Засгийн газар солигдсон ч Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар улиран ажиллана

527-1396409403Erunhii_saidЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Засгийн газрын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авсан юм.
Иймээс ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх учиртай.
Уг хуулийн төсөл батлагдах, тэр бүү хэл батлагдсан даруйдаа хэрэгжих магадлал өндөр байгаа тул шинээр Засгийн газар байгуулагдах нь бараг л тодорхой болоод байгаа. Учир нь  МАН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Р.Амаржаргал гээд УИХ-ын олонхи нь уг хуулийг дэмжих хэсэгт хамаарна.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлыг хэлэлцэх үед Японд байна, хориг тавихгүй гэсэн  тул шинэ Засгийн газрын бүтцийн тухай асуудал хэдийн яригдаж эхэлжээ.
Юун түрүүнд МАН, АН-ын аль ч фракци Х.Баттулгыг хэрхэвч Ерөнхий сайд болгож болохгүй гэсэн шийдэлд нэгэнт хүрсэн байна.
Харин З.Энхболдыг Ерөнхий сайд болгох хувилбар яригдсан ч мань хүн 2017 оны Ерөнхийлөгчийн  сонгуулийн марафонд өөрийгөө сойх сонирхол илүү байгаа тул татгалзсан сурагтай.
Ийнхүү шинээр байгуулагдах “дан дээлтэй” Засгийн газрыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг улиран толгойлох нь улам бүр тодорхой болж буй аж.
Гэхдээ энэ удаад түүний танхимын шинэ гишүүд нь АН, МАН-ын УИХ-ын гишүүн бус улс төрчид байх юм.

Э.Мягмар sonin


URL:

Сэтгэгдэл бичих