“Эдийн засгийн хүндрэл – иргэдийн амьжиргаа” илтгэл

1394158878_fb132ac24468c6ddbigИлтгэгч нь: УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд

Хүндэт хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний урилгыг хүлээн авч нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Ардчиллын 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн олон хүндрэл бэрхшээлийг бид хамтдаа даван туулж ирсэн. Гэвч сүүлийн нэг жил хагасын хугацаанд бий болсон эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь нийгмийн хүрээний олон асуудлыг бий болголоо. Зарим талаараа өмнөх ололт амжилтуудыг бууруулж, ахиц дэвшлийг ухрааж байна.

Ийм нөхцөл байдалаас гарах гарц, шийдвэрлэх арга замын талаар тодорхой бодлогын хувилбаруудыг санал болгохоор бэлтгэж байгаагийн зэрэгцээ анхааруулан сануулсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 8 дугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх талаар шаардлага хүргүүлсэн. Мөн 12 дугаар сард “Бизнесийн таатай орчин” сэдэвт уулзалт, одоогоос 20-иод хоногийн өмнө “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан билээ. Эдгээр уулзалт хэлэлцүүлгийн дүнгээс үзвэл макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, хямралын шинж тэмдэг олон үзүүлэлтээр илэрч эдийн засгийн байдал ноцтой хүндэрсэн байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан Эдийн засаг, нийгмийн байдлын 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал Засгийн газрын гадаад, дотоод зээлийг оролцуулан тооцвол 1,3 их наяд буюу ДНБ-ий 7,5 хувьд хүрчээ. Гадаад худалдааны алдагдал 2 тэрбум ам.доллараас давж, төлбөрийн тэнцэл 3,2 тэрбум долларын алдагдалтай гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан байна. Эдийн засгийн өсөлт өмнөх оныхоос буурч 11,7 хувьтай гарлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар буюу 10 их наяд 15 тэрбум төгрөг, Засгийн газрын дотоод өр 1 их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцвол 11 их наяд 935 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ний 68 хувиас даваад байна. Хувийн хэвшлийн гадаад өрийг оруулж тооцвол Монгол Улсын гадаад өр нийт дүнгээрээ 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2013 оны эцэст Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1 тэрбум 193 сая ам.доллар болж, сүүлийн нэг жилийн дотор 2 тэрбум 932 сая ам.доллараар буурчээ.
Байдал ийм байхад эрх баригчид эдийн засаг хямраагүй, харин ч хөгжиж дэгжиж байна гэж ярьж суух нь бодит байдалд нийцэхгүй юм.

Эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт амьжиргаанд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ.

Нэг. Бизнесийн орчин муудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Зөвхөн сүүлийн нэг жилийн дотор бизнесийн хүрээ хэрхэн хумигдсан талаар зарим жишээ хэлье. 2012 онд ХАА-н чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3,4 дахин, уул уурхай салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж  6,7 дахин,  боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4,9 дахин  буурчээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээллээс үзвэл ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо 2013 онд өмнөх оныхоос даруй 50,0 хувиар нэмэгдэв.

Энэ бол эдийн засгийн байдал хүндэрч, бизнесийн орчин муудсаны тод илрэл мөн. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн  23,0 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож байхад Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол” зорилт хэрхэн хэрэгжиж буй нь эргэлзээтэй байна. Иргэд ажлын байрны өсөлт, ажилд орох боломжийн талаар дараахь байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, Стратеги Академиас өнгөрсөн 7 хоногт явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 28,9 хувь нь ажлын байр олддогггүй, 32,2 хувь нь олдсон ч танил тал, авлигаар ордог, 8,5 хувь бизнес хаагдсан, 6,1 хувь нь ажлын байраа алдсан гэж хариулсан байна. Энэ нь ажлын байрны олдоц муу, хөдөлмөрийн хүрээнд хүнд суртал, хууль бус үйлдэл байсаар буйг нотолж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн 2013 оны төлөв байдлын мэдээгээр ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дөнгөж 30 хувийг ажиллах хүчээр хангасан байна. Гэтэл нийт ажлын байрны захиалгын 51,5 хувь нь дотоодын зах зээлээс хангах боломжтой, олдоцтой ажил мэргэжлийн, тэдгээрийн 40 хувь нь энгийн ажил мэргэжил шаардах ажил байгаа юм.

Хоёр. Өнгөрсөн онд инфляци 12.5 хувьд хүрч гол нэрийн өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь өсчээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларсан байна. Эдгээр тоо баримтаас үзэхэд өнгөрсөн нэг жил гаруйн  хугацаанд иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурсан байна. Инфляци, хэрэглээний үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадвар, зайлшгүй хэрэглээг бууруулж тэднийг бүсээ чангалж амьдрахад хүргэж байна. Судалгааны байгууллагуудын хийж буй тандалт, судалгаа ч үүнийг нотолж байна.
Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт Стратеги Академиас иргэдийн дунд явуулсан түүвэр судалгаанд оролцогсдын 38,1 хувь нь сүүлийн нэг жилд миний амьжиргааны түвшин буурсан гэж хариулсан байна. Энэ нь 2004, 2008, 2012 онд явуулсан судалгаануудын ижил төрлийн асуултад өгч байсан хариулттай харьцуулбал даруй 15-18 пунктээр илүү байна. Мөн амьжиргааны түвшин буурахад хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэж судалгаанд оролцогчдын 41,2 хувь нь, ажилгүйдэл гэж 21,8 хувь хариулсан байна. Иргэд үнийн өсөлтийг хэрхэн давж байгаа талаарх асуултад 24,8 хувь нь бүх хэрэглээгээ багасгаж, 19,4 хувь нь хоол хүнснээс бусад хэрэглээгээ хасч, 12,6 хувь нь бусдаас дэмжлэг авч, 21,4 хувь нь цалин, тэтгэврийн зээл авч байна гэж хариулжээ. Үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа нь хувийн жижиг бизнес эрхлэгчид, оюутан, ажилгүйчүүд, тэтгэврийн хөгшчүүд байна.

Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр Монгол банктай хамтран 3,0 их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосон боловч үр дүн нь гарсангүй. Харин ч хөтөлбөр хэрэгжихээс өмнө орон сууцны 1м2-ын үнэ 1,2 сая төгрөг байсан бол одоо 2,5 сая төгрөг болж 2,1 дахин, Алтан тарианы 1-р гурилын үнэ 680 төгрөг байсан бол одоо 770 төгрөг болж 13,2 хувиар,  нэг литр АИ-92 бензины үнэ 1600 төгрөг байсан бол одоо 1790 төгрөг  болж 11,8 хувиар, хонины нэг килограмм ястай махны үнэ 5943 төгрөг байсан бол одоо 7025 төгрөг болж 18,2 хувиар, үхрийн нэг килограмм ястай махны үнэ 6728 байсан бол одоо 8625 төгрөг болж 28,2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандаж цөөн тооны компаниудад давуу эрх олгосон төдийгүй мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн буруу бодлого гэж бид анхнаас нь шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ шүүмжлэл үндэслэлтэй болохыг өнөөдөр үүссэн нөхцөл байдал харуулж байна. Уг хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйн дээр тус хөтөлбөрт хамрагдсан бүтээгдэхүүнүүдийн жижиглэн худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.

Үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг жил тутам нэмэгдүүлж байх талаарх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэхэд Засгийн газар тун хойрго хандаж байна. Үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг манай намын бүлгээс удаа дараа Засгийн газарт тавьж шахаж шаардаж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газар энэ оны 2 дугаар сараас тэтгэврийг 2,5-15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэтгэвэр нэмэгдүүлсэн хувь хэмжээ нь 2012-2013 оны үнийн өсөлт, инфляцийн түвшний дөнгөж 40 хувийг л нөхөх төдий байна.

Ахмадын тэтгэврийн нэмэгдэл асуудал, шүүмжлэл дагуулсан учраас цалингийн нэмэгдлийг нууцын зэрэглэлд орууллаа. Өөрөөр хэлбэл эрх баригчид шүүмжлүүлэх зүйлээ нууцалж ард түмний анхаарлаас холдуулдаг боллоо.

Гурав. Өрхийн орлогыг бүрдүүлдэг эх үүсвэрүүд өөрчлөгдсөн байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол 2013 онд ердөө 14,2 хувиар өсчээ. 2012 онд өрхийн орлогыг нэмэгдүүлсэн гол эх үүсвэр нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор байсан бол 2013 онд өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд цалин хөлс бага зэрэг нөлөөлж тэтгэвэр, тэтгэмжийн орлого өмнөхөөсөө буурсан байна. Тэгвэл 2013 онд цалин хөлсний өсөлт боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ, барилгын салбарт зонхилж гарсан бол эдгээр салбарын бүтээгдэхүүний өсөлт инфляцийг нэмэгдүүлэхэд голлож нөлөөлжээ. Энэ нь хүнсний болон өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үнэ нэмж олсон ашгаасаа ажилчдынхаа цалинг нэмсэн гэсэн үг юм.

Орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл 2013 онд хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж буй орлого багатай бүлгийн хэрэглээнээс 5,7 пунктээр илүү байна. Хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс 8,3 дахин өндөр байна. Ийнхүү баян хоосны ялгаа нэмэгдэж, бага орлоготой өрхийн хэрэглээ хумигдаж байхад Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгох арга хэмжээг хэрэгжүүлэлгүй 2 жил шахам болж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

Дөрөв. Банк, санхүүгийн зах зээлийн байдал иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар дордож байгааг харуулж байна. Монгол улс гадаадад их хэмжээний өртэй төдийгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо өр зээлийн сүлжээнд орж байна. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 598 тэрбум төгрөг болж 95 хувиар   өсчээ. Иргэдийн төгрөгийн хадгаламжийн дүн буурсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн 8,4 хувь нь нийт хадгаламжийн 70,9 хувийг эзэмшиж байна.

Орлого хүн амын цөөн хэсэгт төвлөрч байхад иргэдийн дийлэнхи нь тэтгэвэр, цалингийн зээлтэй, амьдралаа тарчигхан залгуулж байна. Нийт тэтгэвэр авагчдын 83,2 хувь нь 294,2 тэрбум төгрөгийн тэтгэврийн, нийт ажиллагчдын 30,5 хувь нь 1,2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна. Түүнчлэн иргэдийн худалдан авах чадварын өөрчлөлтийн талаарх асуултад Стратеги Академиас явуулсан судалгаанд оролцогчдын 11,9 хувь нь сайжирч байгаа, 27,8 хувь нь нэг их өөрчлөлт ороогүй, 58,8 хувь нь улам бүр муудаж байгаа гэж хариулсан байна.

5. Төрийн үйлчилгээ иргэдээсээ холдож, чанар хүртээмж нь муудаж өртөг зардал нь шууд бусаар нэмэгдэж амьжиргаанд нь хүндрэл учруулж байна. Аливаа өөрчлөлт, шинэчлэл иргэд рүүгээ хандсан, тэдэнд ойртсон байх учиртай атал өнөөдөр бүх юм эсрэгээрээ хийгдэж байгааг иргэд хэлж сануулсаар байна. Тухайбал, сумын эмнэлгийг эрүүл мэндийн төв болгон өөрчилж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх зардлыг төсөвт нь тусгаагүйгээс эмнэлгийн тусламж дуудсан иргэд дуудлагын машины бензин шатахууны үнийг бүрэн болон хэсэгчлэн төлдөг. Мөн сумын эрүүл мэндийн төв төрөх, эх барихын тусламж үзүүлэх чадамж муутайгаас эхчүүд сум дундын болон аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж төрөхийн тулд зардал чирэгдэл их хэмжээгээр гаргах болжээ. Сүүлийн жишээ гэхэд шүүхийг тойргийн зарчмаар зохион байгуулахдаа давж заалдах шатны шүүхийн тойргийг аймаг дамжуулан томсгосон нь иргэдэд ихээхэн чирэгдэлтэй, эрхээ хамгаалахад нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй болоод байна.

Хууль бус татвар хураамж хирээс хэтэрч, иргэдийн халаасыг суйлж байна. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэл жилд нэг удаа тухайн тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 20000 – 70000  төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр журамлаж, үүнээс энэ онд 9,3 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын 2014 оны төсөвт “хүү торгуулийн орлого”-ыг 2,6 дахин нэмэгдүүлж 12,5 тэрбум төгрөг байхаар тусгасан нь нийслэлийн нэг иргэнд 10420 төгрөг ногдож байна. Бизнесийн орчин муудаж, татварын орлого буурахаар иргэдээ торгож байж орлого бүрдүүлэх явдал нэмэгдэх хандлагатай болж байна. Энэ мэт иргэдээсээ холдсон төрийн үйлчилгээ, нуугдмал мөлжлөг ард иргэдийн амьжиргаанд хир хүнд тусч байгааг судалж, тодорхой  арга хэмжээ авах цаг болсон байна.

Ийнхүү эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргаанд хүндээр тусч байгаа нь тодорхой байхад хамгийн их төсөв, хөрөнгөтэй, боломж нөөцтэй Засгийн газар яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ гэдгийг засаглалын чадамжтай холбож үзэхээс өөр аргагүй юм. Засгийн газар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхдөө чиг үүргийн оновчтой хуваарилалт хийж, өмнөхөөс нь сайжруулахын оронд үндсээр нь өөрчлөх хоосон хийрхэлд автсаны хор уршгаар төрийн бүтэц данхайж, бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдал, уялдаа холбоо нь алдагджээ.

Хэдийгээр яамдын тоо нэмэгдсэн ч агентлагуудыг цөөрүүлсэн гэх боловч тэдгээрийн чиг үүргийг хариуцсан төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олноор байгуулсан, төрийн бүх шатанд орон тоо нэмэгдүүлсэн зэргээс төрийн албанд  ажиллагчдын тоо ганцхан жилийн дотор 30 гаруй хувиар нэмэгдэж 200,0 мянга хол давсан байна. Төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж халж солих хууль бус үйлдэл газар авснаас төрийн бодлогын залгамж алдагдан засаглалын чадавхи ноцтой сулрахад хүргэсэн байна.

Энэ нь өнөөгийн эрх баригчдыг олонхийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах, улс орноо нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх, хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцоолж сэргийлэх болон хохирол багатай даван туулах арга замыг боловсруулах чадвар чадамжгүй болгож, улмаар төрийн дархлааг сулруулжээ. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэл нь дэлхийн эдийн засгийн хямрал, эсхүл хөрш зэргэлдээ орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй, харин манай төрийн чадамж, олонхийн эрх ашгийг хамгаалсан тогтвортой бодлогогүйгээс үүдэлтэй байна.

Тэгвэл цаашид яах вэ гэдэгт иргэдийн санал хүсэлт, өнөөдрийн хэлэлцүүлгийн дүн чухал ач холбогдолтой. Иргэд цаашид Засгийн газраас юу хүсч байгаа талаарх асуултад өмнө дурдсан судалгаанд  оролцогчдын 59,9 хувь нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, 18,4 хувь нь валютын ханш бууруулах, 9,5 хувь нь бизнесийн орчинг сайжруулах, 6,6 хувь нь ажлын байр нэмэгдүүлэх, 2,2 хувь нь жижиг, дунд бизнесийг дэмжих, 1,1 хувь нь нийгмийн халамжийг нэмэгдүүлэх гэж хариулсан байна.

Энэ нь манай намаас баримталж ирсэн байр суурь, УИХ дахь намын бүлгээрээ дамжуулан эрх баригчдад удаа дараа тавьж байсан санал шаардлагын агуулгатай үндсэндээ нийцэж байгаа юм. УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар манай намын бүлгийн гишүүдийн 21 аймагт иргэдтэй хийсэн уулзалтууд болон Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний томоохон төв, захуудад ажиллах үеэр иргэдийн тавьсан санал, шаардлагууд нь эдийн засгийн хүндрэл иргэдийн ажлын байр, орлогод сөргөөр нөлөөлж байгааг нотолж байна.

Тиймээс бид дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажиллах болно:

1)    Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын тогтвортой бүтэц зохион байгуулалтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал чухал байна. Ингэснээр төрийн бодлогын уламжлал, залгамж чанарыг алдагдуулж аль нэгэн нам, хэн нэгэн албан тушаалтны хүсэл сонирхолоор төрийн бодлого явагддаг, төрийн бүтцийг дураараа өөрчилж, албан хаагчдыг бөөнөөр нь халж сольдог явдал зогсоно гэж үзэж байна.

2)    Ойрын хугацаанд хүндрэлээс гарахын тулд “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэх арга хэмжээг яаралтай авах нь чухал байна. Энэ талаар эрх баригчдаас гаргасан санал санаачилгыг манай нам нухацтай авч үзэж тухай бүр байр сууриа илэрхийлж ажиллах болно.

3)    Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх талаар өмнө тавьж байсан санал шаардлагаа хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардаж ажиллах болно. Түүнчлэн УИХ-д өргөн бариад байгаа цалин, тэтгэврийг индексжүүлэхтэй холбоотой хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах, ялангуяа хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсний зохицуулалтыг нийгмийн зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж байх үүднээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт бүтцийг боловсронгуй болгох, эрх мэдэл, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллана.

4)    Эдийн засгийн хүндрэл нь иргэдийн ажлын байр орлогод сөргөөр нөлөөлж буйг УИХ-д суудал бүхий улс төрийн намууд хүлээн зөвшөөрч үүнээс гарах арга замыг хамтран тодорхойлох нь чухал байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө Та бүхнийг үзэл бодол,  байр сууриа чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Мөн бизнес дэх төрийн оролцоог багасгаж бизнес эрхлэгчдэд шударга өрсөлдөөн бий болгох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн бодлогыг тодорхойлж улмаар чинээлэг дундаж давхарга нь хүн амын олонхи болох тогтвортой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Нийгэмд зөвшилцөлийг бий болгож төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлснээр дээрх зорилтуудыг шийдвэрлэж,  жинхэнэ утгаараа хүн бүр Монголдоо сайхан амьдрах боломж бүрдэнэ гэж үзэж байна.  Үүний төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг МАН, түүний УИХ дахь бүлэг  хийж, та бүхний дуу хоолой болж ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих