Д.Энхтайван: Ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарсан

527-139641332619059Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайвантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-БНСАУ-д манай улсын дөрвөн иргэн автомашины осолд орж нас барсан мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Осол БНСУ-ын Жүннам дүүрэгт энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр гарсан. Машинд явсан зургаан монгол залуугийн дөрөв нь нас барсан. Харин үдсэн хоёр залуугийн нэг нь эмнэлгээс гарсан. Нөгөө нь мэс засал хийлгэх шаардлагатай учраас хэвтэн эмчлүүлж байна. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.

-Энэтхэгийн циркт гэрээгээр ажиллахаар очсон насанд хүрээгүй хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа талаар нэг хэсэг шуугиад өнгөрсөн. Тэдний асуудал юу болсон бэ?

-Гэрээгээр очсон хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлж байсан гэдэг нь ташаа мэдээлэл байсан. Тэд хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байснаас гадна ажил олгогч нь оршин суух зөвшөөрлийг нь холбогдох байгууллагаас авч өгөөгүйгээс эх орондоо ирж чадахгүй байсан юм билээ. Дели дэх ЭСЯ-наас тухайн үед нь уг асуудлыг зохицуулж хүүхдүүдийг эх оронд нь авчрах арга хэмжээ авсан.

-Манай улсын иргэн Аятунгаагийн охин Тэргэлсарыг эрж хайх ажил ямар шатандаа явна вэ. Ямар нэгэн сураг байна уу?

-Иргэн Т.Аятунгаагийн охин Тэргэлсар Швейцарийн Холбооны Улсад амьдарч байгаа мэдээлэл гуравдугаар сарын эхээр ирсэн. Охины талаарх холбогдох мэдээллийг ээжид нь тухай бүр хүргэж байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Хамгийн сүүлд Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан талийгаач Э-гийн хэрэг юу болж байгаа бол. Танайхаас мэргэжилтэн хамт явсан байх. Малайзын талаас ямар нэгэн мэдэгдэл ирүүлсэн үү?

-Малайзад амь насаа алдсан иргэн Э-гийн хэргийг шалгах явц, шүүх эмнэлгийн дүгнэлтийг ирүүлэх талаар нөгөө талд хүсэлт тавьсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа.

-Малайзад манай улсын иргэд хар тамхины хэрэгт их холбогддог. Одоогоор хэдэн хүн байна вэ?

-Малайзад 2013 оны эхээр манай гурван иргэн хар тамхи хадгалсан хэргээр саатуулсан. Үүний дагуу ГХЯ-ны Консулын газрын удирдлага тус улсад хоёр удаа томилолтоор ажиллаж Малайзын Гадаад харилцааны яам, Цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан. Тэднийг шүүх хурал энэ оны тавдугаар сард болно.

-Манайхыг хар тамхи дамжин өнгөрүүлэх улс боллоо гэдэг. Энэ тал дээр танайх хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манайх хар тамхи дамжин өнгөрүүлэх улс болсон гэдгийг Гадаад харилцааны яамны зүгээс тодорхойлох боломжгүй. Энэ талаар цагдаа, хил гаалийн байгууллага илүү мэдээлэлтэй байх. 2012 онд гадаадын нэг иргэн хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлсэн хэргээр манай улсын шүүхээс ял сонсч одоо ялаа эдэлж байгаа.

-Эрээнд манай охид бүсгүйчүүд биеэ үнэлэх нь газар авлаа гэх юм. Ямар хяналттай ажилладаг вэ?

-БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжинд манай иргэд олноор зорчиж янз бүрийн асуудалд холбогдох нь их. Өнгөрсөн онд 10 гаруй эмэгтэйг биеэ үнэлсэн хэргээр саатуулсан тохиолдол гарсан. Тэднийг захиргааны журмаар баривчлан саатуулсны дараа албадан гаргасан. Энэ оны эхний гуравдугаар сард дөрвөн бүсгүйчүүдийг биеэ үнэлсэн хэргээр саатуулсан мэдээлэл ирээд байна.

ГХЯ-ны Консулын газар нь Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг тухай бүр цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгддэг. Хилийн чанадад биеэ үнэлээд байгаа охид, бүсгүйчүүдэд тавих хяналтын механизм дутмаг, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. Тэдний хилээр орох, гарах эрхийг нь хязгаарлах, хориг тавих гэх мэт хуулиар зохицуулчихсан юм байхгүй.

-Манай улсын иргэд гадаадад гэмт хэрэгт холбогдож, хоригдох цаашлаад цаазлуулах ял хүртэл сонсч байгаа. Одоогоор нийт хэдэн хүн гэмт хэрэгт холбогдоод байна вэ?

-2014 оны эхний улиралд хилийн чанадад 56 хүн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байна. Тэднээс 20 нь хулгайн, найм нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, хилийн дэглэм зөрчсөн, зургаа нь танхай, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам зөрчсөн, дөрвийг нь биеэ үнэлсэн хэргээр саатуулсан байна.

БНХАУ-д 32 , БНТУ-д долоо, БНСУ-д найм , АНУ-д тав, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт тус бүр нэг хүнийг саатуулаад байна. Хилийн чанадад буюу 22 оронд 152 иргэн ял эдэлж байгаагийн 37 нь хар тамхины хэргээр, 72 нь хулгай, 13 нь хүчин, 12 нь хүн амины, ес нь танхай болон дээрмийн хэргээр, үлдсэн нь залилан, авто осол, суугаа орны хууль зөрчсөн хэргээр шүүхээр шийтгүүлэн ял эдэлж байна.

-Ялтан солилцох гэрээг хэдэн улстай байгуулаад байна вэ. Хятадад ял эдэлж байгаа Монголын гурван иргэнийг ялтан солилцох гэрээгээр авчрахаар болсон. Тэд эх орондоо ирсэн үү?

-Манай улс Канад, БНСУ, БНХАУ, БНЭУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан. БНХАУ-д ял эдэлж буй гурав, АНУ-д ял эдэлж буй хоёр, Хонгконгоос нэг, БНСУ-аас гурав, Казахстанаас хоёр иргэнийг шилжүүлэн авах асуудлаар холбогдох санал, бичиг баримтыг хүргүүлэн хариуг нь хүлээж байна. БНХАУ-д ял эдэлж байгаа гурван хүнээ шилжүүлэн авах асуудал удахгүй шийдэх байх гэж найдаж байна.

-Ялтан солилцоогоор Хятадын иргэдийг зөрүүлж явуулна гэж ойлгож болох уу?

-Ялтан шилжүүлэх гэрээнд заасны дагуу л талууд ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулдаг. Түүнээс биш Хятадад ял эдэлж байгаа гурван иргэнийг шилжүүлэн аваад монголд ял эдэлж байгаа хятад иргэдийг айлын талд шилжүүлэн өгнө гэсэн ойлголт байхгүй.

-Гадаадад ял эдэлж байгаа иргэддээ танай зүгээс хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийг Элчин сайдын яамнаас жил бүр эргэж уулздаг. 2013 онд ГХЯ-ны Консулын газрын удирдлага Хайлаар, Хөх хот, Хонгконг, Сингапурт ял эдэлж байгаа иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.

Мөн Бээжин дэх ЭСЯ-ны Консулын хэлтсээс Шинжаанд ял эдэлж байгаа иргэнтэй уулзах ажлыг оны эхээр зохион байгуулсан. Иймэрхүү ажлыг зохион байгуулахад зардал нэлээд шаарддаг. Баталсан төсвийг боломжийн хэрээр дээрх ажлыг гүйцэтгэж байна даа.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих