Үндсэн хуулиа зөрчсөөр байх уу

c9bca47aebb242a4originalҮндсэн Хуулиа дагаж мөрдснөөс хойш хорин хоёр жил боллоо. Үндсэн Хууль монголын нийгмийн бүхий л талын харилцааны үндсийг тодорхойлсон, хууль зүйн зохицуулалтын өндөр чадамж бүхий дээд хууль болох нь амьдрал дээр нотлогдож байна.
     Сүүлийн үед улс төрийн хүрээнийхний дунд Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Энэ бол Үндсэн хуулинд тусгагдсан тодорхой харилцааны хууль зүйн зохицуулалтын төгөлдөржилтийн асуудал болно. Үүний зэрэгцээгээр Үндсэн Хуулиа агуулгаар нь хэрхэн ойлгож дагаж мөрдөж байна вэ гэдэг асуудал судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Төрийн байгууламжийн дээд түвшинд, тухайлбал Ерөнхийлөгчийн Институт, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаанд “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн Үндсэн Хуулийн заалт хэрхэн зөрчигдөж байгааг цувралаар нийтэлж байна.
Цуврал. Нэг.
2008 оны Улсын Их Хурлын сонгуулиар МАХН-46, АН-27, ИЗН-1, НН-1, /бие даагч-1,/ суудал тус тус авч. МАХН УИХ-д олонхи болов. Парламентын засаглалтай аль ч улс оронд олонхи суудал авсан Нам /эсвэл Эвсэл/ дангаараа Засгийн газраа байгуулж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, сонгогчдын өмнө хариуцлагаа хүлээдэг. Энэ бол засаглалын нийтлэг зарчим мөн.
Манайд ч ялгаагүй. Үндсэн Хуулийн гучин гурав дугаар зүйлийн 1.2/-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг, Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах.” гэж заасан байдаг.
Энэхүү заалтаас хуулийн агуулгаар Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, дангаараа Засгийн газараа байгуулах, аль ч нам, олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Эвслийн Засгийн газар байгуулах нь тов тодорхой байгаа юм.
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах засаглалын хэлбэр Үндсэн хуулинд байхгүй юм.
Ер нь улс төрийн ухаанд намууд хамтарч Засгийн эрх барих ойлголт байдаггүй.
Гэтэл МАХН, АН-ын тухайн үеийн удирдлагууд Хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцож өөрсдийн саналаа намуудын шийдвэр гаргах бүтцийн байгууллагуудаар зөвшөөрүүлж, улмаар Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээрээ дамжуулан Улсын Их Хурлын хууль, тогтоомжуудаар баталгаажуулав. Ийнхүү Үндсэн Хуулийн бус аргаар МАХН, АН хоёр Хамтарсан Засгийн газар байгуулсан билээ.
 Энэ нь нийгэмд доорхи сөрөг үр дагавруудыг үүсгэв. Үүнд: 
1.    МАХН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн сонгогчдын олонхийн сонголтыг хөсөрдүүлж үнэгүйдүүлсэн:
Энэ нь аль нэг намын мөрийн хөтөлбөрийг олонхиороо дэмжлээ ч гэсэн намууд хамтарч Засгийн газраа байгуулж шинэ мөрийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн буруу мэдээллийг нийгэмд өгч сонгогчдын улс төрийн идэвхийг сулруулж болзошгүй юм.
2.    Нийгэмд улс төрийн намуудын нэр хүнд унахад нөлөөлсөн: Энэ нь нэг талаас төрийг хүчгүйдүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулах, нөгөө талаас нийгэм хөгжлийн чиг баримжаагаа алдахад хүргэх талтай юм.
3.    Эрх мэдэл, ажил, албан тушаалаас үл хамааран иргэн бүр хуулийг дээдэлж, хуульд захирагдаж, хуулийн өмнө эрх тэгш байна. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн Хуулийн суурь зарчмуудыг гажуудуулсан: Өмнө олон түмний дунд “Монголын хууль гурав хоног” гэж яригддаг байсан бол одоо “Эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй” гэсэн нийгмийн буруу сэтгэлгээ бүрдэх хандлагатай байгааг анзаарахгүй байж болохгүй юм.
Сонгуулийн нэгэн мөчлөг өнгөрсөн хэдий ч Үндсэн Хуулийн энэхүү зөрчлийг олон түмний сонорт хүргэхдээ доорхи нийтлэг эрх ашгийг эрхэмлэж, иш үндэс болгосон болно. Үүнд: 
1.    Үндсэн хууль ямагт цэвэр тунгалаг байх ёстой. Үндсэн Хуулийн зөрчлийг арилгахад цаг хугацааны хамаарал байж болохгүй. Үндсэн хуулиа зөрчиж болдог байвал хууль цаазат төрийн тухай ярих нь утга учир муутай болно. Үндсэн Хуулийн түүх бичигдэж байна.
2.    Үндсэн Хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийн хуваарилалт хийгдэх, Засгийн газраа байгуулах явдал хойшид жишиг болон давтагдах магадлал хадгалагдаж байж болохгүй.
Үргэлжлэл бий.

URL:

Сэтгэгдэл бичих