Дахиад л О.Зандраа юу?
Эх орны барилгын материалын үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулж, дотоодын тоосго, хөнгөн блокны хэрэгцээний 25%-ийг дангаар нь үйлдвэрлэж байсан түүхтэй үндэсний үйлдвэрлэгч Дарханы “Силикат” ХК-ийн хувь заяаг шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа нар мөн л хуулийн заалтыг буруугаар ашиглан шийдвэрлэжээ.
Санхүүгийн зохицуулах хороо, Би Ди Сек компанийн явуулгад өртөн хохирсон Силикат ХК асуудлаа үнэн зөвөөр шийдүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013.06.04-ний өдрийн шүүх хуралдааны 240 тоот шийдвэрээр “ Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуулийн 5.1.6-р зүйлийн 1.1, Үнэт цаасны тухай хуулийн 7.4.9, 34.1.7-д заасныг баримтлан Силикат компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2011.05.06-ны өдрийн 130-р тогтоолыг хүчингүй болгосугай.”, мөн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013.10.16-ны өдрийн шүүх хуралдааны 327 тоот шийдвэрээр “ … нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013.06.04-ний өдрийн 240 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж, Хариуцагч Санхүүгийн хорооны давж заалдах гомдолыг хангахгүй орхисугай.” Хэмээн Нийслэлийн 2 шатны шүүх үндэсний томоохон үйлдвэрлэгч Силикат ХК-ийн талд шийдвэрлэжээ.
Гэтэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн танхимын тэргүүн, шүүгч О.Зандраагаар даргалуулсан, илтгэгч шүүгчээр Д.Мөнхтуяа нар оролцсон 2013.12.16-ны өдрийн шүүх хуралдаанаар “…Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.06.04-ны өдрийн 240 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013.10.16-ны өдрийн 327 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, “ Санхүүгийн зохицуулах хорооны 2011.05.06-ны өдрийн 130 тогтоолыг хүчингүй болгуулах тухай” Силикат ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тогтоожээ.
Уг шийдвэрийг гаргахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай (2013) хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
2013 оны 05 сарын 24-нд батлагдсан уг хуулийн 90-р зүйлийн 90.1-д “ Энэ хуулийг 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр, дагаж мөрдөнө.” Гэж заасан байтал үүнийг үл харгалзан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн танхимын шүүгч О.Зандраа нь 2013 оны 12 сарын 16-ны өдрийн Силикат ХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд хүчин төгөлдөр бус, дагаж мөрдөх хуулийн хугацаа нь болоогүй хуулийн заалтыг ашиглан эсрэг талд шийдвэр гаргаж, Нийслэлийн 2 шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгон, үндэсний томоохон хөрөнгө оруулагч үйлдвэр болох Силикат ХК-г хохироосон байна.
Энэ мэтчилэн шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа нарын шударга бус шийдвэрээс болж хохирсон иргэд болон байгууллагуудыг Зохих газар нь хандаж, асуудлыг үнэн зөв шударгаар шийдүүлэн, хуулийн нэр барьсан хууль бус үйлдэл, шударга бус хүмүүсийн булхайг олон нийтэд дэлгэхийг уриалж байна.
Шударга шүүх, ардчилсан засаглал тогтсон энэ үед хамтран тэмцэцгээе.
URL: