Х.Даваахүү: Төмс, хүнсний ногооны 6400 га талбайг 6148 ногоочин эзэмшдэг

1444-6tР.ОЮУН

 

Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүүтэй ярилцлаа.

 

-Сэлэнгэ аймагт ногоочдын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

 

-Аймгийн Засаг даргын санаачлагаар УИХ-ын гишүүн сумдуудад ажилласан. Энэ үеэр ногоочид “Тариаланчдын зөвлөгөөн хийгээд тэдний үгийг сонсоод байна. Атрын III аянаар ногоочдод харьцангуй бага юм уналаа. Бидний үгийг сонсч баймаар байна” гэсэн саналыг хэлж байсан. Үүнд нь тулгуурлаад бид ногоочдынхоо зөвлөгөөнийг хийх гэж байна. Сэлэнгэ аймaг 17 сумтай. Бүгд ногоо тарьдаг. Нэг сумаас дунджаар таван хүн нийт 100 гаруй хүн оролцоно. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн сүүлийн 2-3 жилийн байдал ямар байна. Юу нь болж, юу нь болохгүй байна. Ямар юман дээр нь хамтарч ажиллах вэ гэдгийг нь сонсоод шийдэх юм.

 

-Тухайлбал, ямар асуудал байна вэ?

 

-Өнгөрсөн жил шинэчлэлийн Засгийн газраас Сэлэнгэ аймгийн төмс, ногооны үйлдвэрлэлд их анхаарсан. Ногооноос бусад бүх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ноос, ноолуур, үр тариа урамшуулалтай болсон. Гэтэл ногоо урамшуулалгүй байгаа. Яагаад гэвэл улаан буудайгаа гурилын үйлдвэрт өгөөд баримтаар нь энэ хүн тэдийг өгсөн гэнэ. Харин ногоог ченжээр, зах дээр, дэлгүүрээр зарчихдаг болохоор хэн хэдэн тонныг өгөх гэсэн юм нь болохгүй байна. Хоёрдугаарт, борлуулалт их хүнд байна. Улаанбаатарт үндсэндээ зах зээл байна. Тэнд аваачаад борлуулчихдаг. Өнгөрсөн жил ерөнхий сайд ирж ногоочидтой уулзсан. Тэгэхэд ногоочид “Бидний ногоог нийслэлд бөөнөөр, жижиглэнгээр чөлөөтэй заруулдаг болгож өгөөч” гэхэд ерөнхий сайд арга хэмжээ авч Улаанбаатарт 30-аад шинэ ногооны лангуу гаргаж өгснөөр өнгөрсөн жил борлуулалт харьцангуй сайн байсан. Төрөөс удахгүй газар тариалангийн талаар баримтлах бодлого, мөн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хөтөлбөрийг удахгүй хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.

 

-Танай газрын хувьд төмс, хүнсний ногоо тарьдаг ногоочдоо хэр анхаарч ажиллаж байна?

 

-Бид гурван төрлийн санал өгөөд байгаа. Нэгдүгээрт, ногоочдод тариалсан талбай, авсан ургацтай нь уялдуулаад ямар нэгэн урамшуулал өгөөч гэдэг асуудал. Хоёрдугаарт, борлуулалтын сүлжээг Улаанбаатарт шинээр бий болгох, гуравдугаарт, Сэлэнгэ аймаг жилд 305 мянган га эргэлтийн талбайд 150 мянган үр тариа, улаан буудай тарьдаг. Төмс, хүнсний ногооны 6400 га талбайг 6148 ногоочин эзэмшдэг. Тэгэхээр нэг хүн ойролцоогоор буюу үндсэндээ 90-ээд хувь нь нэг хүртэлх га талбайд ажилладаг юм байна. Тиймээс гурав дахь санал бол төмс, хүнсний ногооны газрыг ногоочдод нь хувьчлаад өгөөч. Нэг ногоочин нэг га газар дээрээ зунжингаа зэрлэгээ зулгааж арчилгаагаа хийсээр байгаад жаахан ногоо авдаг юм байна. Газрыг нь хувьчлаад өгчихвөл тэр хүн газартаа оруулах хөрөнгө оруулалт нь найдвартай болно. Өөрийнх нь өмч учраас бусдад бэлэглэж, худалдаж болно гэдэг утгаараа өмчийг өөрт нь ойртуулбал хөрсний шимээ сайжруулж, хашиж хамгаалах, хөрөнгө оруулах гээд олон үр дагавар байгаа. Ийм гурван саналыг төр, засаг, салбарын яам, холбогдох хүмүүст тавьсан. Ногоо бол чимхлүүр ажилтай, механикжсан төвшин муутай хэрнээ орлого багатай аж ахуй. Тиймээс ногоочдыг төр, аймаг, орон нутгаас анхаарч зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай. Сэлэнгэ аймаг улсын төмс, хүнсний ногооны 28-30, улаан буудайн 50 гаруй хувийг хангадаг. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгээ дагасан үржил шимтэй  бүсийнхээ эрүүл эко хүнсээр хүн ардаа хангах юм.

 

-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

 

-Бидэнд дутагдал их байна. Долдугаар сараас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл 10 гаруй төрлийн ногоог бүгдээрээ тариад байдаг. Ногооны нэр төрлийг олшруулмаар байна. Тухайлбал, импортоор орж ирдэг зуушны байцааг манайхан өөрсдөө тарьж яагаад болохгүй гэж. Хоёрдугаарт, ногоогоо тасралтгүй борлуулмаар байна. Тиймээс ногооны нэр төрлийг олшруулж, тасралтгүй ногооны үйлдвэрлэл явуулж байж сүлжээ гэдэг юм  бий болж, ногоогоо тасралтгүй тарих юм. Ингэхийн тулд өвөл нь өвлийн хүлэмж ашигламаар байна. Аймгийн Засаг дарга сая Хөх хотод өвлийн хүлэмж үзүүлэхээр сум бүрээс хоёр хүний тал зардлыг нь даагаад явуулаад ирсэн. Мөн зоорины аж ахуйг системтэй хэрэглэмээр байна. Ногоо болгон өөрийн хадгалдаг технологитой. Тэгж байж ногоогоо бага багаар нь хадгалаад зармаар байна. Ногоогоо төрөлжүүлмээр байгаа юм. Сэлэнгэ аймаг таван бүстэй. Бүс бүсийн ногоо тарьдаг онцлог өөр байдаг. Тухайлбал, Ерөөгийн бүсэд лууван 27, Орхонд 30 хувь байгаа юм. Энэ хоёр нийлээд Сэлэнгэ аймгийн луувангийн 60 хувийн багцыг барьдаг. Энэ бүсийнхэн нийлээд зөвхөн лууванг хадгалж, борлуулдаг, менежментийг нь хийдэг лууванчдын холбоог бий болгомоор байна. Ийм маягаар төрөлжиж лууван, манжин, байцаа, сармис үйлдвэрлэгчдийн холбоотой болох хэрэгтэй. Аймгийн Засаг дарга анхаараад ногоо ангилж, цэвэрлэж, савлаж, жигнэж борлуулдаг төхөөрөмж оруулж ирэх гэж байна.

 

-Танай аймгийн хувьд тарьсан ногоондоо химийн бодис хэр хэрэглэдэг вэ?

 

-Саяхан төмсөнд хортой бодис байлаа гэж шуугиан гарлаа. Гэтэл манайд мэргэжлийн хяналтын газарт пестиццидийн үлдэгдэл хэвийн хэмжээнд байна уу, үгүй юү гэдгийг үздэг том лаборатори байгаа. Сая бид ийм шуугиан гарангуут зооринд байгаа лууван, төмсөндөө шинжилгээ хийхэд пестицид хэвийн хэмжээндээ байсан. Тэгэхээр нэг бизнес, нэг хүний эрх, ашиг сонирхол байдаг юм уу бүү мэд. Гэхдээ яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариу мэдээлэл хийсэн. Манай ногоочид гарал үүсэл гэдэг дээр анхаарахгүй бол Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дондогын ногоо мөн байна уу. Эсвэл дунд нь хятадын төмс орж уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингэж бид зах зээлээс ногоогоо хамгаалахгүй бол болохгүй нь. Манайхан ургамал хамгааллын бодис хэрэглэдэг. Тухайлбал, хортон шавьж гарвал тухайн үед нь хор цацаж устгана. Мөн зэрлэг ургамал ургахад их, бага хэмжээгээр хэрэглэдэг зүйл. Түүнээс нэг их хөрсөндөө хийгээд ногоогоо томруулах байдлаар хийдэггүй. Энэ мэтчилэн ногоочид шийдэх асуудал, ярилцаж тохирох зүйл нэлээд байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих