Монголын сагсан бөмбөгийн холбоо төрийн бус байгууллагуудын хуулийг зөрчиж байна
Хоёр сагсан бөмбөгийн холбоо хагаралтай хэвээр л байна. Гэвч тэд Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит чуулганаар нэгдэхээр шийдсэн ч мөн л нэгдэж чадсангүй. Энэ талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С. Тулгаас ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит чуулганаа хийсэн ч та бүхний дунд үл ойлголцол үүсээд байна. Яагаад нэгдэж чадсангүй вэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбоо манай ууган холбоодын нэг. Гэсэн ч энэ холбоо 20 гаруй жил хурлаа хийгээгүй Монголын төрийн бус байгууллагуудын маш олон хуулийг зөрчиж ирсэн. Дээр нь юм хийе гэсэн залуучуудаа дэмжих биш дардаг. Тиймээс яалт ч үгүй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах шаардлага гарсан.
Энэ хоёр жилийн хугацаанд бид Монголд болж байгаа бүхий л уралдаан тэмцээнийг зохион байгуулж ирлээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны хувьд удирдлага, зохион байгуулалт бүтцийнхээ тал дээр олон хэцүү асуудлуудтай. Саяхан болсон ээлжит чуулганаараа манай үндэсний сагсан бөмбөгийн удирдлагуудыг хамтрая нэгдэе, нийлье гэж урьсан.
Гэсэн хэдий ч энэ хурал анхнаасаа л төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчсөн. Огцорсон удирдлага нь ерөнхийлөгчөө авч хаяад, тэгээд бүх хүмүүс нь эргээд Удирдах зөвлөлдөө орчихсон.
Хоёрт, тэднийх гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага. Тэгсэн хэрнээ танил тал, хамаатан садан гээд сагсан бөмбөгт ямар ч хамаагүй хүмүүсийг гишүүн болгоод тэдэндээ мандат өгөөд өөрсдийгөө сонгоод гараад ирсэн. Энэ мэтээр олон асуудал байсан ч бид үүнийг ойшоогоогүй.
Тэд С.Тулга ерөнхий нарийн бичгийн дарга биш бол, өрсөлдөөд яах юм бэ, та байхгүй бол болж байна. ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг ерөнхийлөгчөөр томилъё, тэгээд нэгдээд сагсан бөмбөгөө хөгжүүлье гэсэн. Тэгвэл болж байна гээд тухайн Удирдах зөвлөл болон Ерөнхийлөгч Ч.Ганхуягтай тохиролцоод бид хуралд оролцсон.
Эрдэнэ сайдыг би өөрийн биеэр авч очсон. Гэтэл энэ хурал эхнээсээ дуустал хууль бус болсон. Бид Иргэдийн шударга шүүхийн Бат-Ялалтыг оруулахын тулд хоёр мандат өгөхөд мөн л түүнийг оруулахгүй хөөж гаргасан. Энэ хүн бол сагсан бөмбөгийн талаар нэлээн мэдлэгтэй, бас сонирхдог.
Түүнчлэн сагсан бөмбөгийг луйвардсан хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэхээс өөр юу гэхэв. Үүнийг манай ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбоо, сагсан бөмбөг сонирхогчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Манай үндэсний сагсан бөмбөгийн холбоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэсэн ч тэдний энэ удаагийн хурал сагсан бөмбөгийн хөгжилд саад болох хэсэг бүлэг хүмүүсийн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл болсон.
-Цаашид ямар зорилго тавьж байна вэ?
-Бид сагсан бөмбөгийг үндэсний хэмжээнд хөгжүүлнэ гэсэн гол зорилготой. Сүүлийн үед хойч үе ирээдүй болсон сагсан бөмбөгчдөдөө маш их анхаарч байгаа. Мөн Азидаа томоохон хэмжээний амжилт үзүүлнэ гэж бодож байгаа.
Нөгөөтэйгүүр орхигдоод байсан эмэгтэй сагсан бөмбөгчид рүүгээ хандана гэх мэтээр бүх талын анхаарлаа төвлөрүүлж ажиллана гэсэн үг. Бид өсвөр үеийн 13,15,18 насны шигшээ багуудаа байгуулсан. Энэ нь Азийн дэлхийн настай уялдаж байгаа юм.
-Одоо ямар тэмцээн зохион байгуулах вэ?
-Спрайт лиг эмэгтэйчүүдийн хамгийн том тэмцээн ч гэсэн сүүлийн үед орхигдоод байгаа. Манай бэлтгэлийн бааз тавдугаар сарын 15-нд Хандгайтад ашиглалтад орох байх. Тэгвэл Инчоны Азийн наадам, Тайванийн оюутны универсиад, мөн долдугаар сард хүүхдүүдээ авч явж Америкийн тэмцээнд оролцох юм.
Эдгээр тэмцээндээ бэлтгэж эхэлнэ. Мөн сагсан бөмбөгийн шигшээ багтай болох зорилго тавин ажиллаж байгаа. Одоогоор албан ёсны бус шигшээ баг байгуулсан. Тэгээд ирэх оноос төсөвт суулгаад бүтэн жилийн бэлтгэл, бүтэн жилийн цалин хангамжтай баг байгуулахаар зорьж ажиллаж байгаа.
-Сагсан бөмбөгийн тамирчдын цалин хангамж ямар байдаг бол?
-Тамирчдын цалин нэг үеэ бодвол маш сайн болсон. Бүр тодруулбал, тамирчдад байр, автомашин авч өгөх хэмжээнд хүрсэн байгаа. Лигийн тамирчид хамгийн бага нь 500 мянга, хамгийн дээд тал нь хоёр сая 300 мянган төгрөгийн цалин авч байгаа. Гэхдээ тэмцээн үргэлжилж байгаа үед цалингаа авдаг.
Харин томоохон клубуудтай гэрээ хийсэн тамирчид бүтэн жилийн цалин хангамжтай явж байгаа. Хандгайт Улаанбаатарын хамгийн өндөр цэг учраас энд бэлтгэл хийх үр дүнтэй байдаг юм.
-Танайх өмнө нь гаднын томоохон тоглогч, шүүгчдийг урьж авчирч байсан. Цаашдаа ч гэсэн гадаад харилцаагаа улам өргөжүүлнэ биз дээ?
-Үндэсний суперлигийн 20 тоглогч, хоёр шүүгч анх удаа ирж ажилласан. Энэ бол дэвшилттэй зүйл болсон. Манай шүүгчид ч гэсэн олон улсын өндөр зэрэглэлийн шүүгч нартай сургалт явуулахад маш их зүйлийг сурсан.
Мөн Америкийн томоохон спортын байгууллагатай хамтран ажиллаж энэ хүрээндээ дасгалжуулагч багш нарыг урьж сургалт семинар явуулна. Түүнээс гадна Германд сагсан бөмбөгөөр төрөлжиж мастер зэрэг хамгаалсан Монголын сайн боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа.
Д.Нэргүй
Эх сурвалж:
URL: