Крымын нэгдэл хэрхэн өрнөх вэ?

e2b46c633158c3e980b57d8fc8d98857_LМОСКА. /Russia Focus/. Крымчүүд өнгөрсөн долоо хоногийн турш Орост нэгдсэн үйл явдлыг баярлан тэмдэглэж өнгөрүүлэв. Харин одоо Крым Орост бодитоор нэгдэх шат дараалсан ажлуудыг хийх үлдлээ. Үүнд мөнгөн дэвсгэрт, банкны карт, иргэний паспорт солих гэх мэт олон ажил багтана. Түүгээр үл барам мансууруулах бодист донтогчдыг эмчлэх, хорих засан хүмүүжүүлэх газрын хүмүүжигчдийн асуудал хүртэл Оросын хуулиар шийдэгдэж эхэлнэ.

Нэг онош, эмчилгээний олон арга

Крымд хэрэгжиж ирсэн мансууруулах бодист донтогчдыг эмчлэх хөтөлбөр зогсохоос аргагүй болж байна. Учир нь Орос Украины холбогдох хууль дүрэм зөрчилддөгт оршино. Орост хуулиар хориглодог мансууруулах бодисыг орлуулах эмчилгээний арга Украинд олон жилийн өмнөөс хуулийн дагуу хийж ирсэн. Түүнчлэн өнөөдөр Крымд хуулийн дагуу, эмчийн жороор Метадон хэмээх өвчин намдаах, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг 800 өвчтөн байдаг аж.

Украинд хэрэгжиж буй мансууруулах бодисыг орлуулах эмчилгээний дагуу мансууруулах бодис донтохыг нь хүнд төрлийн өвчинд тооцдог байна. Өвчтөн өөрөө мансууруулах бодист донтох байдлаас гарах чадвараа алдсан бол эмнэлэг, эмчийн хяналт дор Метадон, Бупренорфин зэрэг өвчин намдаах, мансууруулах төрлийн эм ууж, эмчлүүлэх хэрэгтэй байдаг аж. Уг эмчилгээний арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хар тамхитай тэмцэх газраас зөвшөөрөгдөн, дэлхийн 60 улсад нэг сая гаруй хүнийг эмчлэхэд ашиглагдаж байна. Уг эмчилгээний дүнд мансууруулах бодисын гэмт хэргийг гаралтыг бууруулж чадсан гэж олон оронд үздэг. Хууль бус аргаар мансууруулах бодис олох шаардлагагүй болсон учир энэ төрлийн гэмт хэрэг буурах нь зүйн хэрэг юм. Харин Орост мансууруулах бодисын орлуулах эмчилгээ, болон Метадоны импортыг хуулиар хорьдог.

Крымд хэрэгжиж буй Мансууруулах бодисын орлуулах эмчилгээний хөтөлбөр арга цаашид хэрхэх талаар Крым, Севастополийн эмч нар дараах бодолтой байна. Крымын мансууруулах бодисын эмчилгээний газрын дарга Владимир Сроевский: “Энэ бол хар тамхины эмчилгээний цорын ганц арга биш” гэж хэлсэн байна. Крымын Засгийн газар одоо хэрэгжүүлж байгаа мансууруулах бодисын орлуулах эмчилгээний хөтөлбөрөөс татгалзаж, Оросод зөвшөөрөгдсөн хорыг зайлуулах, сэтгэл зүйн эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Владимир Сроевский ярьжээ. Харин Крымын сэтгэц, мэдрэлийн эмч нар Оросын Засгийн газраас дээрх өвчтөнүүдэд зориулж тусгайлан Метадоны эмчилгээ хийх зөвшөөрөл хүссэн байна. Крымын сэтгэц, мэдрэлийн эмч Михайль Сегаров: “мансууруулах бодисын орлуулах эмчилгээг цаашид дэлгэрүүлэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ удаан хугацаанд энэ эмчилгээнд хамрагдан эдгэрэх шатандаа орсон өвчтөнүүдэд цаашид шаардлагатай эм тариаг нь хэрхэн залгуулах талаар бодож үзэх хэрэгтэй. Беларусьт мансууруулах бодисын орлуулах эмчилгээний аргыг зөвшөөрдөг. Крым Гаалийн холбооны гишүүн ОХУ-ын бүрэн эрхт бүрэлдэхүүний хувиар Метадоны импортын асуудлыг шийдвэрлэж чадвал асуудлыг шийдэх боломжтой” гэв.

Далбааны өнгөө сольсон засан хүмүүжүүлэх газрын хувь заяа

Асуудал зөвхөн мансууруулах бодист донтогчдын тухай хуульд өөрчлөлт оруулснаар дуусахгүй. Крымын хойгт байрлах хоёр хорих анги, албадан хөдөлмөр эрхлүүлэх газар, урьдчилан хорих төв бүгд Оросын Холбооны шийдвэр гүйцэтгэх албаны харьяанд орно. Харин одоохондоо Орост гадаад улсаас ялтан шилжүүлэн авах тогтолцоо төдийлөн бүрэлдэж амжаагүй байна. Крымын хорих ангиуд Оросын харьяанд орж гүйцсэний дараа хүмүүжигчдэд Оросын шоронгийн дүрэмт хувцас өмсгөх хэрэгтэй болно. Түүнчлэн тэд Оросын шоронгийн хууль дүрэмд захирагдан хүмүүжих шаардлагатай. Тухайлбал, Оросын шоронд салхинд гарах, нарлах цаг урт байдаг бол Украины шоронд зурагт үзэх цаг нь илүү олон давтамжтай байх жишээтэй. Мөн хүмүүжигчид өөрсдийн сонголтоос үл хамааран Оросын иргэн харьяат болно. Учир нь Крымыг Орост нэгтгэх гэрээний тавдугаар бүлэгт заасны дагуу Крымын Автономит Бүгд Найрамдах Улсад амьдарч байгаа бүх иргэн автоматаар ОХУ-ын иргэн болох ба шинэ иргэншлийг авах эсэхээ тухайн хүн өөрөө шийднэ гэж заажээ. Харин хүмүүжигчдэд Оросын иргэний харьяа олгох эсэхийг одоохондоо судалж үзээгүй байгаа ба албаны хүний хэлж буйгаар асуудал ойрын хугацаанд шийдэгдэх бололтой.

Үүнээс гадна Украины лигт тоглодог Крымын хөл бөмбөгийн хоёр баг байдаг. Хэдийгээр “Симерпол”, “Севастополь” багийн тамирчид Украины лигээс гарах шийдвэр гаргаад байгаа ч тэднийг Оросын хөл бөмбөгийн мэргэжлийн лиг хүлээж авах эсэх тодорхойгүй байгаа.

Гуравдугаар сарын 30-нд Крымд нэгэн том өөрчлөлт орсон. Крым Украины цагаас Оросын цагт шилжсэн билээ. Одоо Москва, Крым хоёр цагийн зөрөөтэй болжээ.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих