“Грийн ресурс”-ийнхан ШӨХТГ-ыг гартаа хийчихсэн байх гэв

      Орон сууц тойрсон хэрүүл өдрөөс өдөрт улам л нэмэгдсээр. Хот өргөжин тэлж байгаа гэх хэдий ч хэзээ мөдгүй нураад унах, шавар будгаар гоёчилж, үнэ нь тэнгэрт хандсан оронсууцнууд олширч байгаа нь нийслэлчүүдийн айдас болж буй. Тэр тусмаа “Грийн ресурс” хэмээх компанийн барьсан оронсууцны хорооллын тухай өдөр бүр л мэдээлэл өгч, үүнийг эрх мэдэлтний чихэнд хүргээд өгөөч гэх гуйлт тасрахаа болилоо. Тус компанийн удирдлагуудад хорооллын оршин суугчид гомдол гаргахаар алдаагаа засдаггүй, бараг доог тохуу хийхдээ тулдаг тухай тэд гомдоллосон юм. Тодруулбал, тус орон сууц нь  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Ахмадын хорооллын хойно 88 айлын гурван орон сууц аж. Мэдээлэл өгсөн оршин суунчдын ярьж байгаагаар бол “Бид энэ тухай ШӨХТГ, АТГ-т хандсан ч арга хэмжээ авч өгөхгүй юм. Уг нь бид хүн чанарын үүднээс эхлээд компанийн удирдлагуудад хандаж, учр байдлаа хэлсэн ч үл тоосон. Тэгэхээр арга буюу зохих байгууллагуудад хандлаа. Гэтэл арга хэмжээ авч өгөхгүй чимээ тасарлаа. Магадгүй, энэ компани нь эрх мэдэл бүхий газруудад танил талтай бололтой. Эсвэл мөнгөтэй хүн юу ч хийж иргэдийг хуурч мэхэлж болдог хэрэг үү. Эсвэл Грийн ресурс ШӨХТГ, О.Магнай даргыг гартаа хийчихсэн байх” хэмээсэн юм.

Эдгээр орон сууц нь чанарын хувьд маш муу. Тухайлбал, айлуудын дундын хана нь хоёр нимгэн гипсэн хавтан байна гээд бод. Дундаа хөндий. Айлууд зурагт, гал тогооны хэрэгслээ ханандаа тогтоох гэхэд хөндий учир тогтох аргагүй. Нимгэн хана нь дуу чимээ тусгаарладаггүй тул айлууд хөршийнхөө зурагтаар юу гарч байгааг төвөггүйхэн сонсож болох агаад хэн нэгнийхээ ярьж байгааг ч сонсч болдог аж. Зөвхөн үүгээр ч зогсохгүй лифть нь байнга гацахаас эхлээд амь насанд нь ч заналхийж байгаа учраас “Грийн ресурс”-ийн удирдлагуудад гомдол гаргажээ. Харин тус компанийн удирдлагууд хэлэхдээ “Энэ гипсэн хана нь манай инженерийн шинэ санаачилга ШБОС юм. Харамсалтай нь ийм муу юм болчихлоо” хэмээн хэнэг ч үгүй тайлбар өгч байх юм гэнэ.

Байр худалдаж авсан болон захиалга өгч байранд орсон оршин суугчид хэлэхдээ “Хаалга, цонх, обой, паркет гээд бүгдийг нь 100 айлын халтуурчдын багаар хийлгэсэн учир чанар маш муу” хэмээсэн. Мөн энэ талаар оршин суугчид нь гомдол гаргахаар “Та нарыг хугацаандаа байраа ашиглалтад оруулаач гээд шахаад байхаар нь яараад 100 айлынхнаар хийлгэсэн чинь ийм болчихлоо” гэж захиалагчдаа тохуурхах маягтай ханддаг аж. Гэтэл ийм чанаргүй, амь насанд аюултай халтуурын барилга үйлдвэрлэгч нь Дотоод хэргийн их сургуулийн шинэ барилгыг барих тендерт шалгарсан нь хэний ч гайхлыг төрүүлнэ. Бодоход ар өврийн хаалгаар гүйж, хувь татаас, авилга хээл хахуулиа өгч байж л тендерт шалгарсан байх. Түүнээс биш хэдэн айлын орон сууцыг ийн халтуурдсан компани ийм том сургуулийн барилга босгоно  гэдэгт эргэлзээ төрнө.

“Грийн ресурс” нь чанаргүй барилга барьж хүмүүсийн амь насанд заналхийхээс гадна тэр чигээрээ хууль бус ажиллагаа явуулдаг нь захын жишээнээс харагдана. Дотоод хэргийн их сургуулийн барилгын тендерийг ч хууль бусаар авсан байж таарна. Түүнчлэн өнгөрөгч 2013 онд хятад ажилчдыг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байсан гэх зэргээс ч харж болно. Энэ асуудлаар Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлэх газраас лавлахад “Грийн ресурс” нь хятадаас 25 ажилтан оруулж ирэх гэрээ байгуулсан аж. Гэсэн хэдий ч тус компани нь 172 хятад ажилтан зөвшөөрөлгүй ажиллуулж байсныг бид бүхэн санаж буй. Хулхи хатуурын компанийн захирлаар Ц.Цэсэнзориг гэгч ажилладаг. Тодруулбал, “Грийн ресурс” нь Ц.Цэсэнзоригийн байгуулсан компани бөгөөд тэрээр Нийслэлийн өмчийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ энэ ХК-ийг байгуулсан аж. Хууль бус ажиллагаагаараа холбоотой байдаг нөхдүүдэд хулхи байрнуудаасаа өгч тал зассан гэдгийг ч оршин суугчид хэлдэг. Тиймээс бидэнд өмнө нь хэвлэл мэдээлэлд гарч байсан үндэслэлүүдийг дахин хэвлэж өгөхийг хүссэн юм.

1.Цонхнууд байнга цантаж хөлөрдөг. Ихэнх айлын тагтны хаалга болон цонхны нугасны хэсэгт мөстөж эхэлсэн. Ер нь бүх цонхнууд салхи үлээдэг, Дулаан алдалт ихтэй. Хэмжээ алдсанаас болж зарим айлын цонхны салхивчны нугасаар салхи шууд үлээж, цантаж мөстдөг.

2.Цахилгааны монтаж масстай. Үүний улмаас хэд хэдэн айлын гэрэл нь шатсан.

3.Шалны тэгшилгээг хийлгүй паркетыг шууд шахсан. Шал нь зарим хэсэгтээ гүдгэр. Налуу хэсэгтээ паркет нь хотолздог. Паркетны чанар муу учир ихэнх газраа хөндийрч хөвсийсөн.

4.Айлууд хоорондын тусгаарлах хана хэт нимгэн. Тусгаарлах ханыг  25 см-ын ханаар хийх ёстой атал 12-ын хана өрсөн. Хана нь зарим газраараа гүдгэр, хотгор, муруй.

5.Тагтны хашлага задгай. Уг нь битүү байхаар танилцуулга зурагтаа тусгасан байсан.

6.Гал тогооны плитаны чанар муу. Хэмжээ алдаж хазгай наасан.

7.Шалны гарниз муу хийгдсэн, зарим газраараа ховхорсон.

8.Таазны замазканы тэгшлэгээ муу хийгдсэн.

9.Хятадын чанаргүй паар тавьсан. Анх захиалга өгөхөд танилцуулга дээрээ турк паар тавина гэж захиалагчдаа хуурсан.

10.Бохир, цэвэр усны шугам маш нарийнхан, чанаргүй.

11.Ханын обой үрчгэр, зарим газраа урагдсан.

12.Агааржуулагч муу. Дээд давхрын айлуудад тамхины утаа байнга үнэртдэг. Өрөөнүүд нэлэнхүйдээ агаар муу, бүгчим байдаг.

13.Цонх, таазны амалгаа муу хийгдсэнээс дулаан алдалт их байгаа.

14.Зарим айлын ваннын өрөөнд 15х20 хэмжээтэй, чанаргүй, хаягдал плитаг зүйж маш болхи,хагас дутуу наасан. Мөн шал нь буруу тийшээ налуу.

15.Ванн хэт жижиг. Нүүрний хаалтыг нь хийгээгүй.

16.Лифт ажилалгүй удаж оршин суугчдыг чирэгдүүлсэн буюу одоо ч үе үе гацдаг, амь насанд аюултай.
17.Орцны ханыг гипсэн хавтангаар өнгөлөхдөө амалгаа тор тавилгүй замаскадсанаас болж бүх давхрын хананууд хагарсан.

18.Өрөө хоорондын тусгаарлах хананд гал тогооны хэрэгсэл, зурагт зэргийг өлгөх боломжгүй. Хананд шруп, хадаас тогтоох аргагүй гэх 20 орчим үндэслэлийг бидэнд ирүүлсэн юм.

А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих