Цаатнуудын асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэв
Өвлийн улиралд хасах 50 хэмийн хүйтэнд 2100-2900 метрийн өндөрлөг газар амьдарч буй цаатнуудын асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэх нь зүйтэй хэмээн Үндэсний симпиозумд оролцогсод саналаа нэгдэв.
Монголын Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн санаачилгаар “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд “Үндэсний симпиозум”-ыг зохион байгуулах үеэр дээрх саналыг оролцогсод онцолсон юм.
2007 онд Засгийн газраас “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хоёр шат бүхий төсөл хэрэгжүүлэхээр баталсан ч тайгад хаялга нь бага туссаныг цаатнуудын төлөөлөл ярьж байна. 1990 оны үед 600 тоо толгой байсан цаа буга эдүгээ 1600 болтлоо өсчээ. Цаа бугын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр хүн амынх нь эрүүл мэндийн асуудалд гол анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй гэсэн санал симпиозумын үеэр гарч байсан юм.
Цаа маллаж буй иргэний амьдралыг чухалчилж дараа нь цаанд анхаарал хандуулдаг жишгийг Ерөнхийлөгчийн зарлиг харуулсан хэмээн цаатнууд ам сайтай байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт эдүгэ 110 өрхийн 524 цаатан иргэн 1511 цаа маллан амьдарч байгаа аж. Амьдралын баталгаа болох цаа буганаас өөр баталгаажих зүйлгүй эдгээр иргэдэд өнгөрсөн жилээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэмж олгосноор цаатнуудын амьдрал дээшилжээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар том хүн 133 мянган төгрөг хүүхэд 60 гаруй мянган төгрөг авдаг болжээ. 5-6 ам бүлтэй өрх 500 гаруй мянган төгрөгийн орлоготой болсныг энэ үеэр онцолж байв. Өнгөрсөн онд улсаас 257 сая төгрөг, он гарсаар 107 орчим сая төгрөгийн тэтгэмжийг цаатнуудад олгосныг албаныхан дурдлаа. Нэг үеэ бодвол цаатнуудын орчин сайжирч байгаа аж. Урц бүхэн нарны зайн гэрэлтүүлэгтэй болж зарим айл тавган антенаар зурагт үздэг болсон аж. Шинэ айл болоход 20 орчим шургааг, 70 метр гаруй брезент ордог гээд бага өртгөөр урцаа босгодог эдгээр хүмүүс тохь тухтай дулаан орчинд амьдрахыг хүсдэгээ нуусангүй. Түүнчлэн өндөрлөг газарт амьдардаг учраас цаатнуудын дунд даралт ихсэх, зүрх судас, бөөрний өвчлөл их байдаг аж. Цаанаас дамжин бруцеллёзтой болох нь элбэг гэнэ. Тиймээс амьдрах орчноос үүдэлтэй өвчин даамжирч болзошгүйг мэргэжилтнүүд сануулж байсан юм. Цаатнуудын зүгээс эрүүл мэндийн нарийн шинжилгээнд жилдээ нэг удаа хамрах хүсэлтээ уламжиллаа. Мөн симпозиумын үеэр аливаа үндэстний оршин тогтнох үндэс нь хэл бөгөөд цаатан иргэдэд Тува хэлийг заах боловсон хүчин дутмаг байгааг хэлж байв. Хүүхдүүд зургаан настай сургуульд ордог болсноор залуу гэр бүл сумын төв бараадах нь ихэсчээ. Дотуур байрны хүрэлцээгүцгээс нэг өрөөнд арван хэдүүлээ суухад хүрдэг байна. Тиймээс дотуур байрны асуудлыг шийдэж өгөхийг цаатнууд хүсч байв.
2000 оноос эхлэн цаатнуудын амьдралын хэвшил өөрчлөгдөн орлогын эх үүсвэр нь жуулчид болжээ. Үүнтэй холбоотой цаатнууд суурин шахуу амьдардаг болсон байна. Тэд зундаа яс, эвэр арьсаар гар урлал хийж борлуулдаг. Мөн цаагаа цас их унасан нутаг руу эзэнгүй оторлуулж байнга дагадаг үе өнгөрчээ. Зүүн, Баруун тайгад нийт 5000 орчим цааны бэлчээрийн даацтай бөгөөд цаа бугын тоо 2500-д хүрвэл таваарын эргэлтэд орох боломжтой гэдгийг Цагааннуур сумын иргэн Т.Ганбат ярьсан юм. Энэ үеэр цаа бугын тоо толгой цөөн байгаа учраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бэрхшээлтэй гэдгийг зарим оролцогсод дүгнэв.
Цаатнуудын аж ахуйг сэргээх амьдралын түвшинг сайжруулах Засгийн газрын хөтөлбөрт өмнө нь цаа бугыг бүртгэлжүүлж ээмэгжүүлэх, тоо толгойг өсгөхийг чухалчилж байсан бол өнгөрсөн оноос эхлэн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд анхаарч буйг албаныхан хэлж байлаа. Эл хөтөлбөрт Тува хэлийг заах багш нараар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн асуудалд анхаарахыг тусгасан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ оны зардалд 50 сая төгрөг төсөвлөжээ.
Ийнхүү Монголын цөөнх иргэдийн асуудлыг хөндсөн “Үндэсний симпиозум”-аар цаа маллагч болон цааны аж ахуйн талаар мэдээллийн нэгдсэн санг байгуулах, цаатан угсаатны онцлог, соёл, цаа бугын аж ахуйн судалгааг гаргах, Цагааннуур суманд “Цаачин” төв байгуулж түүх соёлыг харуулсан музейтэй болох, цаатны хүүхдүүдийг боловсролтой болгох, цааны бүтээгдэхүүнээр годон гутал, яс, эвэр, арьсан урлалын цех байгуулах зэрэг санаачилгыг дэвшүүлэн зөвлөмж гаргалаа. Манай улсад цаа буга, цаатны аж ахуйг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг 30 гаруй ТББ бий аж. Тиймээс эдгээр ТББ-ууд төрийн байгууллагуудтай хамтран ажилласнаар цөөнх болсон иргэдийн асуудлыг шийдэхэд дөхөмтэй гэдэгт төлөөлөгчид санал нэгдлээ.
Б.Заяа montsame
URL: