Дөрөвхөн мянган төгрөгийн төлөө хойд эцгээ хөнөөжээ

Цагдаагийн нэгэн томоохон дарга “Ойрын жилүүдэд эрүүгийн нөхцөл байдал улам хүнд болно” хэмээн хэлэхийг сонсоод гайхаж билээ. Энэ өдрөөс хойш арваад жил өнгөрчээ. Эргээд харахад үнэхээр тийм байж. Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэг хэдэн ч удаа  гарав даа. Бараг тоймоо алдаж байх шиг байна.

Саяхан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Б.Батхүү гэгчийн хүний амь хөнөөсөн хэргийг хэлэлцэж шийдэв. Урьд нь анхан шатны шүүхээс  түүнд 12 жилийн хорих ял оноосон байлаа. Талийгаачийн ах дүү нар харин дээд шатны шүүх, прокурорт гомдол гаргахдаа “Сонгинохайрхан дүүргийн шүүх түүний хэргийг хэтэрхий хөнгөн хуудамгай шийдлээ” гэжээ. Харин давах шатанд энэхүү гомдлыг Нийслэлийн шүүгчид анхаарч үзээд Б.Батхүүг 20 жил чанга дэглэмтэй хорих ангид хорьж шийтгэхээр болжээ.

Б.Батхүүгийн  гарт амиа алдсан талийгаачийг Н.Нямжав гэдэг аж. Цэргийн сургууль төгссөн, бэлтгэл офицер. Хань ижилгүй ганцаар олон жил амьдарч, зургаан жилийн өмнөөс хоёр хүүхэдтэй, Г.Дарьсүрэн гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн байв. Арваад настай хоёр хүүхэд, тодорхой эрхэлсэн ажилгүй эхнэрээ тэжээх гэж тэр их л зүдэрч явжээ. Тэгээд сүүлдээ амьтан ах дүү нарынхаа дэмжлэгтэйгээр Баянхошуунд нэгэн жижиг дэлгүүр түрээслэн амь зуух болсон байлаа.  Гэвч эхнэр нь архи их уудаг болж, хоёр хүүхэд нь ч мөн ялгаагүй, архитай нөхөрлөж өсөх юм гэж Н.Нямжав төсөөлөөгүй явж.  Хүү Б.Батхүү нь сүүлдээ өдөр бүхэн шахам согтуу ирнэ. Тэгээд Н.Нямжавт арсарч, мөнгө нэхэн дарамтдалдаг, өгөхгүй бол зодох гэж дайрдаг болжээ. Ийнхүү өдөр хоног өнгөрсөөр…

Ер архи хэрэглэдэггүй Н.Нямжав  тэр  шөнө яагаад ч юм бүү мэд архи ууж согтоод унтаад өгчээ. Гаднаас халамцуу орж ирсэн хүү Б.Батхүү нь  урьдын адил архины мөнгө өгөхийг шаардаж сэрээхэд  тэр  согтуу нь бүрэн гараагүй, эсэргүүцэх  чадваргүй байсан гэдэг. Хүүд таксины болон архиных нь мөнгийг өгөхгүй гэхэд  түүний хөл, эрүү, нүүр ам руу  хүчтэй цохиж байснаа гэнэт ухасхийн том гэгчийн балиус шүүрч аваад,  цээж рүү нь дөрөв удаа хутгалан алжээ.

Эрүүгийн цагдаагийнхан Б.Батхүүг маргааш нь Нарантуул захын дэргэдээс олж баривчилахад тэр хэргээ шууд хүлээсэн байна.  Гэхдээ мөрдөн байцаалт, шүүх ажиллагааны явцад өмгөөлөгч Х.Даваасүрэн гэгчтэй үгсэж, шүүх эмнэлэгийн дүгнэлтийн эсрэг худал мэдүүлгүүдийг өгч амжсан байлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр болсон  хурал дээр С.Аюушжавын даргалсан шүүх бүрэлдэхүүн Х.Даваасүрэн  нарын “Талийгаачийг хоёр удаа хутгалсан” гэж худал мэлзэхэд мэхлэгдсэн гэвэл арай хэтрүүлэл болж магадгүй.  Гэхдээ хэргийн материалаас харахад яг ийм сэтгэгдэл төрөхөөр  байгаа юм.

Эхнэр  Г.Дарьсүрэн нь тэр шөнө гэртээ байжээ. Тэр мэдүүлэгтээ “…Би шөнө 01 цагийн үед нэг хүн хашааны хаалга цохиход  гарч тайлж  өгсөн чинь хүү маань согтуу зогсож байсан.  Бид нараас тэр таксины 4 мянган төгрөг өг гэхээр нь би уурлаад загнасан. Талийгаач нөхөр минь ч мөн түүнийг загнасан. Тэгээд би гэрт орж, нөгөө өрөөндөө хэвтэж байтал талийгаачийн “Хөгшөөн”  гэж хэлээд хоолойгоо  хоржигнуулах чимээ гаргахаар нь гүйж очтол шалан дээр цусаа гоожуулаад хэвтэж байсан…” гэх мэтээр ярьжээ. Тэгвэл талийгаачийн төрсөн ах Н.Чимэд гомдолдоо “..Би 2013 оны 7 сарын 25-ны өглөө 6 цагт дүүгээ нас барсныг мэдсэн. Хэрэг гарсан цаг хугацааг Дарьсүрэн, Батхүү нар худал мэдүүлсэн. Тухайн орой 18 цагт Батхүүг би согтуу ирээд маргалдаад байна гэж сонссон. Тэд талийгаачид эмнэлэгийн анхны тусламж үзүүлээгүй. Дарьсүрэн ч бас согтуу байсан гэж бодож байна” гэжээ.

Нийслэлийн прокуророос Б.Батхүү нь талийгаачийн  биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, өс хонзонгийн улмаас онц хэрцгийгээр алсан гэж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүх хуралд оруулсан юм билээ.  Гэтэл  шүүгчид нь  зөвхөн 91.1-д зааснаар ялласанд талийгаачийн ах Н.Чимэд нар гомдолтой байх нь  аргагүй юм.   Алуурчин Б.Батхүү,  түүний эгч Б.Буянхишиг  хоёрыг талийгаач  төрсөн үр шигээ хайрлаж, юу байгаагаа зориулдаг байсан тухай ах дүү, төрөл төрөгсөдөөс прокурорт  хандсан өргөлдөө бичсэн байлаа. Харамсалтай нь тэд хойд эцгийн хайрыг даасангүй. Хамаг  мөнгөө шавхан байж Б.Буянхишиг охиныг сувилагчийн сургуульд оруулахад удалгүй сургуулиа хаяжээ. Танил  талаа аргадаж  гүйсээр   ажилд  оруултал бас л  хаяад хөдөө явчихсан байв.  Тэгээд эцэст нь тэр шөнө дэргэдээ Б.Батцэвээн гэдэг  залууг  авчраад хонож өнжихдөө  хойд эцгээ нохойн гөлөгнөөс ч дорд үзэж, болсон явдлыг санаатайгаар худал мэдүүлэхийг оролдож байжээ.  Энд бас хамгийн сонирхолтой нь хөндлөнгийн гэрч болох Б.Батцэвээнийг  шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэдүүлэг ч өгүүлээгүй.  Өөрөөр хэлбэл, талийгаачийг алсан Б.Батхүү нь ээж, эгч нартайгаа  хуйвалдан  хэргээ аль болох хөнгөлөх  бүх  аргыг  сүвэгчилж байжээ.  Тэд талийгаачийн гар утсыг олоогүй гэж хэлдэг. Энүүн шиг худлаа юм бас үгүй.  Гар утсыг олоогүй  хэрнээ хэтэвчийг нь гадаа хашааны үүд хавилдуу аваачиж хаясан нь шалгалтаар тогтоогджээ.

Хэргийн газрын иймэрхүү зөрчилтэй олон мэдүүлгүүдээс талийгаачийн ах Н.Чимэд нар нэгэн ноцтой дүгнэлт хийхэд хүрсэн байлаа. Хэрвээ Б.Батхүү нь ээж, эгч нартайгаа хамтраад тэр шөнө боломж олдсон бол талийгаачийн цогцосыг хаа нэг газарт аваачин булж, ул мөрөө баллах байсан ч байж мэдэх юм гэсэн  дүгнэлт, таамаглалаа   шүүх хуралд тодорхой  хэлжээ.

Энэ оны гуравдугаар сарын 17-нд болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаар  аз болоход прокурор н.Гантулгын анх  үйлдсэн ялын дүгнэлт буюу эрүүгийн хуулийн   91.2.3, 91.2.12, 91.2.15-д заасныг үндэслэн Б.Батхүүгийн ялыг   20 жил чанга дэглэмтэй хорих ангид хохироор өөрчилсөнд талийгаачийн  ах дүү нар “Энэ бол гэмт этгээдэд  яг таарч тохирсон шийтгэл” гэж буй ажээ.

Б.Отгонбаяр

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих