Тендер сунжруулсан компанийг шүүхэд шилжүүлнэ
Эрчим хүчний сайд М.Сономпил орон нутаг дахь томилолтынхоо хүрээнд Баянхонгор аймагт ажиллалаа. Төрөөс зарласан тендерт оролцож шалгарсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн гурван сум өчигдөр төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй байна. Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас хойш хоёр жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа Ойгон нуур компаниас ЭХЯ гэрээгээ цуцалж, үлдсэн ажлыг нь төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэхээр болсон тухай Эрчим хүчний сайд М.Сономпил Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ албан ёсоор мэдэгдлээ.
Анх Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Шинэжинст сум хүртэлх эрчим хүч дамжуулах агаарын шугам тавих ажлыг гүйцэтгэхээр Ойгон нуур компани 2012 оны долдугаар сард Засгийн газартай гэрээ байгуулсан юм. Харин Шинэжинстээс цааш нь салаалж Баянцагаан, Баян-Өндөр сум хүртэлх шугамыг Энергостар компани гүйцэтгэхээр болсон байна. Энергостар компани гэрээнд заагдсан үүргээ цаг хугацаанд нь биелүүлж ажиллаж байгаа. Гэтэл Шинэжинст суманд ирэх шугам нь ирэлгүй өдийг хүртэл сунжирч байгаагаас энэ гурван сум одоо хүртэл төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ойгон нуур компанид ЭХЯ-аас удаа дараа шаардлага тавьж үйл ажиллагаанд нь хяналт тавьж байсан. Гэтэл тус компани шаардлагатай санхүүжилтийг цаг хугацаанд нь авч байсан хэрнээ өөр зориулалтын бусаар ашиглаж байсан нь тогтоогдсон юм. Иймд Ойгон нуур компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаагаа Эрчим хүчний сайд мэдэгдлээ.
Ойгон нуур компанийн сунжруулж байсан ажлыг цаашид шилжүүлэн авч 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүргийг Эрчим хүчний сайд М.Сономпил Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК-ний захирал Ч.Баттуяа нарт өглөө.
Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Тиймээс цаашид энэ салбарын ажилд хариуцлагагүй хандсан ААН-д хатуу хариуцлага тооцож ажиллана гэж Эрчим хүчний сайд М.Сономпил мэдэгдлээ.
URL: