Улсын начин Л.Гантулга түрүүллээ
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний гуравдугаар сарын барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга түрүүлж, Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд үзүүрлэв.
Энэ барилдаанд заан Б.Соронзонболд, начин Л.Гантулга, аймгийн арслан Д.Цэрэндаваа, Б.Отгонбаатар, Б.Хишигбаатар нарын тэргүүтэй 80 хүчтэн зодогложээ. “Хантайшир”-ийн улсын цолтой бөхчүүд дэвжээнийхээ барилдааныг ээлжлэн ивээн тэтгэж зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн барилдааныг Шарга сумын харьяат 1954 оны улсын баяр наадмаар даян аварга Ц.Чимэд-Очироор тав давж, улсын начин хүртсэн З.Чинбатын нэрэмжит болгон зохион байгуулж начны гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэсэн байна.
Энэ удаагийн барилдааны шөвгийн гуравт Цээл сумын харьяат цэргийн начин Б.Энхсайхан, дунд шөвөгт Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар, Цээл сумын харьяат аймгийн арслан Д.Тангад нар шалгарлаа.
Д.Өлзий
URL: