“Ухаалаг хот” хэрэгжвэл төрийн үйлчилгээний хурд 50-90 хувиар нэмэгдэнэ
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй “4-11” уулзалт хийдэг. Энэ уулзалт өнөөдөр болж, АН-аас “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцов. АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжиж Улаанбаатар хотод “Smart city” буюу “Ухаалаг хот” хөтөлбөрийг 2014-2020 онд хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас гаргасан.
Ухаалаг хот нь зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээ, цахим ажлын байр, цахим нэг цонхны үйлчилгээ, шилэн данс, шилэн тендер, шуурхай удирдлагын төв, видео болон аудио холбооны сүлжээ, мэдээллийн сүлжээ, дата төв зэрэг цогц үйлчилгээнүүдээс бүрдэх аж.
Хөтөлбөрийн зорилго нь хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, бизнесийн орчны өөрчлөлтийг шуурхай мэдэрч оновчтой шийдвэрлэдэг болох юм. Мөн цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгох зорилготой гэж НИТХ-ын дарга Д.Баттулга тайлбарлаж байв. Технологижсон Улаанбаатар гэдэгт wireless сүлжээ, онлайн цаг агаар, чанар хэмжигч, онлайн хяналтын камер, хүний эрүүл мэндийг онлайнаар хэмжигч, тодорхойлогч, интернэтээр хянадаг автомашин, таблет, e-map, e-book гэх мэт зүйлс багтах юм байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотыг дараах байдлаар өөрчилнө гэж хуралд оролцогчид тайлбарлаж байв. Тухайлбал шударга, шуурхай, чирэгдэлгүй, хямд үйлчилгээ бий болохоос гадна хотыг ухаалгаар удирдах мэдээлэл цугларч, авилгагүй, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлж чадна гэлээ. Ингэснээр иргэдэд хүрэх үйлчилгээний хурд 50-90 хувиар нэмэгдэж, гэмт хэргийн тоо 20 хувиар буурах тооцоо гарч байгааг ч онцоллоо.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь манай нийслэл шиг орчин үеийн метрополитан буюу их хотод зайлшгүй байх ёстой хөтөлбөр бөгөөд хуучин аргаар шийдэх боломжгүй суурь асуудлуудыг шийдвэрлэх шинэ арга зам гэлээ.
АН-ын дотоод үйл ажиллагааны хувьд 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан гэдгийг өнөөдрийн уулзалтаар ярьж байв. Энэ хүрээнд тав, зургадугаар сард сумдын чуулган зохион байгуулахаар ажиллаж, төсөв, төлөвлөгөө, сургагч багш нарыг бэлтгэж байгаа аж.
Н.Гантуяа
монцамэ
URL: