“50 мянгын мөнгөн дэвсгэрт гарахгүй”
Ерөнхий сайдын сэтгүүлчидтэй хийдэг 30 минутын уулзалт боллоо. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайд Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын зүгээс мэдээлэл хийж Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөнгөж 30 хувьтай явж байна хэмээн шүүмжилж байна. Үүнд хариу өгнө үү?
-Одоо тоогоор хөөцөлдмөөргүй байна. Хэлэх ёстой юм бол 30 хувь гэдэг худлаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 42 хувьтай явж байгаа. Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Энэ үеэр илүү нарийн ярилцаж, хэлэлцэх байх.
-Сүүлийн үед 50 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт бий болгох гэж байна гэсэн мэдээлэл гарлаа. Энэ тухай өчигдөр Сангийн сайд Ч.Улаан мэдээлсэн. Ажлын хэсэг гарсан гэсэн?
-Энэ худлаа. 50 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гарахгүй. Түүнийг Сангийн сайд мэддэггүй юм. Мэдээлэлтэй холбогдуулж Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуусан. Огт тийм юм байхгүй гэсэн хариуг өгсөн. Мөн Батаарын зурагтай мөнгөн тэмдэг ч гаргана гэсэн цуурхал яваад байсан. Бас худлаа шүү.
-Эдийн засгийн байдал хүндэрсэн. Төсөв 20 хувиар тасалдлаа гэж эдийн засагчид үзэж байна. Юунаас болоод байна вэ, энэ тал дээр мэдээлэл өгнө үү?
-Ер нь төсөв тодорхой хэмжээгээр тасалдаж байгаа нь үнэн. Бид ажиллаж л байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдал маш хүнд байгааг бодолцох хэрэгтэй. Энэ байдал манай оронд ч нөлөөлж байна. Мөн Оюутолгой зэрэг томоохон төслүүд ч үүнд хамааралтай. Нүүрсийг ярьж болох юм. Тодруулбал, нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор эдийн засагт тодорхой нөлөөг үзүүлж байна. Тиймээс бид нүүрсний үнэд баригдалгүй экспортлох асуудлыг, олборлох асуудлыг нэмэгдүүлж, их хэмжээгээр зарж борлуулах бодлогыг баримталж байна.
-Хариуцлагын асуудлыг мөн ярих цаг нь болжээ. Нэгдүгээрт сөрөг хүчин эдийн засгийг хүнд байдалд оруулсан хүмүүсээр Засгийн газрын хоёр гишүүнийг нэрлэсэн. Мөн төсөвт өртөг нэмэгдцсэн, царцаасан барилгын гүйцэтгэг компани, эсвэл гол буруутанд хэрхэн хариуцлага тооцох вэ?
-Царцаасан барилга, байгууламж, арга хэмжээний гол буруутанд хариуцлага тооцох байх. Гэхдээ ямар хариуцлага хэрхэн тооцохыг УИХ-аар ярьж байж шийдвэрлэнэ. Ер нь хаа хаанаа хариуцлагатай байх нь зөв. Харин эдийн засгийг сайд нар хүндрүүлсэн гэж шууд дайрч, бурууг өгч болохгүй. Би түрүүн хэлсэн. Эдийн засаг хүнд байдалд ороход гадаад хүчин зүйл, тэр дундаа дэлхийн эдийн засгийн хямрал гол нөлөөг үзүүлж байна.
-Хөгжлийн банкнаас төмөр замын асуудлаар санхүүжилт өгөхгүй байна гэсэн мэдээлэл гараад байх юм?
-Тийм зүйл байхгүй.
URL: