Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрчээ
Онцгой байдлын ерөнхий газраас түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрсэн гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 24 суманд 34 удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад түймэр 3.5 дахин өссөн дүнтэй байгаа юм. 34 удаагийн түймрээр 720 га ой, 98 мянган га хээр, нийт 99 мянган га талбай, нэг айлын гэр, өвөлжөө шатсан байна. 2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн ойрын өдрүүдэд өдөртөө нэлээд дулаарч, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах гол шалтгаан болж байгаа аж.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус газраас өнөөдөр түймрийн эрсдэл бүхий аймгууд болох Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, хэлтэстэй видео хурал зохион байгуулсан байна. Видео хурлын үеэр ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн дунд сургалт, сурталчилгаа явуулах, албан хаагчдын болон түймэр унтраах багаж, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангуулан ажиллахыг үүрэг болголоо.
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ч дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай, хур тунадас бага орох төлөвтэй байгаа аж.
URL: