“Долдугаар сарын 1” хэмээх хар өдөр давтагдах вий

Эдийн засгийн байдал доройтож, тэр хэрээр нийгмийн амьдрал уруудахтай дөрөө харшуулан ард олон, тэдний төлөөлөл тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр арга алга гэх нь огт сайны ёр биш. “Шинэчлэгчид” хэмээгч Засгийн газар өнгөрөгч хоёр жилийн хугацаанд төрийн алба хаагчдыг хоморголон халж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 11 хувь хүртэл бууруулж, өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнийг төрөл тус бүрт нь 15-35 хувиар өсгөн, ам.долларын ханшийг 1800 төгрөгийн босгон дээр авчирсан. Тиймээс ард иргэдийн бухимдал дээд цэгтээ тулж, арга буюу тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэсэн хэрэг биз ээ. “Шинэчлэгчид”-ийн буруутай ажиллагааг дурдаад байвал зөвхөн үүгээр ч зогсохгүй маш олон зүйлийг дурдаж болно.

 a266c8166540aac6original
      Нөгөө талаар өнөөх “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг засаглагчдад юу ч хэлээд нэмэргүй учраас ард түмэн ийн тэмцэхээс ч өөр арга алга. Нийгэм, улстөр, эдийн засгийн байдал нь манайх шиг болчихсон улс орон тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байж сая илааширдаг дэлхий дахины түүх бий. Үүнийг хэрхэвч мартаж болохгүй. Шуудхан хэлэхэд цус урсгаж байж илааршина гэсэн үг. Тиймдээ ч Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн нэгдэж, ард олны үгийг төр засгийн чихэнд чангаас чанга хэлэх нь. Тэдний гол санаа бол УИХ нь Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч, тэдний санаа бодлыг сонсож, чих нь дүлийрсэн Засгийн газрын үйл ажиллагааг хянах аж. Үүнээс өөр сонголт үлдээгүй ард түмний сүүлчийн тэмцэл байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ чих нь дүлийрсэн Засгийн газар, УИХ-ыг ганц нэг жагссан төдий зөөлрүүлчихгүй учраас тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн хэрэг, тэд. Зарим Иргэний хөдөлгөөн “Эх орон байгаль дэлхийгээ хамгаалсан Ц.Мөнхбаяр нарт ямар ч буруу байхгүй. Бид Ц.Мөнхбаярын үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэж байгаагаас харахад бид зөвхөн буун дуу гаргаж, тэсрэх бөмбөг тавиад зогсохгүй шүү гэдгээ шуудхан хэлж байгаа хэрэг болов уу. Энэ мэтээс анзаарч байхад аймшигт “Долдугаар сарын 1” давтагдахгүй  гэх үндэслэл алга.
          Монголын Улсын нэн шинэ үеийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн хар өдөр бол 2008 оны долдугаар сарын 1 гэдэгтэй маргах хүн үгүй. Эль өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, Д.Энхбат, өдгөөгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нар захиалгаар зохион байгуулж, тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдоржийн уухайлснаар тавын таван хүнийхээ аминд хүрч, улсын өмч хөрөнгө сүйдэж байв. Ардчилсан нийгэм байгуулахад ч ийн хүний амь хороож, өмч хөрөнгө сүйдэж байгаагүйг бид мэднэ. Иргэд бүү хэл бусад улстөрийнхөө хүчний үгийг сонсдоггүй, эрх баригчид иргэдийнхээ үгийг сонсохгүй бол аймшигт “Долдугаар сарын 1” давтагдахгүй гэх газар алга.

А.Гал
Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих