Хууч өвчтэй цэвэрлэх байгууламжийг хэзээ шинэчлэх вэ, Бат-Үүл дарга аа

-07042014-1396833848-914555429-tseverleh_baiguulamj“Зууны мэдээ” сонин цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлуудыг цувралаар уншигч танд хүргэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, засаж сайжруулах талаар олон зүйлийг ярьдаг. Гэтэл түүнд зарцуулагдах хөрөнгө мөнгө нь улсын болон нийслэлийн төсөвт суугаагүй байна. Төв цэвэрлэх байгууламжийг даруй шинэчлэх боломжийг эрэлхийлэх цаг болжээ.

Хот бохиртоо автах уу, эсвэл …

Цэвэрлэх байгууламжийг байгуулагдсан цагаас нь хойш дорвитой засвар үйлчилгээ хийж байгаагүй. Урсгал засвар төдийхэн хийсээр өдийг хүрсэн байна. Ажлын байрны хана, тааз нь хэзээ нураад ирэхийг мэдэхгүй, хэцүү нөхцөлд ажилладгаа ажиллагсад нь дуулгаж байлаа. Хэдийгээр техникийн эвдрэл гэмтлээ цаг тухайд нь бололцоогоороо хийдэг ч сэлбэг олоход хэцүү болж байгаа аж. Техник нь элэгдэж муудсанаас ихэнхдээ гар ажиллагаа шаарддаг болжээ.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар техникийн шинэчлэл хийхгүй байсаар хотыг бохирт автуулах уу эсвэл даруйхан шинэчлэх үү гэдэг асуудал тулгамдаад байгаа гэнэ. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Яг одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж маань архаг хууч өвчтэй хүн шиг болсон байгаа” гэв. Зөвхөн техникийн шинэчлэлтээс гадна, бетон хийцүүд нь бүгд үеэ өнгөрөөжээ. Бохирдуулсны хэрээр нь аж ахуйн нэгжүүдээс төлбөр тооцох боломжгүй гэнэ.

Учир нь хууль, эрхзүйн орчин бүрдээгүй байна. Хэдийгээр Ус бохирдуулагчийн тухай хууль байдаг ч журам батлагдаагүйгээс хэрэгждэггүй гэж болно. Энэ хэвээр удвал нийслэлчүүд төдийгүй Туул голын сав дагуу байрлах газар нутагт оршин суудаг хүмүүст ч бохирын аюул харанга дэлдсээр байна. Нийслэлчүүд өвөл, хаврын цагт утаанд, зун, намартаа бохирын үнэрт дарлуулах нь хэвийн үзэгдэл мэт болжээ.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Яг одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж маань архаг хууч өвчтэй хүн шиг болсон байгаа” гэв.

Зургаан тэрбумын зураг төслийг харсаар л суух уу?

Төв цэвэрлэх байгууламжийг анх механик болон биологийн цэвэрлэгээ хийх зориулалтаар барьжээ. Механик цэвэрлэгээ нь бохирын 170 км шугамаар ирж байгаа хатуу эд юмсыг ялгаж авна. Биологийн цэвэрлэгээнд бичил бактерийг ашигладаг. Тэрхүү бичил бактериа төв цэвэрлэх байгууламжид түүнийг үржүүлдэг. Харамсалтай нь химийн хэт их хортой бодис бохироор дамжиж ирдэг учраас бактерийг нь устгах нь энүүхэнд аж.

Одоогийн байдлаар шинэ цэвэрлэх байгууламж байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн хэлж байгаа. Гэхдээ хэдийд хийж эхлэхийг мэдэхгүй. Ямартаа ч бид алдагдалтай ажиллаж байгаа ийм үед техник, технологийн шинэчлэл ч хийх боломжгүй гэж байна. Энэ жилийн улсын төсөвт цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, засах талаар нэг ч төгрөг суулгаагүй байна. Харин нийслэлийн төсөвт зургаан тэрбум төгрөгийг төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр суулгажээ.

Одоогийн байдлаар улс хөрөнгө гаргахгүй, Засгийн газар зээл авах боломжгүй байгаа энэ үед концессын гэрээгээр хөрөнгө босгож болох юм. Концессын гэрээгээр хөрөнгө босгох жагсаалтад төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр оруулжээ. Гэхдээ үүнд хоёр муу тал бий. Нэгдүгээрт, цаг хугацаа алдах. Хоёрдугаарт үнэ тарифын дарамтад оруулдаг гэнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар нэлээд хэдэн санал ирсэн байна. Тухайлбал, Япон улсын “Жайка-Эн-Жи-Эс” компаниас хоногт 233 мянган куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай, саарал ус ашиглах болон лагийг бүрэн боловсруулах технологийг хийхээр төлөвлөсөн байдаг.

Энэ төсөлд 316 сая ам.доллар шаардлагатай бөгөөд есөн жилийн хугацаатай зээлээр барьж өгөх юм. Харин Франц улсын тухайд VEOLIA компани 250 мянган куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай, үйлдвэрийн бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламж, сараалж, элс баригч, анхдагч тунгаагуур биологи цэвэрлэгээ, хоёрдогч тунгаагуур халдваргүйжүүлэх төхөөрөмж болон лаг бүрэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнд 264.4 сая ам.доллар хэрэгтэй бөгөөд гурван жилийн хугацаатай хөнгөлттэй зээлээр хийх юм байна.

Газар нь бэлэн ч барилгаа барих хөрөнгө алга

Санхүүжилтийн тухайд хот, улсаас ганц ч төгрөгийн татаас авдаггүй. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэнэ. Татаасын бодлого хэрэгждэггүй. Нийтийн аж ахуйн салбарт татаасын бодлого байдаг ч цаасан дээр л буужээ. Төв цэвэрлэх байгууламжид 1999 онд “Жайка”, 2003-2004 онд Испанийн төсөл хэрэгжсэн байна. Үүнээс хойш тухайн үед засаж сайжруулсан техник, хэрэгсэл нь үеэ өнгөрөөсөн эд болон хувирчээ. Бусдын нэгэн адил зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтхоригложээч тэднийг тойроогүй.

Испанийн Засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд тавьж өгсөн насос нь тухайн үедээ сайн ажиллаж байсан. Гэвч урт хугацааны туршид элэгдэлд орж 70-80 хувь нь эвдэрчээ. Засаж сэлбэх гэхээр манайд сэлбэг нь байхгүй, захиалахаар тухайн улс оронд хэрэглэгдэхээ байсан зэрэг бэрхшээл олон тулгардаг байна. Зөвхөн бетон байгууламж маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс шинэ байгууламж барих шаардлага зайлшгүй тулгарч байна.

Бидний өмнө тулгарч буй зайлшгүй, даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал нь цэвэрлэх байгууламж, шугам хоолой. Гэтэл энэ бүгдийг хариуцдаг Ус сувгийн удирдах газар нь жилдээ 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Шинэ цэвэрлэх байгууламж барих газрын асуудалд санаа зовохгүй байж болох аж. Учир нь тэдний баруун талд 50 га талбай байдаг байна. Бид цахилгааны хомсдолд орж шинээр цахилгаан станц барих гэхээр газар олдохгүй нэлээд олон жилийг үдсэн. Харин цэвэрлэх байгууламжийн тухайд газар нь бэлэн байгааг эрхэм Мээрт дуулгая.

Д.Оюунчимэг

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих