АРМИЙГ ЦАГДААТАЙ ТАЛЦУУЛСАН Х.ТЭМҮҮЖИН САЙДЫН ЭМНЭЛГИЙН ШИНЭЧЛЭЛ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нурууны мэс засалд орохоор өнгөрсөн сарын 24-нд Япон улсыг зорьсон. Тэрбээр энэ сарын 1-нд хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон бөгөөд бие нь сайн байгаа гэх таатай мэдээлэл дуулдаж байна. Анх түүнийг хагалгаанд орох гэж байгаа сургаар янз бүрийн таамаг дэвшүүлж, басхүү нуруундаа үе залгуулж өндөр болох нь хэмээн шоолж, шоглож ч байсан. Угтаа бол Монголын Улсын Ерөнхийлөгч хэн нэгний амны зугаа болж, инээд наргианы баатар болох есгүй юм. Монгол төрийн бэлгэ тэмдэг төдийгүй үндэсний аюулгүй байдлын баталгаа. Иймдээ ч төрийнхөө тэргүүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг, тэр тусмаа хагалгаанд орох гэж байгаа тухай нь түмэнд дэлгэх биш тун чанад нууцлах ёстой байсан гэж үзэх хүмүүс ч бий.
Гэтэл эрхэм Ерөнхийлөгчийнхөө өвчнийг илааршуулж, зовлонг нь нимгэлэх эмнэлэг манай улсад алга. Уг нь манай дарга нар “Сайд нарын” гэх тодотголтой Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Энэ нь хуулиар биш ч журмаараа зохицуулагдсан байдаг аж.
Гэтэл Эрүүл мэндийн сайд Н.Удвал нь намын даргынхаа төлөө явцуу шийдвэр гаргаж, Н.Энхбаярыг хорих ангиас тус эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газрын харалган бодлого, шийдвэрийн нэг байсан. Эмнэлгийг шорон болгосныг тухайн үед Шинэчлэлийн Засгийн газрынхан нүдээ олсон ажил хэмээн магтаж, тун ч их маадгар байсан. Гэтэл ард түмэн нүдээ олсон биш харин ч сохолсон хэрэг боллоо хэмээн дүгнэж байхад ямба эрх мэдэл нь дэндсэн эрхмүүд үл тоосон. Ерөнхийлөгч, хоригдол гэх нийгмийн тэс өөр хоёр давхаргынхан нэгэн дор эмчлүүлэх боломжтой болсон юм. Түүний “ачаар” өнөөдөр төрйин тэргүүн нь хэвтэж эмчлүүлэх эмнэлэггүй гэдэг шалтгаанаар хилийн чанадыг зорьсон. Энэ бол Монгол төрийн эмгэнэл гэлтэй.
За яах вэ “Сайд” нарын гэх тодотголтой Клиникийн II эмнэлэг нь шорон болоод дуусдаг байж. Харин саарал ордны баруун талд сүндэрлэж байгаа Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг мөн л түүний араас чиглүүлсэн. Чиглүүлэх чиглүүлэхдээ бүүр ч дордуулсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Улсын төсвөөс өчнөөн хөрөнгө зарнуулж, удаан хугацаанд дуншсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өнөөдөр албан контор болсон. Эмнэлгийн зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн, барилгын өртгөөс илүү өндөр үнэтэй сүүлийн үеийн эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж суурилуулсан гээд л бүхий л стандартыг хангасан хэмээж байсан ч шинэчлэл гэх нэрийн дор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оффис болгохоор улайрсан.
Их хурлын гишүүдээс эхлэн эмч мэргэжилтнүүд нь хүртэл эсэргүүцсэн ч Хууль зүйн сайдын өмнө хүчин мөхөстсөн. Аргагүй л засгийн эрхийг Ардчилсан нам барьж байгааг харуулсан даа. Угтаа бол асуудалд намын эрх ашгаас илүүтэйгээр ард иргэдийн эрх ашгийг дээгүүр тавьсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Харин тэр их хүч бололцоогоо хууль зүйн салбарынхаа хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа үймээнд ашигласан бол баярлах байлаа гэж олон хүн хэлэх байх. Хууль зүйн сайдын увайгүй үйлдлээс болж 20 сая ам.долларын өртөгтэй IMRI аппарат ашиглах боломжгүйд хүрсэн гэдгийг мэргэжлийнхэн дуулгаж байгаа. Өдгөө тэрхүү IMRI аппаратыг зөөх ажилд багаар бодоход таван тэрбум төгрөг хэрэгтэй. Гэхдээ таван тэрбумыг зараад ч ажиллах баталгаа муу гэнэ.
Олигархижсан улстөрчдийн оффис хүнээс үнэтэй гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин харуулсан. Айлын эрх хүүхэд хүссэнээ авдаг шиг тэрбээр төрийн тусгай алба хаагчдад хэмээн хаягласан эмнэлгийн барилгыг оффис болгож, эмч ажилчдыг нь өвчтөнүүдтэй нь хамт Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь руу нүүлгэсэн юм. Эрхэм сайд энэхүү шийдвэрээ төсвийг хэмнэж, төрийн мөнгийг гамнана хэмээн хаацайлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгаа хэрэг гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр түүний ярьсан нэгдсэн зохион байгуулалт, нийтлэг эрх ашиг хөл дор гишгэгдэж эмнэлгийн үйлчилгээ нь армийг цагдаа болон бусадтай талцуулахад хүргээд байгаа аж.
Х.Тэмүүжин сайд цагдаад дургүй. Үүнийгээ ч ил тод илэрхийлдэг. Сайдын энэ халдвар Цэргийн госпиталийнханд айхавтар хүчтэй нөлөөлж байгаа гэнэ. Энэ эмнэлэгт ажилладаг эмч, сувилагч бүр асрагч нь ч цагдаа, прокурор зэрэг зэвсэгт хүчнийхнээс өөр дүрэмт хувцастай нэгнийг хурандаа байсан ч тоохгүй. Өвдөж зовсон нэгнийг ‘Тэр баруун эмнэлэг рүүгээ явахгүй юу” хэмээгээд шуудхан хөөж орхидог болсон гэнэ. Саяхан Цагдаад ажилладаг, насаар ч, цолоор ч бусдын дор орохгүй нэгэн танил минь эмнэлгээр үйлчлүүлжээ. Нааш цааш баахан явуулсны эцэст хэд хоног хэвтүүлсэн ч эмчилгээ дуусах болоогүй байхад эмнэлгээс гарахыг шаардаж, эгээ л ортой нь өргөөд гаргачихаагүй гэнэ. Учир нь түүний хэвтэж буй өрөөнд Зэвсэгт хүчний нэг дарга эмчлүүлэхийг хүссэнтэй л холбоотой гэнэ.
Прокуророт ажилладаг өөр нэг танил минь архаг ангинаас болж ажлаа хийж чадахгүй болж эмчийн тусламж авахаар Госпитальд очоод мөн л нааш цааш туугдаж эцэст нь салбарын сайдаа хараахад хүрсэн тухайгаа ярьж байв. Мөн цагдаагийн хурандааг үзүүлэхээр ороход эмч нь сувилагчтайгаа нийлээд цагдаа нарыг харааж зүхээд суусан тухай ч дуулдаж л байсан. Энэ бол тус эмнэлэгт өдөр бүр болдог жирийн л үзэгдэл ч ийм байдалд хүргэсэнд цагдаагийнхан Х.Тэмүүжин сайдаа буруутгаж байгаа. Хувийн үзлээ нийтэд нялзаасных нь гор гарч эцэстээ арми, цагдаатайгаа шөргөөцөлдөж магадгүй дүр зургийг эмнэлгийн өрөөнөөс анзаарч болохоор болжээ. Бодлогогүй шинэчлэлийн гай гэж үүнийг л хэлэх биз ээ.
Б.ДАВААТОГТОХ
URL: