Улаанчулуутын жаалууд

4-2-25Өнөө өглөөхөн хүүгийнхээ жижигхэн хурууг цэцэрлэгийнх нь шүүгээний хаалганд хавччихаад өөрийгөө зэмлэн уйлсаар ажилдаа ирсэнсэн. Харин одоо хүүтэй минь чацуу боловч хуруугаа хаалганд хавчсан ч, хацар нүүрээ хөлдөөсөн ч уйлж тунирхаж үзээгүй бусдын үрсийн тухай бичихээр сууна. Бидний мэддэг юм шиг хэрнээ тэр бүр хажуунаас нь харж үзээгүй тийм нэг амьдрал тэнд өрнөж байна.

 

ТОМООТОЙ УРАЛДСАН НЬ

Гадаадад төгсөгчдийн холбооны залуустай нэгдэн Нарангийн эн­гэрийн Улаанчулуутын хогийн цэг рүү хөдөлс­нөөр энэ өдрийн ажил эхэллээ.

Бидний машинд ачуулаад хогийн цэг рүү илгээсэн зүсэн зүйлийн хаягдлуудаас мөнгө, хоол болчих юу л байна тэр бүхнийг түүж амьдардаг хэсэг хүмүүс тэнд бий. Хүн хог гэж нэрлүүлсэн тэдний тухай хангалттай  уншиж, сонсч байлаа. Гэхдээ бидний энэ өдрийн ажил тэд биш. Харин хог түүн амиа зогоож байгаа хүмүүсээс мэндэлж, аав ээжтэйгээ ижил хувь заяаг хүслээрээ биш тавилангаараа үүрч яваа бяцхан жаалууд. Бид явсаар Нарангийн энгэрийн гэр хороололд ирлээ. Дотроо дөрвөн гэртэй нэгэн хашааны гадна Бааска хүлээгээд зогсч байв. Түүний тухай яривал их урт түүх болох юм билээ. “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасандорж гэх энэ залуу олон улсын байгууллагад ажилладаг гэсэн.

Бага насных нь амьдрал Улаанчулуутын хогийн цэгт өнгөрсөн гэдэг ганцхан өгүүлбэрээр түүний зорьж, зориглож байгаа үйлсийг тодорхойлж болно. Бааска найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр хогийн цэг тойрон амьдарч байгаа 100 гаруй хүүхэд, 40 гаруй том хүнийг долоо хоногт хоёр удаа хооллож, төрийн бус байгууллага, холбоодын тусламжтайгаар төрөл бүрийн сургалтыг зохиодог гэнэ. Мэдээж энд амьдарч байгаа хүүхдүүдийг насан туршид нь хооллож чадахгүй ч, тэднийг амьдрах итгэлээр тэтгэж, ирээдүйгээ өөдрөгөөр хараасай гэсэн ганцхан зорилго түүнд бий гэсэн. Хашаан дотор байх дөрвөн гэрийн нэг нь хоол хийдэг, нэг нь хоолоо идэж, сургалтаа хийдэг, нөгөө нь Улаанчулуутын жаалуудын хувьд өндөр ээж нь болсон М.Сарнайгийнх. Оройдоо энэ гурван гэрт нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд аврал ирэн ирж хонодог гэнэ. Дулаан, зөөлөн ор, дэвсгэр байхгүй ч хоргодох байрандаа ирсэн тэд модон шалан дээр зулан айх зүйлгүй унтацгаадаг гэлээ. Харин хашааны буланд байх жижиг гэрт арван настай Томоо ээжтэйгээ хамт амьдардаг. Тэдний тухай нийтлэлд дахин гарна.

Бааска өнөөдрийн хоолны материал болох төмс, мах, гурил, бас хэдэн шуудай түлээ, нүүрс зэргийг машинаасаа буулгаж гэрт оруулчихаад М.Сарнай эгчийг хоол хийх хооронд бидэнд ойр хавийн амьдралыг үзүүлж, ганц нэг айлаар дагуулж орохоор болов. Бааска яг л бидний хамгаалагч шиг явав. Энэ орчимд онц ноцтой хэрэг ойр ойрхон гарч, хүчирхийлэл, дээрэм, тонуул байх ёстой үзэгдэл мэт болсон учраас хамгаалагчгүйгээр явахад төвөгтэй гэнэ. Жаахан хүүхдүүд хүртэл танихгүй хүнийг трубагаар цохих нь энүүхэнд гэлээ. Харин улаанчулуутынхан Бааскад хэзээ ч халдаж байгаагүй. Гудамжаар явсан хүүхэд болгон түүн рүү гараа даллан мэндэлнэ. Энэ үед түрүүн хальт дурдаад орхисон Томоо ээжийгээ дагуулсаар араас гүйж ирэв. Маажийсан гутал, муухан куртик, ноосон малгайтай энэ жаалыг Нарангийн энгэрт танихгүй хүн үгүй гэнэ.  Хэл нь жаахан муу тэрээр хэнд ч гай болдоггүй, харин нүүр өгсөн хүмүүст наалдаж аваад салдаггүй зуршилтай гэсэн. Ээж нь 40 хүрч яваа болов уу гэмээр. Халцарч, хуучирсан хувцсан дээр урт гэгч нь санждаг ээмгээр гангарчээ. Бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй учраас хүү, ээж хоёрыг энэ хавийнхан дээрэлхэх гээд байдаг бололтой. “Чи ээжийгээ зодож байна уу” гэж Бааска Томоогоос асуулаа. “Энэ гайгүй ээ. Мөнхзориг л намайг чулуугаар шидээд байгаа. Энийг харахгүй бол хогны машинд дайруулчих гээд байна” гэж Ээнээ хариулав. Биднийг машиндаа суун хөдлөхөд Томоо ээжтэйгээ уралдан араас гүйчихлээ.

 

АЙДАС ДУНДАХ АМЬДРАЛ

Улаанчулуутаас хог түүж амьдрал залгуулдаг 400 гаруй айл байдаг гэнэ. Тэдний дунд модон хайрцгаар тойруулж барьсан оромжинд амьдрах хүн байхад машин аваад уначих чадалтай нэгэн ч байна. Нарангийн энгэрт хоёр урт жалга бий. Холоос харахад хогтой мэт харагдах ч ойртоод очвол дотор талд нь бүхэл бүтэн амьдрал байдаг. Салхины нөмрийг бодож жалганы дотор талыг хөндийлөн ухаад оромжоо босгосон айл цөөнгүй харагдана. Тэдний нэг Төмөрийнд бид орлоо. Гурван хүн багтах зайгүй, эгц зогсох боломжгүй намхан тэр оромжинд газын плитка нэг, өмхөрсөн гудас нэг, зогссон ханын цаг нэг ширхэг байна. Одоо 50 хүрч яваа Төмөр гэх энэ хүн гурав хоног өдөр шөнөгүй хог дээр ажиллаад 90 орчим мянган төгрөг олдог гэнэ. “Бас ч гэж боломжийн орлого олдог юм байна. Мөнгөөрөө юу хийдэг вэ” гэж намайг асуухад тэр жаахан эвгүйцсэн байх. “Мах ямар үнэтэй билээ, хоолны зүйл л авна шүү дээ” гэж нам дуугаар хариулав. Олсон орлогынхоо нэлээдгүй хэсгийг архинд өгчихдөг нь хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэгдэв. Эхнэр хүүхэд нь салаад явчихсан, энэ улсад амьдарч байгаа гэсэн бүртгэлгүй түүнд өнөөх шилтэй идээ л хань болдог ажээ.

Тэднийхээс гарлаа. Томоо гүйцээд ирчихсэн байв. Ээж нь араас ирж байгаа гэнэ. Бааска түүнийг “Түрүүлээд гэртээ очиж бай, хүүхдүүдтэй цуг хүлээж бай” гэж явуулах гээд дийлсэнгүй.

Өдөр бүр хог руу явдаг аав, ээжийгээ байхгүйд хүүхдүүд гэрээ сахидаг гэнэ. Гуравтай нь хоёртойгоо, дөрөвтэй нь гуравтайгаа үүрч, дүүрч чирсээр хүн болцгоодог бололтой. Энэ хавийн хүүхдүүдээс эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар нас барсан нь олон гэнэ. Түүнчлэн өдөр бүр холхидог хогны машины доогуур орж амиа алдсан тохиолдол ч цөөнгүй ажээ. Нэгэнт аав, ээж нь иргэний бүртгэлгүй учраас эмнэлэгт үзүүлж, сургуульд сурч, цэцэрлэгт хүмүүжих боломж олдохгүй. Дээрээс нь өдөрт олсон орлогоороо архи уучихаад агсамнах эцэг, эхийгээ аргадаж, загнаж, айж, уйлсаар бяцхан ухаандаа аль хэдийнэ том хүн шиг сэтгэдэг болчихсоныг Бааска бидэнд ярилаа. 850 төгрөгийн дугуй талхаар биеэ үнэлдэг өсвөр насны охид цөөнгүй байгаа гэсэн сэтгэл өвдөм мэдээг ч дуулгав. Эцэг, эх нь хоёулаа архи уудаг Отгоо гэх хүү хогон дээр амьдардаг гэнэ. Түүнийг гуравхан настай байхад эцэг нь хананд савж зодсоны дараа, эх нь нуруунд нь хутгалаад хогийн цэг дээр хаячихаж. Хаях хаяхдаа нохойтойгоо хамт гинжлээд орхичихсон байжээ. Бодвол мөлхөөд гэртээ харьчихна гэж бодсон бололтой. Савуулснаас болж хөл нь мэдээ алдаж, цустайгаа хутгалдсан тэр хүүг Бааска олоод аварч байжээ. Гинжлүүлсэн хүүгийн зураг нь түүнд одоо хүртэл байдаг гэсэн. Отгоо хүүг тухайн үед нь асрамжийн газар аваачиж өгсөн ч эцэг, эхтэй гэсэн шалтгаанаар буцаагаад өгчихсөн байна. Хүү одоо араатан шиг аав, ээжтэйгээ цуг хогоо түүн амьдарч байгаа гэсэн. Энэ бол ганцхан жишээ. Бяцхан жаалууд насандаа ахадсан зовлон, айдас, хүчирхийлэл дунд амьдарч байгааг энэ жишээ нотолно.

Бид дахин нэг айлаар орлоо. Тэнд дөрвөн настай Мөнхчимэг охин аав, ээж, ахтайгаа амьдардаг. Биднийг оро­ход Мөнхчимэг ээжээрээ үсээ угаалгачихаад сууж байв. 30 орчим насны Зулаа бас л архи уудаг бололтой. Нүүр нь хөөж улайгаад, энд тэндээ цохиулсан шарх олон харагдав. “Манай Зулка ч эрүүлдээ хүн шүү дээ” гэж Бааска цаашлуулах маягаар зэмлээд авав. Мөнхчимэг их ухаантай охин гэнэ. Учир нь тэр Бааскаг Америк руу эмчлүүлэхээр явах болоход энэ хавийн хүүх­дүүд, томчуудаас хандив цуглуулах санааг гаргажээ. Дөрөвхөн настай хүүхдээс гарамгүй ухаан байгаа биз. Бүгдэнгээс нь 5, 10, 20, 30, 50 төгрөг цуглуулсаар 28 мянган төгрөг болгож Бааскад өгсөн байгаа юм. “Би хэзээ ч эд нарыг надад тусална гэж бодож байгаагүй” гэж Мөнхчимэгээр бахархсан сэтгэгдлээ залуу илэрхийллээ. Мөнхчимэгийн ахыг Мөнхзориг гэдэг. Долдугаар ангид сурдаг. Гэвч хичээлдээ өмсөх олигтой хувцас байхгүй учраас сургуульдаа явахгүй байгаа гэнэ. Ангийнхан нь шоолж, доромжлоод байхаар яаж хичээлд суух вэ дээ гэж ээж нь өмөөрөв.

Томоо дахиад л хүрээд иржээ. Ээнээ ч мөн уяагаар тэлээлсэн өмдөө татсаар зогсож байна. Томоог машиндаа суулгахаар боллоо. Баяр­лаж байна гэж жигтэйхэн.

Канадаас ирсэн Жули гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй хамтраад “Нарны хүүхдүүд” нэртэй цэцэрлэг байгуулснаа Бааска үзүүллээ. Энд эцэг эхгүй эсвэл хүчирхийлэл, дарамтанд амьдардаг 40 хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг гэнэ. Одоохондоо 40-өөс илүү хүүхэд авах ямар ч боломжгүй байгаагаа тэр тайлбарласан.

Ингээд бид эхэлж ир­сэн хашааны гадаа буцаж очлоо. Машины бараанаар аль хэдийнэ хүүхдүүд цуглажээ. Хоёр, гурав, дөрвөн настай, дунд ангийн, ахлах ангийн гээд 60 орчим хүүхэд цугласан байлаа.

Тэд долоо хоногтоо хоёр удаа энд цугларч халуун хоол идэж, чацар­ганын жүүс уудаг. Зузаахан куртиктэй явсан би даараад байхад цамц, өмд төдийхөн өмссөн жаалууд ажрах ч үгүй биднийг харж зогсоно. Зарим нь М.Сарнай эгчид тусалж түлээний мод хагалан зөөж байгаа харагдлаа. Хашааны эзэн М.Сарнай эгчийн тухай эхлээд ярих нь зүйтэй байх. Тэр долоо хоног бүрийн бямба, ням гаригт хоёр ээлжээр хооллодог 100 гаруй хүний хоолыг Бааскагийн аваачсан материалаар хийнэ. Зодуулсан, хүчирхийлүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаална, тусална. Ер нь л түүний ажил их. Хоолны газар, түр хоноглох байр, сургалтын өрөө гээд олон янзаар ашигладаг энэ гурван гэрт өрнөх бүхий л явцыг тэр зохицуулдаг гэсэн үг.

Гэхдээ цалингүйгээр. “Намайг байхгүй бол энэ хавийнхан хэцүүдэх юм шиг санагддаг” гэж даруухан ярих тэрээр өөрөө таван хүүхэдтэй гэсэн. Нэг охиноо хогон дээр байхад нь олж, өргөж авчээ. “Согтуу, хөлчүү хүмүүс энүүгээр эргэлдэж зовоохгүй юу. Ядаж л зугтаад ирсэн эхнэр хүүхдийнхээ араас хүрээд ирвэл та ганцаараа яаж хамгаалдаг юм бэ” гэж түүнээс асуухад “Ан­хандаа ч согтуу нөхрөөс нь хамгаалж, гэрт нь хүртэл очоод зодолддог байлаа. Сүүлийн үед гайгүй болсон. Энэ хавийнхан ерөнхийдөө намайг мэд­нэ” гэв. Миний ойлгосноор М.Сарнай эгч Нарангийн энгэрийн “өндөр ээж” юм уу даа. Хог дээр яс түүж цуглуулсан мөнгөөрөө дөрвөн ханатай гэр авч, улмаар Бааскагийн гадаад дахь найзуудын тусламжаар дахин нэг гэртэй болжээ. Хуучин гэртээ хоол хийнэ, хү­мүүсийг хоргодуулна гээд байнга бужигнаж байдаг учраас өөрийнх нь амьдралыг салгаж гэртэй болгох шаардлагатай байж л дээ.

“ХЭРВЭЭ САЙХАН АМЬДАРЧ БАЙВАЛ НЭГНИЙГЭЭ ҮНС”

Ингээд хоол болох хоо­ронд хүүхдүүдийг бөөгнүүлэн харж хандах үүргийг бид хүлээв. “Одоо цаас, үзэг бариад явахгүй шүү. Хүүхдүүдийг саатуулах үндсэн үүргээ хэрэгжүүлээрэй” гэсээр Бааска надад үсээ хоёр боож, даарч, гар нь хүйт даасан гурван настай Цээнээг авчирч тэврүүллээ. Арай томуу­дыг нь тусдаа гэрт цуг­луулж холбооны гишүүн Д.Эрдэнэсүрэн нэхмэлийн хичээл заахаар болов. Эрка тэдэнд малгай, ороолт хэрхэн нэхэх талаар хоёр цагийн сургалт хийхээр ирсэн юм. Харин жижгүүдийг томоотой байлгах үүргийг бид хүлээсэн хэрэг. Энэ үеэр түрүүнээс хойш дуудуулсан хөлбөмбөгийн багийнхан ирцгээлээ. 7-8 дугаар ангид сурдаг Наранбаатар, Батбаатар, Бөмбөөлэй нарын хөв­гүүд энэ хавьдаа л ата­манууд нь гэнэ. Баянхошууны сургуульд хамтдаа явдаг, амралтын өдрөөр ч хамтдаа тоглодог, шаардлага гарвал аав ээжтэйгээ цуг хог руу явдаг. Тэд үеийнхээ зарим хүүхдийг бодвол сургуульд явц­гаадаг юм байна. Гэтэл яг энэ орчимд өмсөх хув­цасгүй, элэглэж дооглуулдаг гэсэн шалтгаанаар сургуульдаа явж чадахгүй 30-40 хүүхэд байгаа гэнэ. Хөвгүүдийг нэхмэлийнхэнтэй ний­лүүлсэнгүй, харин жиж­гүүдийг удирдаж, бидний ажилд туслахыг даалгав.

“Эгч ээ, таныг хэн гэдэг юм бэ. Би танд зураг зурж үзүүлэх үү. Бааска ахад үзүүлж болохгүй шүү. Энэ миний дүү, нэрийг нь Бүүвэй гэдэг юм. Та ямар гоё цүнхтэй юм бэ”. Өвөр дээр ээлжлэн суугаад шулганах жижигхэн жаалууд хэрэндээ л намайг, бас бусад залуусыг булаацалдана. Тэдний дунд Чимгээ гэх охин байна. Дөрвөн настай юм. Тэр хоёр настай дүүгээ тэвэрчээ. Дүүгийнх нь нойр хүрсэн бололтой, өвөр дээр нь унтаад өгөв. “Эгч нь дүүг нь гэр лүү оруулаад орон дээр тавих уу” гэхэд “Сэрээд уйлчихна аа. Би дандаа ингэж унтуулдаг. Тэврээд сууж байя” гэж хэвлүүхэн хэлэв.

Хүүхдүүдийг то­моо­той суулгахын тулд авьяасыг нь үзэхээр бо­лов. Шагналд нь оймс өгнө. Хөлбөмбөгийн ба­­гийн­хан дуулахаар боллоо.

Хорвоо дэндүү сайхан

Хосгүй дээд эх орон минь…  Эх орноо магтан дуулсан, сайхан үгтэй дуугаар Бөмбөөлэй эхлүүллээ. Шагналд нь олон өнгийн сонголттой оймсноос шилж авав. Авьяасаа үзүүлж шагнуулахаар бусад нь ч гараа өргөн шаагилдаад явчихлаа. Манай Томоо ч дутсангүй. Зүтгэсээр байгаад дуулахаар боллоо. “Тусгай салаа” олон ангит киноны жүжигчин Т.Эрдэнэбаярын “Аавдаа” дууг намуухан дуулав. Аавын хайрыг үзээгүй энэ хүү “Аавдаа” дууг сэтгэлээсээ хичээж дуулсан юм. Томоо ээж­тэйгээ хамт энэ ха­шааны буланд байх жижигхэн гэрт амьдардаг. Нарангийн энгэрийн жал­ганд нохой ухсан нүхэнд нэг нэгийгээ тэврээд цагираглан унтаж байхад нь ээж, хүү хоёрыг олсон юм гэнэ лээ. Харж хандах хүнгүй, сэтгэцийн өөрчлөлттэй хоёрыг бусдад нь дээрэлхүүлэхгүй гэсэндээ М.Сарнай эгч дэргэдээ авч, Бааска хөөцөлдсөөр байгаад энэ гэрийг авч өгсөн гэсэн. “Үүр цайх үеэр хоёулаа зэрэг зэрэг өлсөөд байна аа гэж орилоод эхэлнэ. Яг л хоёр хүүхэд шиг байх юм даа” гэж М.Сарнай эгч ярьсан.

Тоглолт үргэлжил­сээр. “Аав аа би өнөөдөр авдар архи авсан даа” гэрийн булангаас хэн нэг нь ингэж дуулаад зэм­лүүлэв. Ингээд сүүлд нь бид хамтдаа “Хэрвээ сайхан амьдарч байвал” дууг дуулахаар боллоо. Бүгдээрээ босч зогсоод хөгжилтэй нь аргагүй дуулав. Сүүлийн бадгийг дуулаад дуустал Наранбаатар хүү тэндээс “Хэрвээ сайхан амьдарч байвал нэгнийгээ үнс” гээд шинэ бадаг нэмчихэв. Бөөн үнсэлдээн, тэврэлдээн.

ХООЛОНДОО

Түрүүнээс хойш хажуу­гийн гэрээс үнэртсэн цуйван бэлэн боллоо. Ижил хэлбэртэй төмөр аяганд хоолоо тэнцүүхэн аягалж, нэг нэг зүсэм талхаар хачирлаад тарааж эхлэв. Гэрт оронгуутаа захын хүүхдээс эхлээд хоолоо тараатал заавал эхлээд дүү нартаа өгдөг юм гэнэ. Ингээд хамгийн жаахнууддаа хоолыг нь өгсний дараа арай томууд нь хоолоо авцгаалаа. Гэдэс нь өлссөн байгаа нь илт харагдавч тэд эмх  замбараатай, цэвэрхэн гэгч нь хооллолоо. Зарим нь өөрийнхөө талхыг найздаа, дүүдээ өгч байгаа харагдав. Ингээд хоолны дараа нэг нэг аяга чацарганы жүүс, нэг нэг ширхэг зайрмаг идээд энэ өдрийн ажил дууслаа. Нэхмэлийнхэн ч сургалтаа дуусав бололтой нөгөө гэрээс гарч ирэв. Эрка тэдэнд малгай, ороолт нэхэх технологийг заагаад бүгдэд нь утас, зүү бэлэглэсэн юм. Хүйтэнд өмсөх малгай ороолтоо өөрсдөө нэхээд өмсчихөж чадах болсондоо охид, эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байгаа нь илт. Ингээд хүүхдүүд гэр гэрийн зүг явцгаалаа. Өнөөх Чимгээ охины дүү сэрээгүй л байна. Бяцхан гартаа нам унтчихсан дүүгээ тэврээд хажуугаар нь өөрийнхөө пальтогоор хучих гэж оролдох түүнийг хараад, туслахаар очтол “Зүгээр ээ эгч ээ, манайх энэ хажууханд би тэврээд явж чадна” гэв. “Чи дүүдээ зайрмаг авсан юм уу” гэтэл “Аль түрүүн аваад малгайнд нь хийчихсэн. Батцэцэгт байгаа” гэж найзыгаа заав. “Баярлалаа эгч ээ. Дахиад ирээрэй. Баяртай” гэсээр жижигхэн гараараа даллан хашаанаас гарцгаалаа. Тэд гэртээ харьж байна. Яагаад ч юм дөнгөж ирсний дараа хөндүүрлэн өвдөж байсан сэтгэл гайгүй болчихжээ. Тэдний амнаас хэцүү байна, эгч ээ , ах аа туслаач гэсэн үг унасангүй. “Аав ажилдаа явчихсан. Ээж гэртээ байгаа. Би сургуульдаа дуртай, цэцэрлэгт явмаар байна. Би англи хэл сурмаар байна. Надад зурах авьяас байгаа шүү. Зургийн хичээл орвол би заавал сууна”. Хүүхдийн хүсэл, мөрөөдөл, гэгээн бодол тэр бүх үгнээс мэдрэгдэнэ.

Сурвалжлагын төгс­гөлийг Далай ламын хэлсэн нэгэн зүйрлэлээр зангидъя. Тэрээр нэгэн удаа томоо гэгч нь тансаг хаустай, хэд хэдээр нь эгнүүлэн тавьсан жийптэй айлд урилгаар очсон гэдэг. Жигтэйхэн сайхан дайлуулж цайлуулсны дараа тэр айлын хэчнээн тансаг, дутах юмгүй амьдарч байгааг Далай лам шагшжээ. Гэвч ариун цэврийн өрөөнд нь ороод шүүгээг нь санамсаргүй нээтэл тайвшруулах, нойрсуулах эм дүүрэн байжээ. Эд мөнгө тансаг амьдралын цар хүрээ ихсэх өргөсөх тусам хүний ой ухаан санаа зоволт, айдас хүйдсээр дүүрдгийн жишээ энэ. Харахад хувцас муутай, нооройсон гэж хэлж болох ч Улаанчулуутын жаалууд итгэл дүүрэн амьдралд тэмүүлж байна. Хэдэн давхар хаус, олон төмөр хүлгүүд амьдралын үнэ цэнэ бус харин хайр, итгэл, тэмүүлэл хэмээх сэтгэлийн хөрөнгө хамгийн үнэтэй гэдгийг Далай багшийн “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёсзүй” но­монд тодоос тод харуулсан байдаг. Хог дагасан амьдрал дунд хүн болохоор тэмүүлж байгаа эдгээр хүүхдүүдэд орчин цагийн хүн төрөлхтөнд дутаад байгаа амьдрах итгэл дүүрэн байна.

 

Б.СОЛОНГО /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих