Нэг ой нэг сартай О.М охины ээж: Сувилагч миний охины үтрээ рүү лаа хийсэн байсан

19706-26214700Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр очсон нэг ой нэг сартай О.М охиныг хохироосон гэх мэдээллийн дагуу түүний ээж Ч.Отгонбаяр болон тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Оюунбилэг нартай уулзлаа. Болсон явдлын талаар тэд ийн ярьж байна.

Сувилагч миний охины үтрээ рүү лаа хийсэн байсан
Охины ээж Ч.Отгонбаяр  
-Таны охин ямар оноштой эмнэлэгт ирсэн бэ?
-Энэ сарын 27-ны орой уушгины бөглөрөлт, бачууралт гэсэн оноштойгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирсэн.
-Охиныг тань хэн гэдэг эмч үзсэн бэ?
-Ирсэн өдөр хэн гэдэг эмч хүлээж авсныг нь сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт ирсэн өдрөө коридорт хоносон. Охин маань 22:00 цагаас хойш халуурч эхэлсэн л дээ. Би охиноо тэврээд тарианы өрөө рүү очиж, “Хүүхэд халуураад байна” гэсэн. Сувилагч лаа хийнэ гээд  цаанаасаа лаа авч ирсэн. Би охиныхоо нүүрийг өөрийнхөө эгэм рүү харуулаад босоогоор нь тэврээд зогсож байсан юм. Эхлээд н.Мөнхтуяа сувилагч лаа хийх гээд хийж чадаагүй. Тэгснээ намайг “Та хэвтүүлээд тэвэрч бай” гэсэн. Тэгээд лаагаа аймар хүчтэй түлхэж хийсэн. Охин маань хойшоо гэдийгээд уйлсан. Би тэр үед дотроо “Лаа хийхэд хүүхэд тодорхой хэмжээнд хойшоо гэдийдэг л дээ” гэж бодоод анзааралгүй өнгөрсөн.
-Яг юу болсон талаар та тодорхой яриач?  
-Тухайн үед би энэ нь сувилагчийн ажил юм чинь гээд алдаа гаргана гэж огт бодоогүй. Гэтэл тэр сувилагч миний охины үтрээ рүү лаа хийсэн байсан. Түүнийг нь би анзаараагүй. Тэр шөнөжин охины маань халуун буугаагүй, би тэвэрч хоносон юм. Маргааш өглөө нь охиноо бие засуулчихаад дотоожийг нь солих гээд харсан чинь цус болчихсон, эмэгтэйчүүдийн лаа хийсэн үед доошоо цагаан юм гардаг шиг түүнтэй адил зүйл гарсан байсан. Тэгээд сандраад ээжээсээ, бас хажууд хүүхдээ харж байсан эгч нараас асуусан. Тэгээд эмчлэгч эмчид “Охиноос маань цус, цагаан юм гараад эрхтэн нь улайчихсан байна” гээд үзүүлсэн. Охин маань их ханиалгаж байсан болохоор эмч цээжийг нь чагнаад, бусад зүйлийг үзээд л өнгөрсөн. Тэгээд өрөөндөө ороод ажиглаж байтал охинд маань их хөндүүртэй байх шиг санагдсан. Тэгээд би яасан юм бол гэж байнга л бодоод байлаа. Гуравдугаар сарын 29-ний өглөө нь сувилагчаар жижүүр эмчийг дуудуулаад “Манай охиныг үзээд өгөөч. Энэ эрхтэн нь цоорсон юм шиг нүхтэй болоод цус болчихсон байх юм”  гэсэн. Эмч хараад хэдүүлээ амьдардаг юм гэж асуусан. Ээжтэйгээ, охинтойгоо гурвуулаа амьдардаг гэсэн. Юугаар угаадаг вэ гэсэн. Буцалсан усаар угаадаг, шээхээр нь цэвэрлэчихдэг гэсэн. Тэгсэн эмч “За за жаахан урагдаад, гэмтсэн байна. Жаахан харъя” гэсэн. Дараа нь би өрөөнийхөнтэйгөө ярьж суугаад арай үтрээ рүү нь лаа хийчихдэг юм биш биз дээ гэж бодсон.
-Тэгээд та ямар арга хэмжээ авсан бэ?  
-Миний уур маш их хүрсэн. Тэгээд хамгийн сүүлд 27-нд лаа хийлгэснээ санаж байгаа юм чинь гүйж гараад тэр өдөр ямар сувилагч гарлаа, ажил дээрээ хэзээ ирэх бол гэж асуугаад гэрийнхнийгээ дуудсан. Эмч нар ч орж ирж үзсэн. Харчихаад гэмтэх нь гэмтсэн байна гэж хэлсэн. Гэхдээ яг өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор бид тэр оройноо шууд шүүх эмнэлэг дээр очсон. Тэгэхдээ тэр лаа хийсэн сувилагчийг бас нэг сувилагчтай хамт дагуулж явсан. Тэр хариуцлагагүй сувилагч өөрөө бүгдийг сонссон л доо. Яах аргагүй гэмтэл өгчихсөн байна гэдгийг. Хүүхдийн онгон хальс бага зэргийн цоорхой байдаг гэнэ. Гэтэл түүнийг нь гэмтээгээд зогсохгүй яах аргагүй лааг бүр цааш нь  хийчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид гомдол гаргаж, мэдүүлгээ өгсөн.
-Шүүх эмнэлгийнхэн та бүхэнтэй уулзаад юу гэж байх юм?
-Өчигдөр /гуравдугаар сарын 31/ хүлээж авсан байцаагч нь ирж надаас мэдүүлэг авсан.  Бас өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийнх ерөнхий эмч Б.Галсанцэдэн, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Оюунбилэг нар намайг дуудсан уулзсан. Охиныг маань харъя гэхээр нь би үзүүлсэн. Охин маань хавчиганаад хөдлөөд байсан болохоор олигтой харуулахгүй л байсан байх. Гэхдээ л зүгээр сөхөхөд л улайгаад гэмтсэн байгаа нь харагдаж байгаа юм. Тэгээд надаас чи лаа гэж мэдэх үү гэсэн. Тэгэхээр нь би та юу гэж байгаа юм бэ. Хүүхдээ халуурахад нь лаа хийхээ мэднэ ш дээ гэж хэлсэн. Тэгээд лаа хийхэд хүнийг гэмтээх зүйл байна уу гэсэн. Гэрчлэх зүйл байгаа юм уу, яг хийсэн гэдэг нь үнэн юм уу гэхэд нь бид нар шүүх эмнэлэг рүү очоод гомдлоо гаргасан гэж хэлсэн. Гэтэл тэгэх ёсгүй, тийм зүйл байх ёсгүй гэж хэлчихээд үүд рүү алхсан. Тэгэхээр нь би “Та эцэг хүн. Охинтой л байх. Ийм хайхрамжгүй хандаж болох юм уу” гэсэн. Тэгсэн чинь над руу уурлаж, дайрсан. Би чиний хэлж байгааг чинь бичиж байгаа шүү гэж байна лээ. Ингээд намайг дарамтлаад байгаа. Тэгэхээр нь би гэрчлэх газар нь өгчихсөн гэж хэлээд гараад явсан. Байцаагч надаас байцаалт авчихаад эмчилгээ хариуцсан орлогч дарга Ч.Оюунбилэгээс байцаалт авсан. Намайг гадаа хүлээж бай гэсэн юм. Би гадаа нь охиноо тэврээд зогсож байтал Ч.Оюунбилэг эмч “Тийм юм байх ёсгүй, наадах чинь худлаа хэлээд байгаа” гээд намайг их бүдүүлэг хүн гэж хэлэхийг би сонссон. Эмчийг тэгж хэлэхээр нь би явж ороод “Та ч гэсэн ээж хүн. Эх хүн” гэж хэлсэн. Байцаагч намайг та өрөөндөө байж бай гээд гаргасан.
-Хариуцлага алдсан сувилагчтай та уулзсан уу?
-Тэр сувилагч бидэндтэй шүүх эмнэлэгт очиж өөрөө сонссон доо. Бас нэг сувилагчтай сонссон байгаа. Сая сэтгүүлчид тэр сувилагч улаан цайм юм ярьж байна гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт одоо гарчихсан байгаа байлгүй. Би энэ эмнэлгийн ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргад гомдолтой байгаа болохоор тэр гомдлоо бас мэдүүлмээр байна. Эмч нар бүгд миний охины байдлыг ахин дахин харсан шүү дээ. Надаас илүү, хараад л мэдмээр санагдах юм. Нэг ой нэг сартай жаахан охиныг минь ингэж гэмтээчихээд намайг бүдүүлэг хандсан гэж дайраад байгаад нь би гомдолтой байна. Ахыг минь ороод уулзахад тэр орлогч нь борчуудын хүүхдүүдийн боов нь улайчихаад яваад байдаг юм гэж хэлж байна гэсэн. Тэгээд тийм юм байдаг юм аа гэж хэлсэн байгаа юм. Тэр нь одоо юу гэсэн үг юм бэ. Би ойлгохгүй байна.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарна гэж байна вэ?  
-Одоо гарчихсан байгаа гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс орох гэж байна. Эд нар хариуцлагаа хүлээх ёстой. Шүүх эмнэлэг дээр очиход ийм ийм байна гээд процессыг нь яг хэлээд өгч байгаа байхгүй юу. Тэгэхэд ой нэг сартай хүүхдийн онгон хальсыг гэмтээж цус гаргасан буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Та дахиж эмнэлгийн ерөнхий эмч, эмч нартай нь уулзсан уу?
-Уулзаагүй. Эмчлэгч эмчээс нь охиныхоо эмийг бичүүлээд л өнөөдөр эмнэлгээс гарч байна. “Гурван гал” эмнэлэг рүү явах гэж байна даа. Угаасаа шүүх эмнэлгийнх нь дүгнэлт гараад ирэх байлгүй дээ. Би эх хүнийхээ хувьд хариуцлагагүй хандсан энэ хүмүүст заавал хариуцлага тооцуулна л гэж бодож байна.
Онгон хальс нь урагдаад, язарчихсан юм байхгүй
Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Оюунбилэг
-Танайд эмчлүүлж байсан ой нэг сартай охины ээж бидэнд хандсан юм. Юу болоод байгаа талаар та яриач?   
-Асуудлыг заавал ингэж дэвэргэх хэрэггүй ш дээ. Асуудал шийдэгдсэн хойно нь бид мэдээллээ өгнө, уулзах газраа уулзаж болно. Бидэнд одоо мэдээлэл өгөх ямар ч боломж байхгүй. Ямар энэ асуудлыг баталгаажуулж чадсан биш. Манай талаас тийм зүйл болох учиргүй гэж эргэлзээд л байна. Юмыг яаж мэдэх вэ лаа гулгаад хатгачихсан байх вий.  Гэхдээ онгон хальс нь бүтэн гэсэн. Их, бага уруулын тэнд нь л жижигхэн улайлт байсан. Би өөрөө харсан л даа онгон хальс нь урагдаад, язарчихсан юм харагдаагүй ээ.
-Лаа буруу хийсэн гэж буруутгагдаад байгаа н.Мөнхтуяа сувилагч ажиллаж байгаа юу?
-Охины ээж сувилагчийг хоёр, гурван газар очиж зодсоны улмаас тархи нь хөдөлчихсөн ажилдаа явж чадахгүй, бөөлжөөд байгаа гэсэн. Бидэнд ч гэсэн баримт байгаа учир шүүхдэнэ. Яахав тэдний тал ардаа төрийн хамгаалалт сайтай л юм байна лээ. Тийм улсууд ийм сүрхий, эзэрхий байдаг юм уу мэдэхгүй ээ. Зөндөө л зүйл зөрчигдөж байна. Тэрийг ярих цагт нь л яръя. Одоо яриад яах вэ.
-Танай зүгээс шүүхэд хандаад асуудлыг шийдэгдсэний дараа мэдээлэл хийнэ гэж ойлгож болох уу?
-Одоо тэгэхээс өөр яах вэ. Ямар ч баталгаагүй зүйлийн талаар бид одоо ярих боломжгүй.
-Охины ээжийг эмнэлгийн дарга тань дуудаад элдвээр доромжилсон гэж байсан?
-Доромжлоогүй ээ. Дарга түүнтэй уулзаж юу болсон тухай асуусан чинь “Яах юу байх вэ” гээд л өөрөө уурлаад эхэлсэн. Янз бүрийн сэтгэл санааны хямралтай, цочир ууртай хүмүүс байдаг ш дээ. Би тэгж л ойлгосон. Би тийм улсуудтай зөндөө л харьцаж байлаа. Бид нар хүний аргыг олж харьцана уу гэхээс хөөрөөд байхгүй нь тодорхой. Өвдөж ирсэн хүмүүс дандаа л ууртай, уцаартай байдаг. Эмнэлэгт инээгээд ирдэг хүн нэг ч байхгүй ш дээ. Тэгэхээр асуудал шал өөр. Тэд нарын ярьж байгаа шиг тийм зүйл болоогүй. Өчигдөр цагдаа дуудчихсан юм ярьж байсан чинь өрөөнд ороод ирсэн. Тэгснээ “Үгүй тэгж хэлээгүй гээд” л. Би их цочсон. Тэгээд ямар аймар юм бэ гадаа үг чагнаад зогсоод байгаа юм уу. Өрөөндөө очоод байж бай гэж хэлсэн. Бидний зүгээс одоо шийдтэй хариу хэлж чадахгүй нь. Нэгэнтээ ийм асуудал босгож байгаа бол шүүхдэнэ биз. Дараа ярих зүйл зөндөө л байгаа байх. Асуудал яаж шийдэгдэхийг бид харна. Шүүх, цагдаагийнхан хэрхэн ажилладгийг ч харъя.
-Сувилагч одоо гэртээ байгаа юм уу?
-Үгүй ээ. Ир гэж дуудуулаад ирчихсэн явж л байна. Нүдний шил зүүчихсэн байна лээ.  Хамгийн гол нь сувилагчийг зодсон баримтууд нь бидэнд байгаа. Манайх бүх газраа камертай ш дээ.
 эх сурвалж: MNB.MN

URL:

Нэр: ббо Огноо: 31 December 2014

одоо тэгээд нялх амьтаныг гэмтээсэн нь юу ч биш мөртлөө сувилагчаа цохиулсан гэж их санаа нь зовж байгаа болж байнуу ямар эмэгтэй хүн ийм байдаг байнаа өөрийнх нь охин ингэвэл яах бол

Сэтгэгдэл бичих