Э.Эрдэнэжамъянд ял оноосон явдлыг улстөрийн ээлжит хаврын синдром гэв
Анхан шатны шүүхээс ял сонссон Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоотой асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр 11 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАХН-ын зүгээс шүүхээс Хууль зүйн дэд сайдад оноосон улстөрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэрбээр мэдэгдлээ. Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ ч сэтгүүлчдэд дуулгасан юм.
Мөн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад Э.Эрдэнэжамъянг албан тушаалаас нь огцруулах тухай асуудал яригдах ёсгүй гэдгийг онцлов. МАХН-ын удирдлага, гишүүдийн хувьд давж заалдах шатны шүүх биш гэхэд Улсын Дээд шүүхээс Э.Эрдэнэжамъянд оноосон ялыг хүчингүй болгож, түүнийг цагаатгана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Э.Эрдэнэжамъянд ял оноосон явдлыг улстөрийн ээлжит хаврын синдром хэмээн тодотгов.
Дашрамд дурьдахад, АТГ-аас Э.Эрдэнэжамъянд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хууль зүйн дэд сайдыг Интерполд захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж үзсэн байна.
URL: