Ромын элч Плано Карпини
Европ тивийнхэнд нүүдэлчин Монголчууд болон тэдний их хаадын тухай түүхэн мэдээг хүргэж мөн Баруун европоос Монголд ирсэн анхны европ хүн бол Ппано Карпини юм. Плано Карпинигийн нэр эртний Итали хэлний дүрэм ёсоор Пиано дел Плано Карпини гэж бичигдэж байжээ. Мөн Франц сурвалж бичигт Жан де Плано Карпини гэсэн байдаг ажээ. Пиано де Плано Карпини нь 1182 онд Италидтөрсөн, Итали гаралтай гэж түүхийн баримтуудад тэмдэглэсэн байна. Жиованни дел Плано Карпини нь Ромын сүм хийдийн зараалаар Герман Испанид томилогдон очиж байсан туршлага бүхий элч байв. Иймээс ч түүнийг Европын хязгаар руу байлдан дагуулал хийж асан Монголчууд руу Апостол ширээтийн легатын хувьд томилсон байна. Өөрөөр хэлбэл Ромын IV Иннокентий Папа ламын дипломат элч зардас нь болчихуй.
Түүний хамт Монгол руу Польшийн Бенедикт нь хамт Монголд хүрсэн боловч аян замынхаа талаар тодорхой тэмдэглэл хөтлөөгүй бололтой. Тэд анх 1245 оны 4-р сарын 16-нд Лион хотоос мордсон байна. Плано Карпини өөрийн аяны зорилгын талаар дурдахдаа “…Бидний бие Апостол ширээтийн зарлигаар татар болон дорно дахины бусад улс иргэний зүг мордохдоо эрхэм дээд хамба Пап хэмээх Номун хан болон дэд хамба нарынхаа хүсэл зоригийг сайтар ойлгож юуны өмнө дээд тэнгэрийн маань сүм дуганыг даан асар удалгүй довтлохоор заналхийлж байна гэж бидний эмээж байсан Татарын зүг хүлгийн жолоог залсан билээ. Биднийг татар болон бусад улс иргэд алах эсвэл бүх насаар маань авах, өлсөн туйлдах анган цангах халуунд халж хүйтэнд хөрч хэтийдсэн ажилд нухчуулан тэвчихүйеэ бэрх айн эмээж байна. Эрхэм дээд Пап ламтны зарлигаар тэнгэрийн хүслийг биелүүлэх гэсэн дээ биеэ хайрлаж бодолгүй христос шашинтан нартаа мэдүүлж, хожмын нэгэн өдөр гарч болзошгүй Татарын гэнэтийн уулгалан дайрахыг зогсоож христос шашинтан хүн ардын хооронд махан овоо босгож цусан далай урсгахыг болиулах аргыг эрж хайсан билээ…” гэжээ. Плано Карпини 1246 оны хоёрдугаар сарын 3 буюу Эх дагина Марийн ариуссаны баярын сумъяа гаригт Киевээс хөдөлжээ.
Түүний амьдралд хоёрдугаар сар болоод сумъяа гариг онцгой нөлөөтэй байсан гэдэг. Тэрээр хоёрдугаар сарын 19 буюу таван аравтын сумъяа гаригт Кановоос гарсан байна. Ингээд мөн оны хоёрдугаар сарын 23-ны орой оньсого мэт байсан Монголчуудын барааг анх олж харжээ. 1246 оны хоёрдугаар сарын 26-нд Хорезмээс Алтан ордны зүг мордов. Мөн оны дөрөвдүгээр сарын 4-ны мацаг барьдаг долоо хоногийн лхагва гаригт Сарай хотод хүрэв. Очсоны дараахь хоёр хоногт Пап ламын илгээсэн захидлыг орчуулж өнжөөд 7-ны их дүйцэн бямба гарагт Алтан ордны хаан Батын ордонд бараалхжээ. 1246 оны дөрөвдүгээр сарын 8-нд улаан өндөгний баярын өдөр Хархорины зүг мордсон байна. Тэрээр Куманы нутаг Хангидын лалынхан болох Хар Хятаны нутгаар хөндлөн гулд явсаар 1246 оны зургаадугаар сарын 29-нд Монголын эзэнт гүрний хаан болж, Их хурилдайг хуралдуулах гэж байсан Гүюг хааны ширээнд өргөмжлөх ёслолын газар руу хөдөлжээ. 1246 оны наймдугаар сарын 24-ны Амгалан Варфоломейн өдөр Гүюгийг Монгол гүрний их хаанд өргөмжилжээ.
Алтан ургийн их хурилдайг чуулсан нь энэ ажээ. Уг хурилдайд Тулуйн хатан Сорхугтани, түүний бага хөвгүүд Отчигин ноён, Илжигидэй, өрнө зүгээс Хар Хүлэг, Есен Мөнх, Бүр Байдар, Есөн Төмөр нар тэргүүтэй Цагаадайн үр ач нар бас Оросын Суздаль мужийн ван Ярослав, Хятад, Солонгосын ноёд, Багдад, Истайл, Франц зэрэг улсын элч нар хүрэлцэн иржээ. Хурилдайд гадна дотноос ирсэн зөвхөн элч төлөөлөгч нарын тоо 4000 гарч байжээ. Плано Карпини энэ тухай “Хүмүүс их л олноороо хуран цуглаж бүгд өмнө зүг хандан зоссон ажээ. Тэднээс чулуу тусахын зайтай газар дараа дарааллан хэсэг хүн зогсоод өмнө зүг хандан өвдөг сөгдөн мөргөл үйлдэнэ. Тэд тарни уншиж байгаа буюу эсвэл бурхад юмуу хэн нэгний өмнө өвдөг сөгдөн байгаагийн алин болохыг нь мэдэхгүй учир биднийг өвдөг сөгдөөч гэсэнгүй.
Ийнхүү удаан болсны дараа цачир гэр рүү эргэн ирж Гүюгийг хаан ширээнд залрахад хаад, бүх ноёд өмнө нь сөхрөн ёсолсон билээ. Ингээд түүний харъяат бус биднээс бусад хүмүүс тийнхүү ёслов. Тэгээд тэд цөмөөрөө заншил ёсоороо үдэш болтол найрласан бөлгөө. Мухлаг тэргээр давсгүй чанасан мах авчирч дөрөв таван хүний дунд нэжгээд хэсэг мах түгээж өгсөн билээ” гэж бичжээ. Плано Карпини 1246 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гүюг хааны орд өргөө рүү мордов. Гүюг хаан түүнд бичгийн сайд Хадаг Хингай Бала нараа Ромын их Пап ламтан жуух бичиг илгээж латин саррацин хэлээр бичүүлжээ.1246 оны арваннэгдүгээр сарын 13-нд Плано Карпини Монгол гүрний эзэн хаан Гүюгийн захидлыг аван нутгийн зүг хөлгийн жолоо эргүүлжээ. 1247 оны тавдугаар сарын 9-нд Алтан ордны эзэн хаан Батынд хүрэв. Плано Карпини Батынд хүрэлцэн очоод түүнээс “Их ламтанд юу гэж хэлүүлэхсэн бол?” гэж асуувал тэрээр нэгэнт эзэн хаан захидлаа бичсэн болохоор түүнээс өөр юу гэхсэн билээ гэжээ.
Тэрээр 1247 оны зургаадугаар сарын 3-нд Монголын сүүлчийн боомт өртөөнд хүрч, цаашлаад Киевээр дайрч арваннэгдүгээр сард Лион хотдоо буцаж очжээ. Плано Карпини 1252 онд таалал төгссөн байна. Ийнхүү жил дөрвөн сарын хугацаанд “татар” хэмээх Монголчуудын аж төрсөн тухай хөтөлсөн тэмдэглэлээс “Либеллус хисторукус” гэсэн гарчигтай Ромын Пап ламд бичсэн тайлан нь Монгол судлалын үнэт сурвалж болон алдаршжээ. Энэхүү замын тэмдэглэл нь Дэлхийн түүхий салшгүй нэгэн хэсгийн хувьд олон хэлээр хэвлэгдсэн ажээ.
URL: