УИХ-ын гишүүд хэрвээ бизнес эрхэлдэггүй байсан бол

Монголын хөгжлийг хойш чангааж байгаа зүйл бол яах аргагүй тэдний эрхэлдэг бизнес. Гишүүн хун бизнес эрхэлж болно л доо. Гэхдээ шударгаар бусадтай өрсөлдөж чаддаг байх учиртай.

Харин манайд эсрэгээрээ. Гишүүдийн бизнес цэцэглэж, бусдынх нь уруудаад. Хэн луйвар, булхайгаар бизнесээ урагшлуулж байна, тэр нь гишүүд. Төр хүчгүйдэх нэг шалтгаан нь ч бизнес эрхлэгч УИХ-ын гишүүд болоод буй.

Тэд үнэнч шударгаар бизнес эрхэлдэг байсан бол өнөөдөр Монгол Улс бага ч гэсэн хөгжих байсан биз ээ. Тийм учраас бид “Хэрвээ УИХ-ын гишүүд бизнес эрхэлдэггүй байсан бол” гэсэн буланг хөтлөн явуулах гэж байна. Төрийг хүчгүйдүүлэгч гишүүдийн жишээ олон. Тухайлбал, замыг там болгогч Д.Дамба-Очир.

Дамба-Очир байгаагүй бол дардан замаар явах байлаа

Энэ үгийг түүнд олон хүн хэлэхийг хүссэн байх. Төв аймгийнхан ялангуяа энэ үгийг хэлэх гэхээс хэл нь загатнаж байгаа. Лүнгийн зам ямар болсныг төвийнхөн гэлтгүй түүгээр зорчиж буй олон хүн мэдэх болсон. Там болсон замаар хэдэн ч жил яаж зорчив доо. Молиго Очирын буянаар улаан шороо эргэсэн талаар давхиж, уур унтуугаа багагүй барав даа. Машин тэрэг гэлтгүй хүн малгүй хэцүүдсэн. Улаан шороо боссон хөндийгөөс арга бараад хүн малгүй нутаг сэлгэсэн билээ.

Д.Дамба-Очир гишүүний компани Улаанбаатараас Лүн хүрэх замын тендерийг аваагүй байсан бол хэдэн жил ингэж үйл тамаа эдлэхгүй байсан биз. Анх замын ажил эхлэх үеэр ирэх он гэхэд дардан сайхан замаар сүнгэнүүлээд л Лүн хүрчихнэ гэж олон хүн баярласан. Харамсалтай нь молиго Очирт хулхидуулаад хэдэн жил болсон.

Арай хийж хатуу хучилттай замтай болсон ч нэг жил ч хүрэлгүй энд тэндгүй нүх үүссэн. Сүүлдээ нөгөө нүхнүүдийг нь тойрч явах боломжгүй болсон. Тэр олон нүхээ нөхөж барахаа байгаад бүр яахаа алдсан. Ашгүй энэ жил км гаруй замд дээрээс нь дахин хучилт хийсэн байна лээ. Ямар ч байсан Лүнгийн зам шинэчлэгдэж байна. Гэхдээ чанар нь хэр бол гэхээс яс хавтайх юм.

Хэл амтай хэдэн жил хийсэн зам нь жил хүрэхгүй тараа таниулаад байдаг. Хэрвээ УИХ-ын гишүүний компани энэ замын ажлыг хийгээгүй бол гэсэн асуулт өөрийн эрхгүй гарна. Гишүүн бус жирийн нэг компани тендерт нь ялаад хугацаанд нь замаа өгөөгүй бол яах байсан бол оо. Аль хэдийнэ цагдаа энэ тэр болоод шоронд хийж шонд өлгөсөн байгаа даа. Улсын хэдэн зуун тэрбумыг идэж салхинд хийсгэсэн муу хүн гэж цоллож түүгээрээ цол албан тушаал ахих хүн олон байх байсан биз. Төрийн төмөр нүүр, хууль цааз их амархан үйлчлэх байсан болов уу.

Харин олон жил иргэдийг бухимдуулж, төсвийн хөрөнгөөр тоглож суугаа Д.Дамба-Очир мэт нь төрийн хамгаалалтад тарвалж байх. Уг нь хууль журам иргэн бүрт ижил тэнцүү үйлчилдэг байсан бол өнөөдөр Д.Дамба-Очир гэж хүн төрийн ордонд таахалзаад сууж байхгүйсэн.

Төрийн байгууллага зохих түвшинд ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ буюу. УИХ-ын гишүүний хийж буй бизнест халдаж, зогсоож, торгож чаддаггүй. Жирийн иргэнийхийг бол өдрийн хэд очоод янз бүрээр дарамталж лацдаад явчихдаг.

Өнөөдөр Лүнгийн замыг барьж буй компанид байгаль орчны байцаагч очоод байгальд учруулсан хохирлыг тооцоод нөхөн сэргээлт хийлгэх, учруулсан хохирлыг төлүүлэхээр ямар шаардлага, торгууль тавьсан бол. Замын чанар эдэлгээ тогтоосон норм дүрэмд заасны дагуу хийгдсэн эсэхийг явцын дунд үзэж хянаж байсан болов уу. Бараг л үгүй байх. Тийм зүйл сонсогдоогүй болохоор очиж шалгаж энэ тэр болж байгаагүй гэсэн үг.

Төсвийн мөнгөөр тендер зарласан газраас нь хугацаандаа хийгээгүй гээд дараагийн компанид нь шилжүүлж болоогүй л юм байх даа.

Саяхандаа хотын мэр нийслэлд зам засч буй компаниудыг явган хүний замыг чанартай гүйцэтгээгүй байна гээд тендерийг нь цуцлах үүрэг өгч байсан. Түүн шиг үүргийг өгдөг сайд даргатай ч болохсон доо.

Улаанбаатар Лүнгийн зам хийгээд Дамба-Очиртны компани Монголд муугийн жишээ болоод удлаа. Замын тендер зарлаад төсвийн мөнгөөр олон ажил гүйцэтгүүлж байгаа. Чанар муутай гүйцэтгэчихээд Д.Дамба-Очиртой барьцаад хэвтчихвэл яах вэ. Зам чинь муу байнаа гэхлээр Дамба-Очирынхоо тавьсан замыг очоод хар. Харин ч бидний хийсэн зам түүнээс дээр гэвэл юу хэлэх болж байна. Нүдээ аниад авлаа гэхэд дараа жил нь хагарч цуураад олон нүх үүсвэл яах вэ. Хариуцлага тооцъё гэхлээр урдаас чинь “Тэгвэл тэр Лүнгийн зам манай барьсан зам хоёрынхоо нүх, нөхөөсийг тоолоод үз. Биднийх бага байгаа” гэвэл хэцүүеэ.

Төрийн өмнөөс хяналт хийж буй эрхмүүд баруун чиглэлийн гол зам болсон Лүнгийн хэцүү замыг ямар байдалтай тавигдаж буйг нэг очоод хараасай билээ. Зүүн чиглэлийн Багануураас Хэнтий орох зам ямар тавигдсан гэдэгтэй нэг харьцуулаад хараасай. Энэ хоёр замын аль нь хэдэн нөхөөстэй байгааг тоолоход л чанар нь харагдах вий. Хол гэвэл Лүнгээс Эрдэнэсант хүртэлх замтай харьцуулаад үзэж болно. Тэнгэр газар шиг ялгаа бий.

Муугийн жишээ, хэмжүүр болоод буй ийм зам, замыг тавьж буй молиго “Очир” компани олон бүү төрөөсэй.

Б.Дөлгөөн http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих