PC тоглоомын газрууд журмандаа захирагдахгүй байна

1Нийслэлийн бараг бүх орон сууцны булан тохойд хамгийн их тааралддаг газрын нэг бол PC тоглоомын цэг. Тэнд бага насны хүүхдүүд хонон өнжин тоглодог, цаашлаад сэтгэцийн өвчтэй болж байна гэх мэт сэтгэл сэртийлгэм мэдээ бишгүй л сонсогддог. Засгийн газрын хуралдаанаар PC буюу цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан.

Уг журамд зааснаар интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглосон байдаг. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадны орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20:00 цаг, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зохицуулалторсон юм.

Ингээд энэ журмын хэрэгжилт хэрхэн биелж байгааг харахаар хэд хэдэн хороог зорьсон юм. Хамгийн эхэнд орсон газар бол Сүхбаатар дүүргийн VIII хороо буюу Дашчойлон хийдийн урд байрлах “CYBER ARENA” интернэт тоглоомын газар. Энд орвол өсвөр насны хөвгүүд голчлон сууж байгаа харагдлаа.

Эднийх нэг цаг нь 800 төгрөгөөр тоглуулдаг, 100 гаран компьютертай гэнэ. Хариуцан ажиллуулдаг хоёр залуугаас хэд хүртэл ажилладаг тухай асуухад 23:00 цаг хүргэдэг гэлээ. Гэсэн ч тэр хоёр өөр хоорондоо “Чи энд урьд шөнө ганцаараа хоносон юм уу” гэх мэтчилэн ярилцаж байгаа сонстов. Үүнээс харахад энэ газар шөнө ажилладаг нь тодорхой болов.

Ахтайгаа хамт тоглож байгаа бага сургуулийн бололтой хүү “Гөлөг минь зайлаач ээ. Яагаад том буугаар буудаад байгаа юм бэ. Би үхчихлээ шүү дээ. Тэнэг минь, наад буугаа аваад алаад өг” гэж чанга чанга орилж байгаа нь тоглоомондоо орчихсон дүр зураг.

Ерөнхий боловсролын сургууль амраад, хүүхдүүдийн ихэнх нь хөдөө явж эмээ, евөөдөө очин төл бойжуулан, ажил төрөлд нь тусалж байх үед, хотын хүүхдүүд энэ мэт хараал урсгаад сууж байгаа нь харамсалтай санагдсан юм. Гадуур салхилах ганц хоёр хүнээс PC тоглоомын талаар асуулаа.

Энэ хорооны нэгэн өндөр настан “Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, спорт заал гээд гудамж талбайд байгаа бүх зүйлийг нь хөрөнгө мөнгөтэй нэг нь хувьчлаад авчихсан. Тэнд нь өндөр өндөр барилга барьчихдаг нь өнөөдөр хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй болгодог талтай.

Энэ нь PC тоглоомын газруудад хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа шалтгааны нэг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх газар элбэг байдаг бол ийм төрлийн ажил эрхэлдэг эдгээр газрууд аяндаа л алга болно шүү дээ. Аятай тухтай, хүүхэд залуучуудад зориулсан газар элбэг байвал хүүхдүүд тийшээ л очдог болно” гэлээ.

Харин дараагийн очсон газар бол мөн дүүргийн XIII хорооны орон сууцны нэг давхарт орших “Good Luck” клуб байлаа. Энд мөн л олон өсвөр насны залуус хараал урсган, орилолдон тоглоно. Тэдгээрийн хажууд тавдугаар ангийнх болов уу гэмээр хоёр хүүхэд байсан юм. Та хоёр байнга ирдэг үү? гэж асуухад “Бид амралтынхаа өдрөөр хааяа тоглодог. Өөр найзуудтайгаа чөлөөт цаг өнгөрөөж, уулзах газар байдаггүй юм” гэж хариулж байлаа.

Баянзүрх дүүргийн XVII хороо, хуучин эцсийн буудал дээр нэг дор гурван ч PC тоглоомын газар байх юм. Энэ хавийн оршин суугчид “PC тоглоомын газрууд маш олноороо нэг дор оршиж байдаг. Түүгээр ч барахгүй хонуулж өнжүүлдэг гэж сонссон. Цагдаагийн байгууллага хүн хүчний асуудлаас болж журам хэрэгжихгүй байгаа нь үнэн” гэцгээж байлаа.

Энэ мэт сургууль, цэцэрлэгийн ойролцоо тав алхаад л оршин байгаа PC тоглоомын газрууд хэзээ цэгцэндээ орохыг хэн ч хэлж мэдэхгүй хэвээр байна. Аллага, хүчирхийллээр дүүрэн орчин үеийн видёо тоглоомыг чадварлаг тоглох эдгээр хүүхдүүд бүгд л дунд сургуулийнх бөгөөд Монголын ирээдүйн үрс байгаа нь харамсалтай.

Уншигч та бүхэндээ үр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, энэ төрлийн тоглоомыг тоглох цагийг нь хязгаарлаж байгаасай гэсэн үүднээс Компьютер тоглоомын дон ба дуулиант хэргүүдээс хүргэж байна. 2010 оны гуравдугаар сард Хятадын Фужин мужид сэтгэцийн өвчтөй эр бага сургуулийн найман хүүхдийг хутгалан хөнөөж таван хүүхдийг хүндээр шархдуулсан аймшигг хэрэг гарсан.

Тэрбээр тус мужийн Нанпин дахь туршилтын бага сургуулийн сурагчдыг хичээлдээ ирэх үеэр нь 25 см-ын урттай хутга барин дайрчээ. Хэрэг явдал минут хүрэхгүй хугацаанд болоод өнгөрсөн ч гурван хүүхэд газар дээрээ амь үрэгдсэн удаатай. Халдлага үйлдэх үедээ тэрбээр “Тэд надад амьдрах боломж олгохгүй, галзууруулж байна” хэмээн хашгирч байсан гэдэг.

Бяцхан хүүгээ сургууль руугаа орохыг харж зогссон ээжийн нүдэн дээр хүүхэд нь балмад этгээдийн гарт нүд ирмэхийн зуур хорлогдсон юм. Ийм зүйл болно гэж тэр ээж зүүдлээ ч үгүй биз. Дээрх хэргийг үйлдсэн Зен Минсиен гэгч урьд нь нэгэн эмнэлэгт эмчээр ажилладаг байжээ. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа элдэв янзын балмад авир гаргадаг байсан тул ажлаас нь халсан бөгөөд тэрбээр компьютер тоглоомын донтон байсан гэдэг.

Норвегийн, Осло хотод Андерс Бревик гэх этгээд 100 гаруй хүнийг буудаж хөнөөсөн хэрэг 2011оны долоодугаар сард дэлхий нийтийг цочирдуулсан байдаг. “Энэ халдлага дэлхийн II дайнаас хойш хамгийн олон хүний амийг хөнөөсөн тохиолдол юм” гэж албаны хүмүүс тухайн үед мэдэгдсэн. Энэ хэргийг яагаад үйлдэх болсон тухай шүүгчийн асуултад Андрес Бревик “Халдлага үйлдэх хэрэгтэй байсан” гэхээс өөр юу ч хэлээгүй.

Тэрбээр халдлага үйлдэхийнхээ өмнө тэмдэглэлийн дэвтэртээ “Дэлхий дээр олон зуун сая хүн шашин шүтлэг, соёл урлаг, зан үйлээрээ бусдаас ялгарахгүй нэгэн адил болох тэр цагт хэн нэгний үзэл бодол бусдынхаас тэс ондоо байх мөч ирлээ” хэмээн бичсэн байдаг. Мөн компьютер тоглоомыг амьдрал дээр туршиж үзэхийг тэсгэлгүй их хүссэнээ ч дурдсан юм. Гадаадын зарим орон болон Монголд ч энэ төрлийн хэрэг гарч байсан гэдэг.

М.Янжинлхам

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих