Давхар дээл тайлах санал хураалтад сайд нар оролцох ёсгүй
Ерөнхийлөгчөөс санаачилсан “Давхар дээл”-ийн хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
Үүнтэй холбогдуулан Иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс нэгэн уриалгыг гаргалаа.
Үүнд “Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа та бүхэн санал хураалтад оролцох нь шууд ашиг сонирхолын зөрчил үүсэхээр болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж, эрх мэдлийн давхар дээлтэй байх зөв эсэх талаар цаг үеийн экспресс судалгааг явуулахад 4 хүн тутмын 3 нь эсэргүүцсэн.
Эрх мэдлийн давхар дээлтэй байх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд одоогийн сайдын албан хашиж буй 17 гишүүн хуралд сууж санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсэх учир оролцох нь буруу.
Түүнчлэн, “Засгийн газрын гишүүн санал хураалтад оролцох нь цэвэр өөрсдийнх нь ёс суртахуун, ухамсарын асуудал, ашиг сонирхлын зөрчил үүссэн үгүй гэдгийг сайн дураараа шийдэх эрхтэй” гэсэн байр суурийг УИХ-ын дарга болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын бусад гишүүдээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан”.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж тус тус заасан байдаг.
Иймд та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж Ерөнхийлөгчөөс санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр сайн дураараа санал хураалтад оролцохгүй байхыг уриалж байна” гэжээ.
У.Бадамцэцэг | GoGo.mn
URL: