“С.Баярцогтыг ажлын хэсгээс хасах хэрэгтэй”

МАН-ын намаас Улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар нээлттэй хэлэлцсэн юм. Энэ үеэр ихэнх намуудын төлөөлөл Намуудын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж буй С.Баярцогтыг ажлын хэсгээс хасах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Нийгэм, эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан эрх баригч хүчин, Засгийн газар одоо хариуцлага хүлээх хэрэгтэй. Эдийн засгийг сайжруулах нэрийдлээр хийж буй ажлууд нь огт үр дүнгээ өгөхгүй байгаагаар барахгүй улам доройтуулж байна. Түүнээс гадна 2013 оны хоёрдугаар сарын 8-нд байгуулагдсан УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд, УИХ-ын Р.Бурмаагаар ахлуулсан Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгүүд жил гаруйн хугацаанд дорвитой ажил хийсэнгүй. Тиймээс одоо ажлын хэсгийг ахалж буй гишүүд ажлаа өгөх ёстой. Ер нь ёс суртахууны доголдол гаргасан С.Баярцогт мэтийн хүмүүс ийм чухал хуулийн ажлын хэсгийг ахална гэдэг зохимжгүй зүйл.

 

Монголын Ногоон нам Ч.Мөнхбаяр: Одоогийн эрх баригчид эх орныг маань согтуу болгож байна. Одоо боль. Засгийн газар огцрох цаг нь болсон. Мөн Сонгуулийн хууль болон Намуудын тухай хуулийг боловсруулж буй ажлын хэсгийг өөрчлөх хэрэгтэй байна. Ард түмэн, судлаачид, бусад намыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хиймээр байна. Түүнчлэн оффшор данс зэрэг болж бүтэхгүй зүйлд орооцолдож ажлаа хүртэл өгч явсан С.Баярцогтыг ажлын хэсгээс хасмаар байна. Бас чуулганы нээлтэд гадаад дотоодын хүмүүсийг урьж оролцуулаад л байдаг юм билээ. Бусад УИХ-д суудалгүй намуудыг чуулганд оролцуулмаар байна.

 

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав: Сонгуулийн автомат машиныг хэрэглэхгүй байж болно. Хүн ам харьцангуй цөөтэй учраас гараар тоолох боломж бий. Харин Сонгуулийн системийн хувьд буруу зүйл байхгүй. Пропорциональ, можаритор систем аль альных нь давуу тал шингэсэн гэж бодож байна. Харин Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого хуулийн хүрээнд явж байгаа, эдийн засаг хүндэрсэн ч хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд явдгаараа явж байгаа гэж дүгнэж байна.

 

 

 

 

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол хавтгайрсан улстөржилтөө одоо зогсооё гэж хэлэх байна. Аливаа асуудалд дандаа нэгнийгээ үгүйсгэсэн, улстөржсөн байдлаас хандаад сурчихлаа. Үүнийг болих шаардлагатай байна. Мөн нам, сонгуулийн хуулинд хэлэхэд аливаа улстөрийн нам нь 25 хүрээгүй хүнийг намдаа элсүүлэх асуудлыг эргэн харах ёстой болов уу. Яагаад гэвэл 25 нас хүрээгүй хүн үзэл бодол, улстөрийн мэдэгдэхүүнгүй байгаа шүү дээ. Би ч гэсэн хуулийн дэд ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа. Иймэрхүү хэд хэдэн саналыг оруулахаар бэлдэж байна.

 

 

 

Эх орон нам И.Эрдэнэбаатар: Улс төр өөрөө эрүүл байж цаашаа явах ёстой. Мөн ойлголцлын асуудал хэрэгтэй байна. МАН, АН хоёр хамтраад эрх барьж л байсан шүү дээ. Улс орны нэгдмэл байдлын төлөө дахиад ойлголцох гээд үз л дээ гэж хэлмээр байна. Түүнээс гадна 25 настай хүн УИХ-д сонгогдоно гэдэг өөрөө учир дутагдалтай. Дунд сургуулиа төгсөөд, нэг дээд сургууль хагас дутуу төгссөн хүн л байгаа шүү дээ. Тиймээс сонгуульд нэр дэвших насыг 40 болгох нь зөв юм. Ажлын хэсэг муу ажиллаад байна л даа. Тиймээс өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж байна.

 

С.Санчир

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих