Армийн бүх зэвсэг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ганцхан компанийн хөрөнгөтэй тэнцдэг гэв үү?
Дашдэмбэрэлийн гэхээсээ “Ажнай” хэмээх “овог”-оор нь Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнийг хүмүүс илүүтэй мэднэ. Шанх овогт Д.Бат-Эрдэнэ 1963 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төржээ. 1981 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургууль төгссөн. Улс төр судлаач, философич мэргэжилтэй. 1986-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн аргазүйч багш, 1990 оноос “Ажнай” компанийн захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2012 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа.
Д.Бат-Эрдэнийн гол онцлог бол УИХ, Засгийн газрын гишүүдийг орлогоороо тэргүүлдэг. Тэрээр өнгөрсөн жил 20 тэрбум зургаан сая 680 мянган төгрөгийн ашигтай ажиллаж, парламентын болоод Засгийн газрын гишүүдийг хөрөнгөөрөө хол хаяж, Монголын толгой баян гэдгээ харууллаа. Д.Бат-Эрдэнэ гурван орон сууцтай, 250 адуутай аж. Мөн “Ажнай”, “Инвест капитал”, “Мэк” зэрэг компанийн хувьцаа эзэмшдэг юм байна.
Үүнээс гадна тэр уяач. Хурдан морь сонирхдог, түүндээ мөнгө зардаг, тэр хэрээрээ алдар цол хүртдэг. Гэвч Д.Бат-Эрдэнийн энэ сонирхол хобби, хөрөнгө бэлийн талаар энд ярих гэсэнгүй.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Монголын төрийн чухал яамны толгойд сууж байна. Үг хэл, алхаа гишгээнээс бусад нь нууц байдаг байлаа, энэ салбар. Харин мань эрийг сайд болсноос хойш баахан хэл ам татлах болж. Сүүлдээ бүр Оросын нэг сайтад манай ядруухан зэвсэглэлийн талаар тун дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ. Ичмээр дамшиг юм даа гэдэг шиг. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл манай армийн зэвсэглэл чинь “Ажнай” сайдын ганцхан компанийн хөрөнгөтэй л тэнцэх юм байна шүү дээ хэмээн учир мэдэх хүний уулга алдахыг сонсов.
Үүүнээс гадна Д.Бат-Эрдэнэтэй холбоотой луйврын гэх тодотголтой хэргийг шүүх хурал сайд болсноос нь хойш ч болж үзэгдэв. Төрийн хүн нуруутай байх ёстой. Тэгж гэмээнэ бид төрөө хүндлэх, дээдлэх гүн бишрэлийг олдог буюу.
Тиймээс гадна, дотнын мэдээллийн хэрэгслүүд, хот хөдөө, Улаанбаатар Өмнөговиор яригдаж буй фактууд, улс төр, бизнесийн хүрээнийхний дунд хэлэгдсээр удаж байгаа зарим асуудлыг тоймлон нэгтгэв.
Эндээс үзвэл Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ яахын аргагүй “Асуултын тэмдэгтэй хүн” ажээ.
…Оросын www.rusplt.ru цахим хуудаст “Монголыг хамгаалах нь Орост яагаад ашигтай вэ” гэсэн гарчигтай нийтлэл гарлаа. Энэ нийтлэлийг орчуулагчид хэдийнэ монгол хэл рүү хөрвүүлж цахим ертөнцөд тараагаад амжжээ.
ОХУ-ын Улс төр, цэрэг дайны судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин энэхүү нийтлэлийг бичсэн байна…
… Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг мото буудлагын бригад, барилгын хороо, энхийг сахиулах батальон (дахиад нэг нэмэгдэнэ), тусгай үүргийн батальон, мөн түүнчлэн бэлэн байдлын доогуур төвшин бүхий гүйцэд бус бүрэлдэхүүнтэй зургаан хороотой. Т-54 маркийн танк 200, Т-55 170, Т-62 280, Т-72А 50 ширхэг бий. Дээр нь хуягт тээвэрлэгч машин гэвэл 120 ширхэг БРДМ-2, БРДМ-1 150, БМП-1 420, БТР-80 20, БТР-70 40, БТР-60 350, БТР-40 200, БТР-152 50 бий. 600 их буу, 140 миномет, 250 тийрэлтэт пуужингийн систем, 700 танк эсэргүүцэгчтэй.
Монголын хуурай замын цэргийн бараг бүх техник нь байлдааны чадваргүй болсон учир дээр бичсэн тоо чухамдаа баримжаа л юм. Харин сүүлийн хэдэн жилд Оросоос нийлүүлсэн Т-72А танк, БТР-70, БТР-80 хуягтууд харин өөр хэрэг. Эднийг шинэ гэж хэлэхгүй ч урьд нь байсан, элэгдэлд орсон техниктэй харьцуулбал хамаагүй дээр байдалд байгаа….
/Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин/
…Тэрээр 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийнхаа ТУЗ-ийн даргын суудалд эзэн суусан мэт байдаг ч, тэр хүртэлх хугацаанд цөөнгүй хувьцаа эзэмшигчдийн голыг харлуулсан гэгддэг. Тэгвэл өнгөрсөн сарын 26-ны өдөр Улсын дээд шүүх мөн л түүнд холбогдох хувьцааны хэргийг хэлэлцсэн байна. Д.Бат-Эрдэнийн тухайд ялалт байгуулна гэсэн итгэлтэй байгаагаа нөгөө талдаа илэрхийлсэн талаар мэдээлэл гадагшилж байсан билээ. Тэгэхээр одоо яригдаад байгаа хэрэг нь “Тавантолгой транс” ХХК, “Говь Урал” ХХК болон “Транс” банкны хооронд үүсээд багагүй хугацааг элээж буй маргаан юм. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ эрхэм ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн эзэмшилд байсан “Тавантолгой” ХК-ийн өөрийн өмчлөлийн 10 231 ширхэг хувьцааг авахын тулд утсан хүүхэлдэйнүүдийг удирдагчийн дүрд тоглосон гэхэд хэтрүүлсэн болохгүй.
/Эх сурвалж: mongolcomments.mn/
…Нутгийн удирдлагын ордонг өөрийнхөө хамаатан садан, танил талаараа дүүргэсэн гэхийн сацуу 2004-2008 онд 80 тэрбум төгрөгийг татварт төлөлгүй нуусан, тусгай зөвшөөрлөөр олгодог, дэлхийн зах зээлд өндөр үнэтэй худалдаалдаг сайн чанарын коксжих нүүрсийг тонн тутмыг нь ашиг олохын тулд дур мэдэн гурав дахин хямд үнээр борлуулсан гэх явган яриа ч бий. Энэ мэт тоолж барамгүй бараан мэдээллээс шалтгаалан өнөө цагийн Батлан хамгаалахын сайдыг Өмнөговь аймгийн иргэдийн захиран зарцуулах ёстой хувийг төрөл садан, найз нөхдөөрөө дамжуулан халаасалсан гэдгийг ч зарим эх сурвалж жин тан нотолдог билээ. Тэрбээр тун саяхан Тавантолгойн мөнгөөр “Чингис” зочид буудал, “Монгол шилтгээн”, “Өндөр дов” амралтын газар, “Эх орон” телевиз, өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн “Медиа групп” байгуулах хэмжээний тоног төхөөрөмж, баг хамт олон худалдаж авсан ажээ. Энэ бол хамгийн сүүлийн үеийн жишээ.
/Эх сурвалж: Unen.mn/
…“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгох тухай ярьж эхэлснээс хойш иргэд хувьцааны талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн луйврын хохирогч болсон хүмүүсийн дийлэнх нь Өмнөговь аймгийнх аж. Өөрийн өмчөө бусдад алдсан иргэд Д.Бат-Эрдэнэтэй “дайн” зарласан хэдий ч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй яваа. Үүний тод жишээ нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ч.Отгончимэг юм. Түүний нөхөр Л.Туваанбаатар 1993 онд “Монгол эд импекс” хувьцаат компанид хувьцаа эзэмшдэг байв. Энэ хугацаанд ногдол ашиг гэж 1400 төгрөг авчээ. Тухайн үед Өмнөговь аймгийн Баяндалай суманд амьдарч байсан Ч.Отгончимэг, Л.Туваанбаатар нар хувьцааныхаа сургийг тэр болгон сонсдоггүй байв. Гэтэл тус аймагт брокер дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Далан” компани татан буугджээ. Тиймээс иргэд хувьцаагаа байгаа эсэхийг хэнээс асууж тодруулахаа мэдэхгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн аж. Тус аймагт Үнэт цаасны газрынхан ажиллахаар ирсэн байна. Үүнийг сонссон Ч.Отгончимэг аймгийн төв орж холбогдох хүмүүсээс хувьцааныхаа талаар лавлахад “Танай аймгийн брокер дилерийн “Далан” компанийн нэрийг өөрчлөн “Ажнай инвест” болгосон. Харин эзэн нь Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий. Энэ компанид танай нөхрийн нэр дээр 220 ширхэг хувьцаа бүртгэлтэй байна” гэжээ.
/Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин/
…“Ажнай” Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд болонгуутаа БХЯ-ны харъяа хэд хэдэн газраа нэгтгэн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийг байгуулж, захирлаар “Монгол базальт”-ын захирал Л.Ариунболдыг тавьжээ. Уг нь хуулиараа аж үйлдвэрийн нэгдлийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, захирлыг нь Төрийн өмчийн хорооноос томилох журамтай гэнэ….
….Харин саяхнаас “Монгол базальт”-ын “ганзага нийлдэг” сайн найз “Ажнай” Бат-Эрдэнийнхээ буянаар төрийн том албан тушаалд очжээ.“Монгол базальт”-ын захирал Л.Ариунболд Батлан хамгаалахын сайд, сайн найздаа нөлөөлж, шийдвэрийг 5-6 удаа өөрчлүүлсний улмаас энэ онд ашиглалтад орох ёстой хэд хэдэн барилгын ажил удааширч, яамны сайд, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал Л.Ариунболд хоёрын нэр хүнд Батлан хамгаалах салбартаа унаж байна….
/Эх сурвалж: mongolcomments.mn/
…Хэдэн жилийн өмнө Татварын ерөнхий газар Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” компанийг шалгаад улсад 80 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй байна гэдгийг тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг шалгасан. Яг үнэндээ бол 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэж байсан ч яваандаа 80 болсон түүхтэй. Гэтэл тэр их хэмжээний мөнгөний сураг тасраад удаж байна. Төрд байгаа луйварчдыг илрүүлж чаддаг ч тэдэнд хариуцлага тооцож чаддаггүй монгол төрийн сульдаатай байдалтай холбоотой юм. Хувьцаагаар баяжсан, үүндээ ч мэргэшсэн долларын тэрбумтан Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.
Гэхдээ түүний удирдаж байгаа энэ яам татвар төлөгчдийн мөнгөөр хөдлөдөг гэдгийг эрхэм сайд мэдэж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших бага Тавантолгойгоос нүүрс олборлож буй “Таван толгой” ХК-ийн ашгийг “уугуул” гэсэн гуншинтай “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн засаг даргын хүрээнийхэн хэрхэн хувьдаа завшиж байдаг. Мөнгө шүтсэн газар хар мөртэй байдаг гэдэг. 2009 онд гаргасан Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтнүүдийн дүгнэлтэд “Бага Тавантолгойд олборлолт, тээвэрлэлт хийж буй “Тавантолгой” ХК-ийн удирдах түвшинд нэг ч мэргэжлийн хүн байхгүйгээс техник технологийн горим, мэргэжлийн удирдлага алдагдаж, стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглах төрийн бодлого сулрахад хүрч байна” гэжээ. Тиймээс ч “Таван толгой” ХК-д ажлын орчин нөхцлөөс хамаарч олон хүний амь үрэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээнээс харахад 2010 онд 31 зам тээврийн осол гарч 23 хүн амиа алдсан. Харин 2011 онд 12 осол гарч гурван хүн нас барсан байна…
/Эх сурвалж: news.undesten.mn/
…Улсын дээд шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх “Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой нийт таван хэргийг шийдвэрлэсэн байдаг. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын Дээд шүүхэд удаа дараа хандсан. Үүнд, анхан шатны шүүх дээрх хэргүүдийг шийдвэрлэхдээ гол маргалдаж буй хувьцаа хэний нэр дээр байгаа, хэнээс хэдэн хүнд шилжсэн болохыг хянаж үзээгүйгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байгааг дурджээ.
“Тавантолгой” ХК-д ажиллагсад өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээрх хувьцааг бусдад алдлаа хэмээн шүүхэд хандсанаар шүүх тэдгээрийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн байна. Шийдвэрүүд яагаад биелэгдэхгүйд хүрэв гэвэл хувьцаанууд хэдийнэ өөр хүмүүсийн өмчлөлд шилжсэнээр барахгүй хэд хэдэн хүний гар дамжчихсан аж.
Хамгийн сүүлд Тээвэр хөгжлийн банкны мэдэлд очсон, Тавантолгойн нийт 11.500 ширхэг хувьцааг иргэдээс хууран мэхлэх замаар булаан авч луйвардсан хэрэгтээ Д.Бат-Эрдэнэ хоёр ч шүүхээс ялагдал хүлээгээд буй юм байна.
/Эх сурвалж: medee.mn/
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт өөрийн цэргийн зөвлөх Г.Сүхээг ажлаас нь чөлөөлжээ. Батлан хамгаалахын их сургуулийг Цэргийн нэгдсэн дээд сургууль байхад нь нэгэн үе хамт багшилж, “Ажнай” корпорацид нь дэд захирлаар ажиллаж байсан найзыгаа цэргийн зөвлөхөөрөө авахад нь гайхаагүй хурандаа нар халахад нь харин хачирхаж буй аж. ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн холбооны академи төгссөн, цэргийн шинжлэх ухааны доктор Г.Сүхээд офицерууд ам сайтай байдаг юм билээ.
Сайд, зөвлөх хоёрын дундуур ямар гээчийн муур гүйснийг Батлан хамгаалах яамны офицерууд янз бүрээр ярьж байна. Нэг хэсгийнх нь яриагаар бол Г.Сүхээг ажлаас нь чөлөөлөхийг Засгийн газрын зүгээс шаардаж, Д.Бат-Эрдэнэ сайдад үүрэг өгсөн гэх. Тэгвэл зарим нь Цэргийн зөвлөхөө сайд өөрөө халсан гэж байна. Налайх дахь Оросын цэргийн ангийн орхиод явсан таван давхар хэдэн орон сууцыг засаж, офицер, ахлагч нарт өгөхөөр болсон юм байна. Энэ ажлыг чанаргүй хийлгэсэн, танил талдаа ч юм уу, өөртөө байр сууц авсан гэдгээс үүдэн сайд нь зөвлөхөө ажлаас халсан гэх хүн ч байлаа….
/Эх сурвалж: “Өнөөдөр” сонин/
Ийн Д.Бат-Эрдэнэ дан ганц “Ажнай” компанийн захирал байх үеэс үргэлжилж буй мөнгө төгрөг, хувьцааны маргаан, Батлан хамгаалахын сайд болсноос нь хойш энэ салбарт болж байгаа маапаантай асуудлууд гээд зөндөө л “юм” байна. Өмнөговийнхон, ер нь монголчууд, бас офицер, цэргүүд, армийнхан Д.Бат-Эрдэнээс тайлбар сонсохыг хүсдэг нь мэдээж. Тиймээс “Асуултын тэмдэгтэй хүн” та хариулт өгөх биз ээ…
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: