Куба улс ширэн бээлийтнүүдээ бага наснаас бэлддэг
Улс бүрт өөр өөрийн спортын онцлог давуу төрөл гэж байдаг. Тэгвэл олимпийн наадмаас ихэнх медалиа боксын төрлөөс авдаг Куба улсын бодлого, тамирчдыг бага наснаас сонгон бэлдүүлдэгт оршино.
Ямайкчууд богино зайн гүйлтээрээ дэлхийд данстай бол, Кени Этиоп зэрэг Африкийн улсууд холын зайн гүйлтээрээ алдартай. Харин Монголчууд бөх, боксын төрлөөр дэлхий дахинаа өөрсдийгөө батлан харуулж чадсан. Боксын төрлөөр гол өрсөлдөөнийг үзүүлдэг Казахстан, Куба зэрэг улсууд өөр өөрсдийн гэсэн школьтой. Харин нийгмийн хувьд харьцангуй хаалттай байдаг Куба улсын тамирчид хэрхэн бэлтгэгддэг талаар мэдээлллийг Роетирс агентлаг онцоллоо.
Тэд хүүхдүүдийг бага наснаас нь бүр тодруулбал 9 настайгаас нь эхлэн сонгон шалгаруулж насан туршид нь бэлддэг байна. Энэ талаар Кубын нэгэн боксын дасгалжуулагч Даниел Касанова ярихдаа “Би өөрийн мэддэг бүхнээ л тэдэнд зааж сургадаг. Харин дараа нь үр дүнгий нь мэдэрхэд, эргээд чамд баяр баяслыг өгдөг” гэлээ. Кубын үндэсний гэж болох спортын төрөл нь бокс байдаг. Монголд хүүхэд бүр бөхөөр барилдаж ноцолдож өсдөг шиг, кубад хүүхэд бүр гартаа ширэн бээлий углаж өсдөг гэхэд болно.
Кубын залуу тамирчин Алексей Херера мөн өөрийн сэтгэгдлийг хуваалцахдаа “Би боксын спортод үнэхээр дуртай. Учир нь би ирээдүйд яг Жулио Цесарь шиг болохыг хүсдэг. Мөн би дэлхийн аварга болохыг хүсдэг” гэжээ. Кубад мөн Бэйсбол үндэсний спортын хэмжээнд нэрлэгддэг юм байна. гэхдээ 1972 мюнихийн олимпийн наадмаас өнгөрөгч 2012 оны лондоны олимпийн наадам хүртэл зөвхөн боксын төрөлд 34 алтан медалийг хүртжээ. Удахгүй болох 31 дэх удаагийн хүн төрөлхтөний спортын их наадамд ч боксын төрөлд шилдэг нь байхыг Кубачууд хүсч байгаа юм.
Орчуулагч редактор: Б.Баяржаргал
URL: