Номын худалдаачдад ажлын байр барьж өгнө хэмээн гудамжинд гаргалаа
Арслантай гүүрний хойхно байрлах, оюутан, сурагчдын байнга үйлчлүүлдэг номын худалдааны жижигхэн байшингуудын эргэн тойронд хүн, машин бужигнан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Номын худалдаачид суудаг нэг давхар цагаан байшинг захаас нь буулгаад эхэлжээ. Байшинд ороход түрээслэгчид лангуун дээр өрсөн номоо хайрцаганд хурааж, жижигхэн байшин ундуй сундуй болсон байлаа.
Хүн бүр бухимдалтай. Энэ бол хуучин номын худалдаа эрхэлдэг хүмүүс байраа суллаж байгаа байдал. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт байрлах бидний хэлж заншсанаар Хуучин номын худалдааны байрыг буулгаж, Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд автозам тавихаар болжээ. Тус байранд номын худалдаа эрхэлдэг 50 гаруй түрээслэгч байдаг бөгөөд өчигдрөөс эхлэн ажлын байргүй болж, гудамжинд худалдаа хийхээр болоод байгаа аж. Холбогдох албаныхан “Дулааны улирал ирж байгаа болохоор ирэх есдүгээр сар хүртэл гадаа номоо зарж бай” гэж хэлсэн гэнэ. Нийслэлээс МУИС-ийн ХҮДС-ийн оюутны II байрны зуун талд долоон га газар “Номын өргөө” буюу хуучин номын худалдааны зах барьж, эдгээр иргэнийг ажлын байртай болгохоо тэдэгдээд байсан ч өнөөг хүртэл хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй, зураг төсөл нь ч гараагүй байгаа аж.
Н.ДУГАРМАА: ХУУЧИН НОМЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН 70-80 ХУВЬ НЬ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД
“Номын цагаан худалдааны төвийн захирал Н.Дугармаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэ байранд хэдэн түрээслэгч байдаг вэ?
-Зөвхөн манай энд 40 гаруй, хажуу талын байшинд 10 гаруй хүн ном зарж, амьдрал ахуйгаа залгуулдаг.
-Энэ байр хэзээ ашиглалтад орсон бэ?
-Хуучин номын худалдаа 1990 онд тухайн үеийн УБИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд ном, сонин зарж үйл ажиллагаа эхэлсэн. Өдгөө 24 жил болж байна. Энэ хугацаанд номын худалдаа эрхлэгчид нийслэлийн үе үеийн Засаг дарга нараас зөвшөөрөл, газар гуйж 10 гаруй жил болсон. Сүхбаатар дүүргийн Засаг даргын номын худалдааны төв байгуулах захирамжийн дагуу энэ байрыг 2005 онд ашиглалтад оруулж, 40 гаруй хүнийг ажлын байртай болгосон юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж 2007 онд дуусч, түүнээс хойш газрын гэрээгээр явсаар өнөөдрийг хүрсэн. Улс ажил хийж болно. Гэхдээ энд байгаа иргэдийн эрх ашгийг бодолцох хэрэгтэй. “Бүтээн байгуулалт хийж байна” гээд тааралдсан иргэдийг хохироогоод байж болохгүй шүү дээ. Биднийг эндээс гаргахаасаа өмнө шинээр орох байрны асуудлыг шийдэх ёстой байсан. Бид замаа чөлөөлж өгч болно. Хамгийн гол нь ажлын байртай болгож өгөх хэрэгтэй. Хуучин номын худалдаа эрхлэгчдийн гол үйлчлүүлэгч нь оюутан, сурагчид байдаг. Тиймээс бид их, дээд сургуулиудын ойролцоо номоо зардаг юм. Өөр газар орсон ч энэ хавьдаа л баймаар байна.
-Та бүхнийг “Энэ байрнаасаа гараад гудамжинд номоо зарж бай” гэсэн гэж байна. Хэдий болтол гадаа номоо зарах вэ?
-Ёстой хэлж мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байгаа барилга хэзээ ашиглалтад орж, биднийг оруулах юм. Энэ олон хүнийг ажлын байргүй болгож байгаа юм чинь шинэ байр барьж өгнө гэж итгээдл замаа чөлөөлжбайна. Бид МУБИС-ийн нэгдүгээр байрны зүүн урд, автобусны буудлын ард, гадаа худалдаа хийх хүсэлтээ Нийслэлийн захирагчийн алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тавьсан. Өнөөдрийг болтол хариу нь ирээгүй байна. Улс ажлаа хийдгээрээ хийх л байх.
Гэхдээ ажлын байртай хүмүүсээ ажилгүй болгоод зам барих гэж байгаад харамсч байна. Нэг ажил хийх гэж 200 гаруй иргэний эрх ашгийг хөндөж байна. Энд лангуу түрээслэж, хуучин ном зарж байгаа хүмүүсийн 70-80 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэй, 0.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, бүгд банкны зээлтэй. Бид ажлын байргүй боллоо гээд гэртээ хэвтээд байхгүй шүү дээ. Хавар, зун, намаржин гадаа зогсч банкны өрөө дарна. Манайхнаас ажлын хэсэг гарч шинэ байр барих ажилд хяналт тавьж, Захирагчийн ажлын албатай хамтран ажиллана. Тэгэхээр ирэх намар хүйтрэхээс өмнө биднийг ажлын байртай болгоно гэж найдаж байна. Биднийг ийн ярилцаж байхад түрээслэгчид цуглаж дор бүрнээ л бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Хуучин ном борлуулагчдын холбооноос уулзах хүсэлтээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өнгөрсөн намраас хойш тавьж байгаагаа дуулгалаа.
Б.СУГАР: ХҮЙТРЭХЭЭС ӨМНӨ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОНО ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА
-Та энд ном зараад хэр удаж байна вэ?
-Долоон жил болж байна. Бидэнд гуравдугаар сарын сүүлчээр нүүж, газар чөлөөл гэсэн албан бичиг ирсэн. Одоо орох газар байхгүй ч шинэ байр барьж өгнө гэсэн болохоор бид гарч байна. “Бидний амьдралыг бодсонгүй гэж хашгирч болохгүй” ч гэсэн орох газар шийдэж өгөөгүй байж байрыг минь нурааж байгаад гомдолтой байна.
-Маргаашаас гадаа зогсох уу?
-Тэгнэ дээ. Эгч нь банкны зээлтэй болохоор гадаа ч гэсэн зогсч зээлээ төлөх хэрэгтэй. Бас оюутан хүүхэд энэ жил сургуулиа төгсөнө. Тиймээс номоо зарж, ажлаа хийхгүй бол ар гэрийн амьдрал хэцүүднэ шүү дээ. Зун бол яах вэ. Бид хэдэн сар тэсээд гадаа номоо зарж болно. Харин намар хүйтрэхээс өмнө бидэнд байр барьж өгч, ажлын байртай болгоосой л гэж хүсч байна. Манай сурвалжлах багийнхан тэндээс гараад Нийслэлийн Захирагчийн алба орж хуучин номын худалдааны байшинг нурааж, зам тавих гэж байгаа талаар болон эдгээр түрээслэгчдийг хэзээ шинэ байртай болгохыг тодруулахаар очсон боловч энэ талаар тэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Л.Одончимэг
URL: