Генерал Б.Билэгтийг шалгуулах нь баттай мэдээлэл биш гэв
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газарт шалгуулахаар хүсэлт гаргасан талаар зарим мэдээллийн хэрэгслээр гарчээ.
Үүнтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатараас тодруулахад, одоогоор энэ тухай ямар нэг мэдээлэл алга байна гэлээ. Мөн Хууль зүйн яамны албаны эх сурвалжаас тодруулбал “Хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан ёсоор хүсэлт гаргасан талаар мэдээлэл алга. Өдөр тутмын нэр бүхий сонинд энэ талаар мэдээлсэн байсан. Гэвч сайд өөрөө албан ёсоор мэдэгдээгүй учир баттай мэдээлэл биш” гэлээ.
Гүйцэтгэх ажлын тухай хуульд, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга хэрэгсэл ашиглан, явуулж байгаа мэдээ мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах шалгах үйл ажиллагааг нэрлэнэ гэжээ.
Б.Гантуяа МОНЦАМЭ
URL: