан гэмтлийн эмнэлэг дээр л дахин дахин сонгон шалгаруулалт зарлаад байх юм. Халдварт, хавдар гээд эмнэлгүүдийн дарга нар бас яг л тань шиг сайдын томилгоогоор ажиллаж байна. Тэр эмнэлгүүд дээр яагаад сонгон шалгаруулалт явагдахгүй байгаа юм бол?
-Мэдэхгүй ээ. Төрийн албаны зөвлөлийн өөрийнх нь сонирхол л байх. Мөн сайдын эрх мэдлийн асуудал шүү дээ.
- Таныг ажлаа өгөхгүй алга болчихлоо, зугтчихлаа, сайдыгаа шүүхэд өгчихлөө гэсэн. Энэ үнэн үү?
-Бүгд л худлаа мэдээлэл. Жингийн цуваа явж л байя, жингэр нохой хуцаж л байг гэж үг байдаг биз дээ. Ажлаа сайхан хүлээлгэж өгсөн. Цаашдаа тэгээрэй ингээрэй гэдэг юмнуудаа хэлж өгсөн.
-Танд тэнд шунах зүйл бол байхгүй юу?
-Юу ч байхгүй. Манай улс ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжээд хорь гаруй жил боллоо. Одоо энэ идэж уух, завших гэдэг ойлголт байж болохгүй ээ. Улс орноо хөгжүүлмээр байна. Хяналтыг чангатгамаар байна. Надад ерөөсөө л салбараа өөрчилье шинэчилье, ахиц дэвшил гаргая гэсэн хүсэл зорилго бий. Би эмчийн гэр бүлд өсөж хүмүүжсэн, салбартаа өөрийгөө боломжийн түвшний боловсон хүчин гэж боддог. Ямар ч хүнд мэргэжлийн хүсэл зорилго бий. Би тэр дагуу л яваа. Тэгэхээс биш тэнд очоод мөнгө төгрөг завшаад, баяжиж хөлжих гэсэн бодол санаа байхгүй. Арчаагүй, дорой, хулгайчийн сэтгэлгээтэй хүн л тэгж зорьдог байх. Тийм хүнээс харин төр засаг болгоомжлох хэрэгтэй. Ийм хүнийг удирдах албан тушаалд тавьж, улсын төсвийг захиран зарцуулах эрх өгч хэрхэвч болохгүй.
-Өмнө нь таныг III эмнэлгийн даргаар очоод бас эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг. Энэ талаар?
-Үүний өмнөх сонгон шалгаруулалт 2006 онд болсон. Тэрэнд оролцож тэнцээд нөөцөнд байж байтал гэнэт 3-р эмнэлгийн даргаар томилсон. Тэгэхэд Б.Батчулуун гээд дарга байсан. Тэгээд ажлаа авах гээд очсон чинь жинхэнэ тамгаа аваад зугтаадаг юм чинь болсон доо. Тэгэхээр нь больчихсон.
-Надад ямар ч тийм татаас, хаалт хамгаалалт байхгүй-
- Ц.Энхбаяр эмчийн ард нөлөө бүхий хүн бий гэдэг…?
-Тийм юм байхгүй ээ. Би өөрийнхөөрөө л яваа. Тэр ч бүү хэл томилгоо хийхээс өмнө Н.Удвал сайдыг ч тийм сайн мэддэггүй байсан. Нүүр тулж уулзсан минь цөөн гэхүү дээ. Надад ямар ч тийм татаас, хаалт хамгаалалт байхгүй.
-Та энэ эмнэлэгт чадвартай, зөв хандлагатай боловсон хүчин олон бий гэж хэлж байсан?
-Ер нь олон бий. Наанаа л хэдэн хүн ингэж байснаас биш цаанаа шинэчлэлийг хүлээж, хүсч байжээ гэж бодогдсон. Үүнийг би тодорхой хэмжээнд хийж өгсөн. Эргэж ирээд ажлаа хийгээч, зорьсноо биелүүлээч, үр дүнг нь хараач гэсэн хүсэлтийг манайхан хэлж байгаа.
-Тэр эсэргүүцдэг хүмүүстэй мэдээж тулж, уулзаж ярилцсан биз дээ?
-Бүгдтэй нь уулзсан. Тэд нар чинь их сонирхолтой хүмүүс. Нүүр тулаад уулзахаараа сайхан ярина. Энэ бол таныг эсэргүүцсэн юм биш, хэн ч ирсэн ингэх байсан гэнэ. Яагаад гэхээр манай эмнэлгээр тоглоод байна. Нэг дарга ирдэг дараа нь сольдог. Бид нар ямар тоглоом юмуу гээд л. Та бол мэргэжлийн хүн зохион байгуулж чадна. Миний хувьд хамт олноосоо зөрж чадаагүй, хэт хөөрцгөөсөн байсан гээд л ярина шүү дээ. Мөн ийм ийм бодолтой явна, ийм юм хиймээр байна гээд сайхан ярина даа. Сүүлдээ бүгдээрээ бид буруу юм хийжээ, гүнээ хүлцэл өчье, ажилд буцааж аваач гэж өргөдөл өгсөн. Нэгэнт халаад өөр хүн авчихсан болохоор ажлын байр эргээд гаргахад хэцүү. Хүлээж бай гэхээр гараад л нөгөө муу муухай яриагаа цацаад л эхэлнэ. Сайн эмч, сайн багш, сайн сэтгүүлч байж болно. Хамгийн гол нь ёс суртахуунтай байх хэрэгтэй. Олуулаа болохоор дийлнэ, тэгээд эмэгтэй дарга болохоор дор нь буулгаж авна гэж бодсон байж магадгүй. Тийм биш л дээ. Явж явж эмэгтэй хүний тэсвэр хатуужил илүү чанга байдаг. Эмэгтэй хүн юмыг зохицуулж чаддаг. Эрчүүд шиг хууртахгүй, ард нь гараад л үлддэг.
-Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг ажлаасаа халагдсан эмч хийж байгаа гэсэн. Энэ талаар?
-Бүргэд ажлаасаа халагдаад зургаан сар болж байгаа хүн. Халагдсаныхаа дараа ҮХороог булаагаад авчихсан. Энэ эмнэлэгт нэг сонин үзэгдэл ажиглагддаг. Хүч тамир ихтэй нь (нударга чангатай нь гэх юмуу хаашаа юм…инээв) эсвэл хэл ам ихтэй нь манлайлагч. Тэгээд гаднаас би үйлдвэрчний хороог төлөөлж байна гээд хашгираад яваа. Үнэндээ бол гадна байгаа хүн шүү дээ. Ажилчид нь учраа олохгүй, яахаа мэдэхээ байчихсан нэг иймэрхүү байдалтай. Сонирхолтой нь Үйлдвэрчний Холбооны Мягмар гээд эмэгтэйг ирж уулзахад нь ажлыг ингэж явуулж болох уу гэсэн асуусан. Тэр хүн болно гэсэн юм ярьсан шүү.
-Салбарынхаа шинэчлэл, ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Эрүүл мэнд бол хүний номер нэг капитал. Монгол орон энэ асуудлыг номер нэгт авч үзэлгүй орхисоор ийм байдалтай болгосон нь туйлын үнэн. Төр засаг үүнийгээ эргэн харж, сайжруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнийхээ төлөө тууштай байж, хүмүүсээ хамгаалж, дэмжиж нэг зүгт харах хэрэгтэй гэж бодож байна.
-Та хувь хүн талаасаа тууштай, тэвчээртэй хүн шиг санагдсан?
-Бодолдоо хүрэхээс нааш цуцахгүй зүтгэдэг нь миний төрөлхийн зан чанар.
-Аав, ээж, гэр бүлийнхэн тань юу гэж байв?
-Миний аав, ээж хоёр насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан, одоо ная гаруй настай хоёр хөгшин байна. Ээж “Болиоч миний хүү, тэр ажлыг нь өгчихөөч, зурагтаар байнга л болохгүй байгаа юм л яриад байхын, миний хүү ч уг нь эдний яриад байгаа шиг хүн биш л юмсан” гэдэг. Аав болохоор “Үнэн шударга ялдаг юм, миний хүү ажлаа сайн хийгээрэй” гэнэ. Нөхөр болохоор цаад улсуудтайгаа л сайн ярьж байж шийд гэдэг. Өөр салбарын хүн л дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.