Ус уух тавилан, заяа

527-1396590049c3b159a421dccb58originalАмьд явахаа ус уух хувь тохиол гэж сэтгэдэг “хачин” монголчууд бид шүү дээ. Бид ус уух гэж төрсөн гэвэл жаахан хачин ойлгогдоно. Ялангуяа гадаад сэтгэлгээтэй хүмүүс ойлгохгүй л дээ. Ердөө ч тийм биш хэмээн зөрж, даварч мэднэ. Тийм хүмүүс газар, агаар, ус гэсэн амьд байгалиа өчүүхэн зүйл гэж бодож байгаа нь тэр.

Тэр өөрийгөө их хотын “ганган”, энэ ертөнцийн “овгор” гэж ойлгожээ. Харин үе үеээрээ, удам судраараа байгаль эхээ шүтэж, түшиж ирсэн ухаант өвөг дээдсүүд Хөөрхийдөө ус уух тавилан заяа дутаж дээ…” гэх юм уу, эсвэл -”Ус уух заяатай төржээ” гэж бахархан хэлэлцэх хэлц үг үлдээжээ. Энэ юу болох тухайд цөөхөн баримт түшье:

Дундговь аймгийн Дэрэн суманд амьдран суугаа Цэрэндоржийн Болд “Би ус уух тавилантай хүн” гэж бардамхан өгүүлдэг гэнэ. Гэнэ гэхийн учир би өөртэй нь уулзаж учирсангүй. 1966 онд Туул гол урьд хожид үзэгдээгүй урсан үерлэж нийслэл хотын урд хормойг “ураад” явчих дөхсөнийг, ямархан аймшигтай юм болсоныг эдүгээ хөгшид сайн санаж байх учиртай.

Харин залуус өвөө, эмээгийнхээ дурсамж, түүхээс мэдээ биз. Тэр улаан хоормог үерт айлын гэр, авдар сав, элдэв эд хогшил, хог новш гээд есөн шидийн зүйл урсч байсны дунд манцуйтай жаал “орилон чарлан” хөвж явж, тэр бол дээр өгүүлсэн Ц.Болд байж.

Түүнийг мэдээ ороход нь өвгөн, эмгэн хоёр өсгөсөн бөгөөд яармагийн дэнжийн ард урсч явахад нь олж авсан гэдэг байж. Төдөлгүй хоёр хөгшин өнгөрч, төрүүлсэн аав ээжээ ч олсонгүй байсаар хамт өссөн “ахыгаа” дагасаар Дундговьд амьдарсан нь энэ юм байна.

Ц.Болд дунд сургууль, дараа нь Дорноговь аймгийн Анагаахын сургуулийг эх баригч бага эмчээр дүүргээд Сайнцагаан зэрэг сумдад 10 гаруй жил ажилласан ч, гэр орон, хань ижилтэй болж чадалгүй сүүлдээ хөдөө гарч нааш харсан айл амьтанд тус дэм болж явтал, хань нөхөр нь өөд болсон ганц бие малчин эмэгтэй “Дэрэн суманд ирнэ үү” гэснээр очиж, тэр хоёр сэтгэл нийлэн хамтын амьдралаа зохиож эдүгээ сайн сайхан, “Ус ууж” яваа түүхийг товчхон өгүүлэхэд ийм.

Сүнгээ найрагчийн сүйтэй бүсгүй, монголын нэгэн сайхан эмэгтэй Цэндээ эр нөхөртэйгээ ханилж нийлээд 50 гаран жилийг үдэхдээ юу эсийг үзсэн гэхэв.
Омголон, онгодтой найрагч, залуу зандан явахдаа найзархаж, бас аархаж ууж, наргисаар “Гэрээ гурав хоосолж” зовоосон бол эдүгээ насны намбаа эдэлж, төрийн соёрхолт, ардын уран зохиолч, түмний хүндэтгэл хайрыг хүлээсэн сайхан хүн, үр хүүхдийнхээ хайртай аав нь, насны хань Цээ-гийнхээ цайг ууж, хоймроо налайж, хань ижлээ жаргааж суугаагаа “ус уух ховорхон хувь тавилан минь” -”бурханы таалал” гэж тарни, ерөөл уншиж суудаг болжээ.

1963 онд юм байх. “Хөх тэнгэрийн хур” анхны яруу найргийн түүврээ хэвлүүлж, шуугиан тариад байсан залуу найрагч Ш.Сүрэнжав баруун аймагт сурвалжпах ажлаар албаны томилолт авч, “Анх удаагаа онгоцонд сууна, уул усаа орой дээрээс нь харна, уран бүтээл арвин ирнэ…” гэсэн дэврүүн бодлоо авгайтайгаа хуваалцаад хөөрүүхэн нисэхийн тийш оджээ.

Ажлаасаа орой ирсэн эхнэр Цэндээ оройн мэдээгээр “өглөө баруун аймаг ниссэн онгоц сураггүй болсон” мэдээ сонсоод “пал” гээд явчихаж. Тэр үед ямар одоогийнх шиг утас, харилцаа байсан биш. Хайртай хань нь ямар онгоцонд суусан, амьд уу, үхсэн үү гээд түмэн зовлонд унаж, хүүхдүүддээ хэлэлгүй уйлж унжиж хоёр шөнийг өнгөрөөгөөд өглөө нь босоод байтал хаалга цохиж, танил мэт санагдаад ухасхийн онгойлговол Сүнгээ “Цэндээ минь… нисэх гэж байтал “сайн найзтайгаа” таараад … гэсхийн” их л гэмшингүй зогсч байсан гэх.

Юу загнахтай мантай татаж оруулаад, гарч гүйн шил юм авчирч шарыг нь тайлж бас үймэрсэн сэтгэлээ амраажээ. Энэ бол “АН-24″ гэх агаарын хөлөг Марз уулыг мөргөн сүйрсэн манай эмгэнэлт том осол байсан билээ. Сүнгээ найрагч онгоцондоо суухаар хүлээж байтал “сайн найз” таарч, хоёул нисэхийн ард ганцхан байдаг дэлгүүр хүрч “аргадаж, аашилж, албаны үнэмлэхээ үзүүлж” элдэвлэсээр ганц юм гаргуулж уугаад иртэл онгоц хөөрчихсөн байж.

Албаны хүнийг орхилоо энээ тэрээ гэж нисэхийнхнийг нэлээд загначихаад хоёулаа хот орж “ажлаа” үргэлжлүүлэн хоёр хоносон нь тэр аж. Онгоц сүйрч олон хүн амь үрэгдсэнийг сонсоод мэдээж гашуудан харамссанч, ямар тавилан заяа намайг хөтөлж дэлгүүр хэсүүлэв гэж баярлаж суужээ.

Сүрэнжав найрагчийг ус уух тавилан заяатайг итгүүлсэн бас нэгэн явдал Налайхын замд болжээ. Тэрбээр Налайх орохоор машин эрж явтал нэг машин таарч, жолооч нь суу, суу л гэж. Гэсэн ч нэг л ёозгүй санагдаад жаахан хүлээгээд өөр машин олж суугаад замдаа явж байтал онхолдсон машин таарсан нь нөгөөх жолооч байжээ.

Тэр “Бурхан минь, ус уух хоногийн минь тоо гүйцээгүй л юм байна даа” хэмээн дотроо бодсон гэдэг. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сүрэнжав гуай эдүгээ 80 шүргэж, энх, тунх уран бүтээлээ туурвисаар, нийгмийн олон ажилд манлайлан оролцсоор явааг эрхэм уншигч надаар хэлүүлэх юун.

Олон улс оронд иймэрхүү “ус уух заяатан” байдаг нь мэдээж. Түүнийг харин азтан гэдэг аж. Хорват \Югославын бүрэлдэхүүнд байсан\ улсын багш, Селак гэгч эрийг дэлхийн хэвлэлүүдэд нэг бол туйлын азгүй, эсвэл гайхалтай азтай гэж бичсээр байна.

Селак 1962 онд сууж явсан галт тэрэг нь замаасаа гарч голын усанд унаж 17 хүн амь үрэгдэхэд тэр гараа хугалсан төдий үлджээ.
Жилийн дараа нисэх онгоцоор зорчиж явахад нь онгоцны хаалга онгойж 19 хүн шидэгдэн унахад тэр ганцаараа бухал өвсөн дээр унаж, эмнэлэгт очоод ухаан оржээ.
1966 онд аялж явахад нь автобус осолдон голд унаж дөрвөн хүн амь алдахад мань эр хөнгөн бэртжээ.
1970 онд өөрийнхөө машинаар явж байхад гэнэт гал гарч багш амжиж буусны дараа машин нь дэлбэрчээ. Гурван жилийн дараа ийм явдал давтагдаж багшийн толгойны хуйх зум түлэгджээ.
1995 онд Селак Загреб хотноо автобусанд дайруулж хэдэн шархтай хоцорсон байна. Тэр жилдээ уулын замд машинтай явж байгаад хашлага давахад хаалгаа онгойлгон гарч амжаад, харин машин нь зуугаад метр өндөр хавцлын ёроолд унаж байжээ.

Тэгээд сэтгүүлчид түүнийг байнга бүтэлгүйтэж явдаг азгүй амьтан гэдэг бол зарим нь дэлхийн хамгийн азтай хүнээр өргөмжилдөг аж. Юутай ч монголчууд бидний хувьд “Ус уух” заяатай эр бололтой. Түүнд дөхүүлэх нэгэн баримт бол Селак багш 2003 онд үндэснийхээ сугалаанаас нэг сая ам.доллар хожсон явдал юм.

1980-аад онд байх. Тэр жил Эрхүү хот хавьд оросын онгоц осолдож, урд хэсэгт сууж явсан хүмүүс амь үрэгдэж, харин онгоцны сүүл хэсэгт явсан цөөн хүн амьд үлдсэн түүх бий. Ус уух заяатнуудын дотор манай Намын төв хорооны нарийн бичгийн дарга асан Дамдин гуай ордог.

Тэрээр албан ажлаар яваад буцаж ирж байжээ. Түүнд онгоцны сүүл хэсгийн суудал өгсөн бөгөөд хамт явсан бусад хүмүүст өмнүүр суудал таарчээ. Монголчууд л болсон хойно урд явсан нөхдүүд Дамдин даргын дэргэд ирж яриа, хөөрөө өрнүүлж байх үед, онгоц осолдож эхлээд сүүл нь тасарахад тэр цоорхойгоор амьд мэнд хаягдсан гэдэг.

Тэр хүмүүс \нэрийг одоо мэдэхгүй байна\ эх орондоо ирээд ус уух заяатай төрсөнөө, тэнгэр ивээж онгоцны ард цуглуулсаныг хуучилж, тэмдэглэдэг гэсэн яриаг сонсч, гайхаж явсан билээ.

Тэр жил Хөвсгөл аймаг, Мөрөн хотын ойролцоо сүйрсэн онгоцноос ганцаараа амьд үлдсэн Өлзийбаяр ч билүү, бат ч билүү залуу амьд үлдсэн нь согтуугийн явдал, “галзуу усны буян” хэмээн яригддагсан.

Ер нь тулгарч буй аюулыг мэдэхгүй байх нь мэдсэнээсээ хамаагүй амар амгалан аж. Ийм баримт байдаг юм. Нэгэн эмэгтэй унтаж байгаад нойрон дундаа цонхоороо “гарчээ”.

Тэр гадаа хатуу, хар зам дээр унасныхаа дараа сэрж, туслаач хэмээн хашгарчээ. Айж сандарсан аав, ээж нь түргэн дуудаж дор нь эмнэлэг авч явжээ. Гэтэл бүсгүйн нэг ч яс хугараагүйг мэдээд эмч нар мэл гайхжээ. Түүний цонх нь найман метрийн өндөрт аж. Рейчел хэмээх энэ “нисдэг” бүсгүй ердөө ганцхан хоноод эмнэлгээс гарчээ.
Тарни амралтын соёл олон түмний ээлжит ажил, Монгол Улсын гавьяат жүжигчин Лхасүрэнтэй хийх амрагчдын уулзалт болов. “Гарын таван хуруу” киноны гэдгээрээ олны танил болсон жүжигчин амарч байсан аж. Зуны наран дор, ногоон зүлгэн дээр тойрон сууцгаалаа. Жүжигчин маань ярьж байнаа.

“… Намайг бүр багаас минь энэ ус уух заяатай хүү дээ гэдэг байсан юм…” гээд багын явдал, жүжигчин болсон замналаа ярьж, асуултанд хариулж байлаа. Түүний эцэг бүр өлгийтэй нялх байхад нь өвөртөө хийчихээд, морио унаад явдаг байж.

Нэгэн удаа намайг өвөртлөөд гол усныхаа айлаар бууж “элдэв яриа өрнүүлж, балга тагш юм ууж нилээд халаад үдээс хойно уяан дээрээ буусан чинь авгай хүүхнүүд хүүхэд яасан ийсэн гээд сүйд болж дээ. Үнэхээр хүү алга байж. “Энэ согтуу хүүхэд алчихлаа…” гэж амтай бүхэн нь загнаад хот айлынхан мордож ирсэн замаар нь эрэлд гарч. Гэрээс их холгүй, хэсэг бусаг хадтай намхан толгойн энгэр дээр өлгийтэй хүү өрөөсөн гараа амандаа хийчихсэн амгалан тайван хэвтэж байсан гэх.

Үүнийг сонсоод над бодогддог юм. Өөрийн ухаантай хүнийг морь унаж хатируулж, шогшуулж явахдаа “энэ өлгийтэй хүүхдийг газар аятайхан унагачихаарай, бэртээж гэмтээж болохгүй шүү” гэвэл ” за” гэх эрүүл ухаантан юу амлаад ч олдохгүй дээ. Үнэхээр Лхасүрэн гавьяат ус уух л хувь заяатан байж дээ, хөөрхий.

Манай гэр бүлийн найз, намын ахмад зүтгэлтэн Д.Батчулуун тэр бүр хүнд ярьдаггүй юмаа нэг удаа ярилаа. Юу гэвэл “Би үхэх дөхсөн хүн шүү” гэж. Тэр цэл залуухан Дарханы гурилын үйлдвэрт ерөнхий цахилгаанчнаар ажиллаж байж.

Орос мэргэжилтнүүд, монгол инженерүүд нийлээд салхинд гарч, Амарбаясгалант хийд рүү яваад үдэш эргэж явтал дорго таарч “130″ буюу цагаан толгойттой тэд доргыг дайруулахаар хөөж, хөөрхий дорго хол явах амьтан биш баруун дугуйны дэргэд бялбаганаад байхаар нь бүхээгт явсан Батчулуун “өшиглөөд хаячихъя” гэж сэтгээд хаалгаа онгойлгон буун харайтал “тас” гээд асар их хүч түүнийг хумин авчээ.

Юу болсоныг ухаарах сөхөө зав байсангүй. Сэхээ аваад хөдлөх гэсэн хөдөлж болдоггүй зөвхөн хөлөө гозойлгожээ. Машины хойд дугуйн дор орсон түүнийг үхчихсэн гэж бодсон орос, монголгүй бүгд “таг дуугуй, хөдөлж ч зүрхлэхгүй байсан” гэх.

Тэгээд нэг юм сэхээ авцгааж, дөхөж очвол амьд мэнд цээж нь бэртсэн бололтой байж. Хамгийн ойр Сант сумын эмнэлэгт хүргээд анхны тусламж үзүүлж, амь насны аяулгүйг дуулаад баярлан “Батчулуун маань ус уух тавилан заяатай юм хэмээн хэлэлцэн тарж байсан гэдэг. Тэр үедээ Батчулуун элдэв хэл, ам, шалгалт шүүлгээс эмээж нуугаад хүнд хэлдэггүй байж.

Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн САА-н тракторчин Д.Лхагвасүрэн “54″- тайгаа хагалгаанд явж байхад трактор нь унтарчихаж. Асаах мотор нь ажилгүй байсан тул хажууд яваа тракторчинаа дуудаж чирүүлэхээр болж өөрөө оосорлож байгаад бүтэлгүйтэж газар унатал трактор чирэгдэн урагшилж, баруун хөл, мөрөн дээр нь гарах нь тэр. Харж байсан залуус хашгиралдаж зогсоогоод, дайруулсан нөхрөө татан гаргахад хөл гap нь хугарсан ч амьд мэнд үлджээ.

Дарханы газар тариалангийн ЭШХ-гийн хоёр залуу тракторчин ойрхон уулын ард очиж түлээний мод хийжээ. Тэр хоёр “80″ трактортой, чиргүүлдээ модоо ачаад хөдөлтөл трактор нь унтарч зогсжээ.

Үсрэн бууж юу болов гээд доогуур нь шагайж байсан Ц.Очирын дээгүүр трактор өнхрөх мөртөө хойд том дугуй нь гэдсэн дээгүүр нь гарчихаж. Нөхрөө алчихлаа гэж бодсон Баяраа үсрэн буувал “Чи ч алах нь ээ” гээд босж ирсэн гэнэ. Эд эдүгээ Дархан хотдоо амьдарсаар…

“Элэг цэвэрлэх сайхан ус элбэг байна. Эх орныхоо усыг ууж, өвс ургамлыг боловчиг сайн ид…” гэж захидаг ахмад хурандааг Монголын ард түмний ихэнх нь мэдэх байх. Аймгийн даргаас, армийн хурандаа явсан Ж.Жамсран гуай элэгний хүнд өвчнөөр шаналж, Герман зэрэг европын хөгжсөн орнуудад эмчлүүлээд “эмнэлэггүй” гэдэг үг дуулж урам алдахдаа төрсөн нутаг Хан хэнтий ууландаа гарч усыг нь ууж, мод, хөрсийг нь тэвэрч, амь нас гуйн 30 гаран жил явж, өвс ургамлыг нь түүж, ууж идсээр аюулт өвчнеө эмчилж чадаад эдүгээ 90 гарсан буурал, хүн арддаа тус болох сэтгэлээр “Байгаль амьтай буурал” зэрэг хэд, хэдэн ном бичиж, олноо “маарамба” хэмээн алдаршаад байгаа билээ.

Жамсран гуайн номын агуулга нь: “…Байгаль ээжээ хайрлаж, хамгаалж, зөв хэрэглэвэл төдий чинээ буян болно. Хэдий чинээ буруу харьцана төдий чинээ нүгэл нүүрэлдэг ” гэдэг санааг суулгадаг байна.

Оросын хэвлэлд “Оршуулсан нөхөр нь эргэж ирсэн тухай” бичсээр байна. Хөдөө тосгоны нэгэн эр “Эдгэрэхгүй өвчтэй” гэдгээ эмчээсээ дуулаад хэвтэж үхсэнээс “хэсж, хал балгүй” үхэхээр шийдэж хажуу их ойдоо ороод алга болжээ.

Ар гэрийнхэн эрж, сурж, хүлээж аргаа бараад “Хүн ёсоор оршуулах үйлдлээ” гүйцэтгээд сэтгэл санаа нь шулуудаад байтал намар оройхон, хүйтрэх үед уранхай, ноорхой, хувцастай, сахал үсэндээ баригдсан “зэрлэг” хүн хаалга тогшсон нь “оршуулсан” нөхөр нь зогсч байж, эрүүл саруул эргэж ирж тосгоноо ийнхүү гайхшруулжээ.
Нууц нь ердөө ариун байгалийн амьд усаа ууж, идэж болох бүгдийг идсээр хүйтрэх цагт гэр орноо зорисон нь тэр аж. Одоо түүнийг 90 гарсан гэж \яг Жамсран гуай шиг\ мөрийцөхөд нэг их алдахгүй байх.

“Ус уух тавилан заяатны тухай” цөөн баримт энэ. Тэгвэл ар талаас нь харах гээд үзье. Энд бас л хүний тавилан заяа яригдаж таарна.  Тэгэхдээ амьдрал үргэлжлэх биш, төгсөх хувь заяны тухайд ярилцах болоод байна. Иймд олон юм хэлмээргүй бөгөөд хэн нэгний амьдралын төгсгөлийг цаг болоод цаг бус гэх эрх хэнд ч үгүй бөгөөд гагцхүү бурхан тэнгэр мэдэх хэрэг юм.

Харин нийтэд нэгэнт тодорхой болсон зарим нэрт хүмүүсийн хувь заяны тухай уншигч олондоо сонирхуулж, бодож цэгнэхэд тус дэм өгөх төдийд дурдаад өнгөрөхийг хүслээ.

Манай ард түмний дунд сонгодог гэж хэлж болохоор эртний яриа яригддаг. Зөнч мэргэн хүн нэгэн ламд үхэх өдөр цагийг өөрт нь хэлээд, бүр үхрийн эвэрт сүлбүүлж үхнэ гэжээ. Өнөө лам хэлсэнээр нь үхэхгүйн тулд тэр өдөр хашаа хороогоо гайгүй гэгч түгжиж аваад гэрийнхээ тоонон дээр гарч суучихаад хаанаас, ямар үхэр гарч ирээд мөргөх болдоо хэмээн ихэд сэрэмжлэн суужээ.

Гэтэл өдөр тийшээ гэм, сэрэмж нь суларч, худал байх гэж итгэж эхэлжээ. Тэгээд чихээ загатнахаар нь хөөргөө гарган халбагаар нь чихээ ухаж байтал гэрийн тооно дотогшоо унаж, лам унахдаа чихээ цоо хатган үхсэн гэдэг. Ламын хөөрөгний халбага үхрийн эврээр хийгдсэн байсан аж.

Энэ домог уу, зохиол уу гэдэг нь гол биш бололтой. Харин заяа тавилан, зайлшгүй ба санамсаргүй гэсэн олон ойлголт хөндсөн, бодрол төрүүлсэн дорнын гүн ухаан юм.

“Та үхэхээс айдаг уу?” ялангуяа сэтгүүлчид “эгзэгтэй” үг унагаахын тулд бусдад тавих дуртай асуудлын нэг энэ. Хариулт нь ихэнхдээ “айдаг”, “айдаггүй”, “цаг нь болохоор” гэсэн гурван хариултад багтдаг аж. Ухаантай хүмүүс сүүлчийнхийг голдуу сонгодог бөгөөд уужуу тайван хүлээдэг, тэрч байтугай үхэх өдөр, цагаа мэдэж хэлдэг нь энэ үеийн таашгүй нууцад хамаарч байна. Тийм хүмүүс дэндүү цөөхөн.

Тэдний дотроос францын алдарт зөнч Мишель Ностродамус \1503-1566\ хамгийн алдартай нь юм. Тэрбээр өөрийнхөө үед францыг хаанчилж байсан II Генрих ирүүл тулаанд \тоглоомд\ амиа алдаж, ширээ залгамжлагч нь бас л цаг бусаар үхэхийг зөгнөн хэлсэн болон бусад олон зөгнөл нь үнэн болж алдаршаад дараагийн хаан Карлын эмч, зурхайч болж явжээ.

Тэр дэлхий дахины 2-3 мянган жилийн түүхийн олон үйл явдлыг зөгнөн мэдсэн хүн. Зөвхөн XX зуунаар жишээлэхэд 1912 оны Балканы дайныг, 1917 онд октябрийн хувьсгал болж 73 жил, долоон cap тогтохыг, 1939 онд Гитлер гэгч хүн дэлхийн II дайн эхлүүлэхийг, 1945 онд Японы хоёр хот атомын бөмбөгт өртөхийг, 1961 онд сансарт хүн нисэхийг, 1969 онд саран дээр хүн буухыг, 2001 онд Америкийн хоёр цамхаг нурахыг алдалгүй зөгнөн хэлсэн гэж судлаачид дүгнэдэг байна.

Тэр бас өөрийнхөө үхэх өдөр, цагийг хэлсэн хүн юм. Ностродамус эрүүл саруул байсан ч тэр нэгэн өдөр эхнэр, хүүхдээ шаардан байж сүмээс лам ирүүлэн нүглээ наманчлан ном уншуулж, “Энэ шөнө би үхсэн байна” хэмээн туслахдаа хэлсэн аж. Тэгээд ажпынхаа өрөөнд орсон түүнийг өглөө нь ор, сандлынхаа хооронд үхсэн хэвтэхийг олжээ.  Энэ бол 1566 оны долдугаар сарын 2-ны өглөө аж.

Үүнийг эртний явдал гээд орхие гэвэл саяханых ч бас байдаг.

Вангаа гэх болгарын алдартай зөнч эмэгтэй бага байхдаа энгийн л нэг хүүхэд байж. Арван хэдтэй байхад нь нэгэн их хүчтэй салхи болж хийсгэн авч оджээ. Гэрийнхэн нь салхины дараа эрсээр явж хоёр км-ын цаана жалганаас олсон нь хоёр нүдэнд нь элс чихчихсэн байж.

Элсийг арилагасан ч хараа орсонгүй. Харин охин өөр, далд хараатай болсоноо төдхөн мэджээ. Тэр далд байгаа зүйлийг ил юм шиг мэдээд зогсохгүй хүний өвчин зовлон, ирээдүйн хувь тавиланг алдалгүй хэлдэг болжээ. Хүний өнгөрсөн амьдралыг эргэн “уншиж”, ямарч алдаагүй, бүр тэр хүний өөрийнх нь мэдэхгүй олон зүйлийг хэлж өгдгөөрөө бусад зөнч мэргэдээс дэндүү ялгаатай байжээ.

Ванга эмээ дээр ил, далд маш олон хүн очсоны дотор дэлхийд нэрд гарсан хүмүүс, социалист орны олон удирдагчид байсан байна. 1992 онд Болгарын III хаан Борис ирэхэд шууд “Улс орон чинь сайхан хөгжих юм байна. Амь насаа анхаар. Наймдугаар сарын 28-ыг бүү март” гэж хэлсэн нь ярианы тэмдэглэлд үлдсэн аж.
Тэр хаан 1993 оны наймдугаар сарын 28 нд өөд болсон гэдэг. Ванга 85 нас, сүүдэр зооглохдоо хагас сая хүн үзэж их тус бүтээсэн гэсэн тооцоо бий. Тэгээд 1995 оны наймдугаар сарын 11-нд өөд болно гэдгээ өөрөө хэлж тэр нь ёсоор болжээ.

Зөнч мэргэн “Миний авьяас билэг бол бурханы хишиг. Түүнийг миний биед эрэн хайсны хэрэггүй шүү” гэж үхэхээсээ өмнө захижээ. Тэр ёсоор биеийг нь хөндөлгүй бунхалсан аж. Түүнээс биш тархи толгойг нь авна, шинжилнэ гэсэн газар байгууллага олон байсан гэдэг.

Эгэлгүй суутнуудын дунд манай говийн догшин хутагт Данзанравжаа байр суурь эзлэх хүн юм байна. Үүнийг ч дэлхийн соёлын төв байгууллага ЮНЕСКО соён гэгээрүүлэгч хэмээн зөвшөөрч түүний мэндэлсэний 200 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэх тогтоол, шийд гаргажээ.

Дэлхийн нүүдэлчид дундаас од мэт тодрон гарсан энэ хүн угаас ядуу айлд төрөх хувь заяатан байж. Тал нутгийнхаа цэв цэнгэг агаар, ариухан тунгалаг, элсэн дундаас сувд мэт шүүрэн гарах шандны усаар нь угааж ундалсан энэ хүү үнэндээ одоогийн ойлголтоор “сурсан сургуульгүй, эзэмшсэн боловсролгүй” шавь сургалтан.

Гэсэн ч аугаа суут сэтгэгч, агь тарнийн ёсонд нэвтэрхий ид шидтэн, зөнч мэргэн ажээ. Ганцхан жишээ хэлэхэд: Ядуу хүү багадаа эцэг Дулдуйт ажаатайгаа айлын хонь хариулж хоногийн хоол зогоож байтал нэгэн өдөр чоно хонь барьсан тул эзэн ихэд хилэгнэж загнахад хүү бас “хилэгнэн” хонь идсэн чоныг “дуудан” ирүүлж “Би биш, энэ хэмээн” зааж олны гайхлыг төрүүлж байсан \зохиолч А.Шартолгой “Хутагтын амьдрал, он тооллын мөчлөг. 2003 он\ гэх.

Данзанравжаа бол говийн долоон хутагтын тав дахь дүр бөгөөд “догшин” цолыг ард түмнээсээ авсан байдаг юм. Догшин гэдэг нь “Ааг чадалтай” гэсэн утга аж. Догшин сахиус гэдэг шүү дээ. Тэр бас тэнгэрт халих цагаа хэлсэн нэгэн. Догшин хутагт хамрын хийд дээрээ 1856 оны зун, намрын зааг цаг дор сүсэгтэн болоод шавь нараа цуглуулан “Миний энэ ертөнцийн амьдрал дуусч…” байгаагаа мэдэгдэн үүнээс хойш над сүсэглэх зүйлээ энэ хар ууланд \Хамрын хийдээс баруун хойш” орших Хан баян зүрх уул\ хандаж хэлж байгаарай гэж захисан аж.

Удалгүй өвөрлөгч хийд ороод тэнд байхдаа өөрийг нь хөнөөхийг хүсч араас нь ирүүлсэн хортой архийг нэхэж уугаад насан өөд болжээ. Тэр араас ирэх “амь авах рашааныг” мэдэж байсан гэж дэргэдэх хүмүүс, мөн архийг хүргэж очсон зараал эр харамсан хэлсэн нь эдүгээд уламжилсан аж. Гагцхүү хутагт хорт муу хүсэл, санааны үндсийг хорвоо ертөнцөөс таслах ариун гэгээн сургааль, үйлдээ үнэнч үлдээн өөрийн биеэр буян үйлдсэн нь энэ ажгуу.

Борж-Овоот Пагмын Гэндэнжав


URL:

Сэтгэгдэл бичих