Мьянмарын сэтгүүлчид эрх баригч намын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад туршлага судлахаар ирсэн Мьянмарын сэтгүүлчдийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Мьянмарын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ардчиллын үнэ цэнэ” сэдэвт илтгэл тавьж, Ардчилсан хувьсгал хийгээд Ардчилсан намын үүсэл хөгжлийн талаар танилцуулсан юм.
Сэтгүүлчдийн хувьд Монголд улс төрийн намууд хэрхэн, ямар байдлаар санхүүждэг, улс төрийн сонгуулийн явц ямар байдаг зэргийг сонирхон асууж санал бодлоо солилцов. Мьянмар улсын сэтгүүлчдийн хувьд манай улсад тав хоног саатах бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын ардчиллын үйл хэргээс суралцаж, харилцан туршлага судлах аж. Монголд ирсэн сэтгүүлчдийн багт тус улсын хэвлэл мэдээллийн 23 байгууллагын 24 сэтгүүлч багтжээ.
Н.Туяа МОНЦАМЭ
URL: